БНСУ-д зорчиж буй Монгол Улсын иргэд оршин суух хугацаагаа шалгалгүй хэтрүүлснээр хууль бусаар оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байгааг Монголоос тус улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Учир нь визийн хүчинтэй хугацаа нь хилээр нэвтэрсний дараах зөвшөөрсөн оршин суух хугацаатай ижил байдаггүй аж. Өөрөөр хэлбэл, тус улсын хилээр нэвтрэх үед шалган нэвтрүүлэх ажилтан тухайн иргэний оршин суух буюу буцах эцсийн хугацааг паспорт дээр нь тэмдэглэдэг. Хэрэв эл зөвшөөрсөн хугацаанаас хэтрүүлбэл БНСУ-ын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөнд тооцож, торгууль төлөх, цаашид тус улсад нэвтрэх эрхийг хязгаарлах эрсдэлтэйг Элчин сайдын яамнаас анхааруулав.
Иймд иргэдийг БНСУ-ын Цагаачлалын албаны цахим систем болох www.hikorea.go.kr цахим хуудсанд нэвтэрч, Expiry date check цэсээр оршин суух хугацаагаа тогтмол шалгаж байхыг дээрх байгууллагынхан зөвлөлөө.
У.Цэцэг