ГБХНХЯ-наас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх, ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зорилгоор иргэд, олон нийтээс орчны эрсдэлийн мэдээллийг нэгдсэн системээр дамжуулан хүлээн авч эхэллээ. Иргэн таны орчин тойронд хүүхдийн эрх, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэл байгаа бол Эрсдэл, аюулгүй орчны хяналт, үнэлгээний heatmap.longbinarycity.com цахим хуудсаар мэдээллээ бүртгүүлээрэй. Мөн хүүхэдтэйгээ тоглож наадах, ярилцах, ном унших, суралцах, салхинд гарах зэрэг үр бүтээлтэй, чанартай цагийг хамтдаа өнгөрүүлж буй бодит зураг, бичлэгээ ч хуваалцаж, “За бол заавал хийе” аянд нэгдэн, бусдад эерэг үлгэр дуурайл үзүүлэх боломжтой.
Хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Хамтдаа шалгая, хамгаалъя” аяныг энэ онд гурав дахь жилдээ орон даяар зохион байгуулсан. Үүний хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул, эрсдэл учруулж болзошгүй 1407 цэг улсын хэмжээнд байгааг тодорхойлж, гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулаад буй. Тэгвэл дээрх системд орчны эрсдэлийн нэгдсэн сан бүрдүүлж, тэдгээр аюултай цэгийг шуурхай арилгаж, үүнийгээ “өмнө ба дараа” гэсэн харьцуулсан хэлбэрээр он, сар, өдөр, гэрэл зургийн хамт баталгаажуулан олон нийтэд тайлагнах юм.
М.Гэгээ