УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаад, ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд товлов. Үүгээр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Мэдээж он цагийн дарааллаар асуудлаа ярих ёстой. Эхлээд энэ оны төсвөө, дараа нь ирэх жилийнхийг шүүнэ. УИХ-ын дарга С.Бямбацогтын мэдээлснээр тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг л ээлжит бусаар хийж амжих нь. Улмаар уг чуулганаа хаагаад, ээлжитээ нээж, үргэлжлүүлэн ярих аж. Засгийн газраас хоёр долоо хоногийн өмнө Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Мөн сөрөг хүчин үүнийг ээлжит бус чуулган зарлаж, яаралтай хэлэлцэхийг шаардсан нь ийнхүү биеллээ олох нь. Төсвийн орлого 2.4 их наяд төгрөгөөр тасарч, инфляц долоодугаар сарын байдлаар 13 хувьд хүрсэн учраас “засвар” хийхээс аргагүй нөхцөл үүсээд буй. Тиймээс ирэх даваа гаргаас парламент ажилдаа орохоор болж байна.
Ээлжит чуулган 15-нд эхлэх хуваарьтай тул залгаад хуралдана гэсэн үг. Ерөнхий сайд шүүмжлэл дагуулсан 2027 оны төсвийн төслийг өргөн барьчхаад өөрөө ОХУ-д ажиллахаар явчихлаа. Тэр зуурт нь сөрөг хүчнийхэн төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслөө уншиж, ажил хэрэгчээр шүүмжилж, засахаар бэлтгэж буй гэж найдна. Мөн улс төрийн өөр “шоу” ээлжит бус чуулгантай зэрэгцээд өрнөх нь.
ЗАРЛАГА, АЛДАГДЛЫГ НЭГ ИХ НАЯДААР НЭМЖЭЭ
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тодотгохдоо Засгийн газар “Төр бүсээ чангалж байна” хэмээсэн юм. Сайд нарын багцаас 433.4, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 785, хөрөнгийн зардлаас 250 тэрбум, нийт 1.4 их наяд төгрөг хэмнэнэ гэж буй. Үүнийгээ зөрүүлээд ахмадуудын тэтгэвэр, багш, эмч нарын болон төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэхэд зарцуулна. Үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалж, орлогыг нь нэмж байна хэмээн Ерөнхий сайд тайлбарласан. Ахмадуудын тэтгэвэрт 196.3, багш, эмч нарын цалинд 674.5, төрийн үйлчилгээний албан хаагч дын цалинг суурь түвшнээс 50 хувиар өсгөхөд зориулж 166.3 тэрбум төгрөг тус тус зарцуулна. Өнөөх хэмнэсэн гэх мөнгөнийхөө нэг их наядыг нь цалин, тэтгэврийн нэмэгдэлд зориулах аж. Үлдсэн мөнгийг нь хүнсний ногоо нөөцлөх, шатахууны агуулах сав барих, цахилгаан станцаа засаж, додомдоход зарцуулна гэсэн.
Тодотголын төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дүнг өөрчлөөгүй. Батлагдсанаараа буюу 31.9 их наяд хэвээр байгаа. Харин зарлагыг нэг их наядаар нэмж, 34 болгосон юм. Тиймээс алдагдлын хэмжээ ч ийм тоогоор өсөж, ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж буй. Орон нутгийн төсвийн урьд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээж, төсвийн зардал болон алдагдлын дүнг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээ төсөл өргөн мэдүүлэхдээ Засгийн газрын тэргүүн тайлбарлажээ. Нэг их наядын алдагдлыг гадаадын зээлээр санхүүжүүлж, нөхөхөөр төлөвлөсөн юм билээ. Тэгэхээр үнэн хэрэгтээ юуг ч хэмнээгүй, харин ч нэмсэн байна. Гагцхүү “тогоон дотроо” зарим хөдөлгөөн л хийсэн. Үүнийгээ “Төр бүсээ чангалж, иргэдийнхээ орлогыг хамгааллаа” гэдэг пиараар халхалж буй аж. Засгийн газар бүтцээ цомхотгоогүй, үр ашиггүй зарим төсөл, хөтөлбөрөө ч цэгцлээгүй.
Гэтэл нөгөө талд төсвийн орлого 2.4 их наяд төгрөгөөр тасарчхаад байна. Засгийн газрын өргөн барьсан тодотгол нь орлогын эл дутагдлыг яаж нөхөхтэй бараг хамаагүй гэхэд болно. Гагцхүү иргэдэд таалагдах зохицуулалт, ээлжит гоё үгсээр халхавчилж байгаа аж. Тасарч буй орлогоо яах нь ч тодорхойгүй, оны эцэст “учир нь олдоно” гэсэн бүрхэг найдлага тавиад “хаяч хаж”. Сөрөг хүчин ч, эдийн засагчид ч үүнд анхаарлаа хандуулж байна.
СӨРӨГ ХҮЧИН БАРЬЦАА ЛАВШРУУЛНА
Н.Учралын танхим энэ оны төсвийн тодотголыг ч, ирэх оны төсвийг ч боловсруулахдаа ийнхүү нэг л хийсвэр, нүд хуурсан байдлаар ханджээ. Иргэдэд таалагдах, санал татахад төвлөрч, ирэх онд болох сонгуульд л анхаарсан байх юм. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байтал ээлжит нь залгана. Энэ үеэр 2027 оны улсын төсвийг шүүн батлах учиртай. Гэтэл ирэх оны төсвийн орлого, зарлагыг аваагүй байгаа ногдол ашигтаа найдаад огцом арав орчим их наядаар өсгөөд оруулаад ирчихэв.
УИХ дахь АН-ын бүлгийнхэн Н.Учралын танхимыг огцруулах саналаа өргөн барихаар алгаа үрээд хүлээж буй нөхцөлд Засгийн газрын тэргүүн ийнхүү хөнгөн хандаж, унах нүхээ өөрөө бэлдээд байх шиг. Сөрөг хүчинд бол энэ нь боломж юм. Тэдний хувьд Н.Учралыг огцруулах шалтгаан нь нэмэгдэж байна.
АН-ынхны хувьд ирэх сонгуулийн бэлтгэлдээ хэдийн оржээ. Тус намаас “Өөрчилье, бүтээе” хэмээх үндэсний хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 24-нд эхлүүлсэн. Эдүгээ дүүрэг, аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзан, санал сонсож яваа юм. Ард иргэдийн амьдрал бодит байдалд хүнд байна, үнийн өсөлт, татварын дарамт, эрх баригч намын тооцоо, судалгаагүй шийдвэр яаж зүдрээж байгааг “судалж” буй. МАН сүүлийн 10 жил эрх бариад өөрчлөлт хийж чадсангүй, харин АН чадна гэсэн мессежийг тэд үүгээрээ өгөхийг зорьжээ. МАН эрх барьсан он жилүүдэд иргэдийн амьдрал улам муудсан, аж ахуйн нэгжүүд татварын дарамт дороос босож ирэхгүй, жижиг, дунд үйлдвэрүүд түрүүчээсээ хаалгаа барьсаар буй нь нууц биш. Тиймээс ч сөрөг хүчин үүнийг онцолж, өөрчлөлтийн шинэ давлагаа эхлүүллээ хэмээн мэдэгдэв.
доо тэд Засгийн газрыг огцруулах улс төрийн ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж байна. Сөрөг хүчний хувьд энэ бол хэвийн үзэгдэл. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “хөөгдсөн”өөс хойш АН-ынхан гүйцэтгэх засаглалыг огцруулах тухай сураг чимээгээр улс төр хийдэг болсон юм. 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр тэд Г.Занданшатарыг дэд сайд нараа цомхотгохыг шаардаж, биелүүлэхгүй бол огцруулах санал оруулна гэж мэдэгдэж байв. Ингээд гарын үсэг цуглуулж эхэлсэн ч УИХ-д саналаа өргөн барихгүй, МАН-ын бүлэгт өгч “тойрч гүйсээр” чуулган завсарласан. Тэгсхийгээд уг асуудал ч бүдгэрсэн, эрх баригчид өөрсдөө танхимаа огцруулсан. Мөн энэ оны намрын чуулганы төгсгөлд Н.Учралын танхимыг огцруулахаар гарын үсэг цуглуулж буйгаа мэдэгдсэн юм. Харин ажил хэрэг болгохоо бас л хойшлуулсаар өнөөдрийг хүрчээ. Ярьснаа ажил хэрэг болгодоггүй учраас л үүнийг улс орноо бодсон бодит алхам гэхээс илүү улстөржих арга гэж хардаж буй. Тэр бүрд АН өөр ямар нэгэн эрх ашиг, тохиролцоо хүсэж байна, Засгийн газарт орох нь гэсэн мэдээлэл, таамаглал дагалддаг. Энэ удаа тэд Н.Учралыг огцруулах саналаа яг өргөн барина л гэж байна. Үнийн хөөрөгдөл, иргэдийн туйлдал хэрээс хэтэрч буй ч сөрөг хүчин үнэхээр хариуцлага тооцъё гэв үү, өөр хүсэл, ашиг сонирхлын төлөө ээлжит хоосон улс төрөө хийх үү гэдэг асуулт үлдэнэ.
УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүнээс энэ удаа 41 нь Н.Учралд хариуцлага тооцох нь зөв хэмээн гарын үсгээ зурсан. Харин тунаж үлдсэн Ч.Лодойсамбуу гишүүн “Засгийн газрыг огцруулах УИХ дахь бүлгийн албан ёсны шийдвэр гараагүй. Тиймээс гишүүд өөрсдийн байр сууриа дагана. Миний хувьд АН монголчуудын хүсэж буйн дагуу төр түшдэг, бодлогын нам байх ёстой. Түүнээс юм л бол огцор гээд байж болохгүй. Одоогийн Засгийн газрыг мундаг гэж буй юм биш ч муу болгохгүйн тулд ажиллах нь АН-ын үүрэг. Н.Учрал муу юм бол МАН-ын бусад 67 гишүүнээс хэнийг нь Ерөнхий сайд болгох юм, хэн нь сайн юм. Б.Жавхлан юм уу, С.Амарсайхан уу. Юу нь муудсан, хэн нь үүнийг сайжруулах вэ. Сөрөг хүчин гээд л улс төр хийгээд байж болохгүй. Бид улс төр хийх гэж тангараг өргөөгүй” хэмээн ярьсан.
Ямартай ч ээлжит бус чуулган ирэх долоо хоногт эхлэхээр боллоо. Төсвийн тодотгол тойрон тоо бодож, үүнтэй зэрэгцүүлээд Н.Учралын Засгийн газрыг огцруулах, эсэх улс төрийн “шоу” ч өрнөх нь.