Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл өчигдрөөс эхлэв. Энэ удаад өмнөх бүртгэлээс хоцорсон, оршин суух хаягийн зөрчлөө арилгуулсан болон шилжилт хөдөлгөөн хийлгэсэн хүмүүс хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ “И-Монголиа”-гаар илгээх юм. Бүртгэлийг энэ сарын 3-11 хүртэл зохион байгуулах бөгөөд үүнээс хойш нэмэлт элсэлт авахгүй болохыг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Улсын хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 242 742 хүүхэд цэцэрлэгт хамрагдах аж. Энэ нь 2023-2024 оны хичээлийн жилийнхээс 31 494-өөр цөөрсөн үзүүлэлт юм. Тэгвэл нийслэлийн хэмжээний цэцэрлэгт одоогоор 119 мянга орчим хүүхэд хамрагдахаар бүртгүүлж, элсээд байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчдыг холбогдох мэдээлэлтэй танилцан, бүртгэлээ дээрх хугацаанд хийлгэж, хүүхдээ цэцэрлэгт бүрэн хамруулахыг албаныхан зөвлөсөн.
М.Гэгээ