Монгол, Тайландын хаант улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу иргэд аялал жуулчлалын зорилгоор 60 хүртэл хоног харилцан визгүй зорчдог байсныг 30 болгон бууруулсан байна. Тодруулбал, Тайландын Засгийн газар гадаадын иргэдэд визийн чөлөөлөлт үзүүлэх журмаа шинэчлэн дээрх зохицуулалтыг энэ сарын 15-наас эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн аж. Иймд тус улс руу аялахаар төлөвлөж буй иргэд есдүгээр сарын 15-наас хойш 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой болохыг санаж, аяллаа зохицуулах, жуулчлахаас бусад зорилгоор Тайландад зорчих тохиолдолд холбогдох ангиллын визийг урьдчилан авахыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхаарууллаа. Түүнчлэн газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх давтамжийг жилд хоёр удаа байхаар зохицуулсан байна.
Д.Хэрлэн