Хималайн нурууны мөсөн гол хайлж, нуранги үүссэний улмаас Балба, Төвөдийн хилийн бүсэд их хэмжээний үер бууж, нутгийн уугуул иргэд, жуулчид, мөргөлчид нийлсэн олон мянган хүн ами алдсан харамсалтай явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тохиолоо. Тодруулбал, Хималайн нурууны Лангтанг Лирунг уулын орчимд асар том мөсөн гол болон чулуулаг нурснаас шавар, мөс холилдсон их хэмжээний үер буусан бөгөөд энэ нь газар 5.2 магнитудын хүчтэй хөдөлсөнтэй дүйцэхүйц чичиргээ үүсгэсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хил дамнасан бүсэд тохиосон эл гамшгийн улмаас Балба, Төвөдөд нийт 1300 орчим хүн нас барж, 5300 гаруй иргэн сураггүй алга болжээ. Одоогоор Балбын арми, цагдаагийн 21 000 гаруй алба хаагч нисдэг тэрэг болон хүнд механизм ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.
Шинжлэх ухаан, байгаль орчны олон улсын судалгааны байгууллагынхан үүнийг Хималайн бүс нутгийн түүхэн дэх хамгийн хөнөөлтэй гамшгуудын нэг хэмээн тодотгож байна. Энэ нь учруулсан хохирол, сүйрлийнхээ хэмжээгээр Балба улсын түүхэнд хоёрдугаарт буюу 1993 оны их үерийн дараа бичигдэх болжээ. Тухайн бүс нутгийн газар зүйн байршлын онцлог, байгаль, цаг уурын нөхцөл зэргээс шалтгаалаад судлаачид Балба, Төвөдөд болсон үзэгдлийг “шаталсан гинжин гамшиг”, “хил дамнасан аюул” гэх зэрэг шинэ нэр, томьёоллын үүднээс тайлбарлаж эхэлснийг олон улсын хэвлэлүүдэд онцолжээ. Шинжлэх ухааны хүрээнд үүнийг зөвхөн үер бус, байгалийн олон үзэгдлийн мөргөлдөөн бүхий шаталсан гамшиг (cascading hazard) гэж тодорхойлж байна. Тодруулбал, мөсөн гол эрчимтэй хайлж, газрын хөрс нурснаас их хэмжээний элс, шороо, чулуулаг бү хий шаварлаг хурдас үертэй хавсран уул уруу буужээ. Түүнчлэн гамшиг Хятадын Төвөд болон Балбын дэд бүтэц, худалдааны гол гарц Жиронг боомтыг бүрэн устгасан тул үүнийг cross-border risk буюу хил дамнасан байгалийн гамшиг хэмээх болж. Үүнээс гадна энэхүү үйл явдлаас улбаатайгаар дэлхий дахинд хамгийн их хөндөж байгаа сэдэв бол уур амьсгалын өөрчлөлтийн аюул заналхийлэл, өндөр уулын бүс нутгийн тогтворгүй байдал юм.
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) үүнийг олон бүс нутагт тохиож болзошгүй ирээдүйн аюулын тод дохио хэмээгээд, мөнх цас, мөсөн гол хайлах үйл явцыг бодитойгоор хянах, үер, усны эрсдэлийн үнэлгээ хийх, эрт сэрэмжлүүлэх системийг хөгжүүлж, боловсронгуй болгох, шинжлэх ухааны судалгаа, тооцооллын дагуу хариу арга хэмжээ авах анхааруулга, сануулгыг улс орнуудад өглөө. Хамгийн гол нь эрсдэлийн үнэлгээ, судалгааны үр дүнд тулгуурлан байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн эсрэг урьдчилан сэргийлэх ажил хийх нь чухал гэдгийг дурдаж байна. Жишээлбэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Олон улсын уулархаг бүс нутгийн нэгдсэн хөгжлийн төв (ICIMOD)-ийнхөн 2020-2023 онд тус бүс нутгийн гол сав газруудад хамтарсан судалгаа хийхдээ маш аюултай ангилалд багтах, мөсөн голын 47 нуур байгааг хиймэл дагуулын зургаар тогтоож, урьдчилан анхааруулжээ. Мөн Коперникийн нэрэмжит цаг уур судлалын албаны судлаачид 2050 оны үед Хималайн нурууны мөнх цас, мөсөн голын 20-30, 2080 он гэхэд 60-80 хүртэлх хувь нь хайлна, үүнээс урьдаар их хэмжээний хөрсний нуранги үүсэх эрсдэлтэй гэж сануулж байж. Сая үер болсон Бхоте-Коши болон Лхенде голын хөндийд өнгөрсөн оны долоодугаар сард мөн мөсөн голын нуур хальснаас үүдэлтэй гэнэтийн үер бууж, хилийн гүүрийг урсгаснаас есөн хүн амиа алджээ. Улмаар Балбын тал энэ оны тавдугаар сард Хятадын төлөөлөгчидтэй уулзахдаа Төвөдийн бүс дэх мөсөн голуудын эрсдэл, усны түвшний өөрчлөлтийн бодит мэдээллийг цаг алдалгүй дамжуулах систем хэрэгтэй байгааг уламжилж, тусламж хүссэн гэнэ. Гэтэл үүнээс гуравхан сарын дараа томоохон гамшиг нүүрлэсэн байна. Энэ нь байгалийн аюулт, гамшигт үзэгдэл цаг хугацаанд баригдаж захирагддаггүйг нотлон харуулсны зэрэгцээ өдгөө дэлхий дахинд эрчимтэй ярих болсон амжиж анхааруулах системийн хэрэгцээ шаардлагыг олон нийтэд ойлгууллаа. Түүнчлэн уур амьсгал өөрчлөгдөх, мөнх цас, мөсөн гол хайлах, цэвдэг гэсэх зэрэг үзэгдлийн бодитой нөлөө, хор хохирол бидний төсөөлж буйгаас ч их хэмжээний аюул дагуулах эрсдэлтэйг харуулав.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр Балба, Төвөдийн нутагт болсон гамшигт үзэгдэл хаана ч тохиолдож болзошгүйг анхааруулсан юм. Тэрбээр “Хималайн мөнх цас ийм “аймшиг” авчрах юм бол Алтайн нурууны, Хархираа, Түргэний голын, Хорьдол Сарьдгийн уулсын мөнх цас юу дагуулах бол оо. Бид голын хамгаалалтын бүс гээд хоолойгоо сөөтөл “орилоод” байгаа нь ийм эрсдэлээс сэргийлэх зорилготой юм шүү дээ. Байгаль дэлхий, уул ус бидний тогтоосон, улс орнуудын хоорондох хил хязгаар гээчийг огт ойшоодоггүйн баталгаа нь энэ удаагийн үер” гэсэн нь тун оновчтой дүгнэлт байв.
Монгол орны мөнх цас, мөсөн голууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр урьд өмнөхөөсөө илүү эрчимтэй хайлж, хэмжээ нь жилээс жилд хумигдаж буйг гадаад, дотоодын олон судалгааны үр дүн харуулдаг. Тухайлбал, Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбай сүүлийн 60 жилийн хугацаанд 40 орчим хувиар багассан бөгөөд 1990-2016 оны хооронд хамгийн эрчимтэй хайлсныг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан тогтоосон. Тэрчлэн Монгол орны хамгийн том мөсөн гол болох Потанины талбай анх судалгаа хийж байсан үеийнхээс хоёр дахин буурч, өдгөө 24 ам км болж хумигдсан, сүүлийн 20 жилийн хугацаанд жижиг хэмжээтэй 23 мөстөл бүрэн хайлж, алга болсныг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарынхан зарласан билээ. Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 орны нэгт багтдаг хэмээн тодотгодог манай улсыг мөнх цас, мөсөн голоос үүдэлтэй аюул тойрч биш, дайрч гарах өндөр эрсдэлтэйг эдгээр тоо, баримт сануулсаар.
Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын уулархаг бүс нутгийн хөгжлийн төв, НҮБ ын харьяа байгууллагуудын мэдээлэл, дүн шинжилгээнд дурдсанаар Төв Азийн өмнөд хэсэгт болсон энэ удаагийн гэнэтийн, томоохон үер нь улс орнуудад дөрвөн гол сургамжийг өгсөн гэнэ. Нэгдүгээрт, хур тунадасны хэмжээ, голуудын усны түвшин, урсац зэрэг ерөнхий үзүүлэлтүүд хэмждэг цаг уурын уламжлалт буюу хуучны системүүдийг шинэчлэх цаг болсныг сануулав. Их хэмжээний хохирол дагуулсан, гэнэтийн гамшгийн давтамж нэмэгдэж буй тул илүү нарийн тооцооллын систем нэвтрүүлэх шаардлагатай гэж Дэлхийн цаг уурын байгууллагын судлаачид үзэж байна. Хэдийгээр хүн төрөлхтөн техник, технологийн өндөр хөгжилтэй золгосон ч мөсөн голын нурангийг урьдчилж мэдээлэх, хөрсний гүн дэх цэвдгийг хянах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Хоёрдугаарт, байгаль орчны салбарт хил дамнасан мэдээлэл солилцоог сайжруулах шаардлагатай гэнэ. Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлэлд “Үер Төвөдөөс эхэлж, Балбын нутгийг дайрсан. Уул нурууд, байгалийн гамшиг хил хязгааргүй тул Хятад болон Балба улс хиймэл дагуулын болон мөсөн голын өгөгдлийн мэдээллийг цаашид улс төржилгүй шууд солилцдог болох шаардлагатай”-г дурджээ. Гуравдугаарт, дэд бүтцийн төлөвлөлтийг илүү оновчтой, эрсдэлгүй болгох хэрэгтэй. Ялангуяа уулархаг бү сэд барилга, байгууламж барихдаа гэнэтийн эрсдэл, байгалийн гамшигт тэсвэртэйгээр төлөвлөх нь орчин цагт наад захын шаардлага болсныг мэргэжилтнүүд анхаарууллаа. Балба, Төвөдийн хилийн бүсэд аялал жуулчлал, үйл чилгээний зориулалттай олон барилга, байгууламж барьсан нь эрсдэлийг нэмэгдүүлж, үлэмж хохирол учруулсныг ч хөндсөн. Дөрөвдүгээрт, нийгмийн бэлэн байдал ба дадлага сургуулилалт. Олон улсын уулархаг бүс нутгийн хөгжлийн төвийн судлаачид “Байгаль, цаг уур өөрчлөгдөхийн хэрээр манай дэлхий илүү “ширүүн” болж, гэнэтийн аюул эрсдэл тохиох нь нэмэгдэж байна. Үүний эсрэг нэн түрүүнд хийх зүйл нь гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, иргэдийг дадлагажуулах. Балбад үлэмж их хэмжээний хохирол учруулсан мөсөн голын үер нь гэнэтийн, асар богино хугацаанд үргэлжилсэн онцлогтой боловч зарим хэсэгт зохион байгуулалт, шуурхай удирдлага дутсанаас цаг алдсан тохиолдол бий. Гамшгийн эрсдэлтэй бүсэд амьдардаг иргэдэд нүүлгэн шилжүүлэх чиглэл, хоргодох хэсэг, аюулгүйн цэгүүдийг урьдчилан таниулж, дадлага, сургуулилалт тогтмол хийлгэх нь чухал” гэжээ.
Н.Мишээл