Оросын нийслэлийн Внуково нисэх онгоцны буудалд нэгэн үл мэдэгдэх онгоц газардсан нь нь өнгөрсөн сарын 25-нд дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараанд өртөв. Уг онгоцоор АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ)-ын тэргүүн Жон Рэтклифф ирсэн юм санж. Энэ явдлын ач холбогдлыг Дональд Трамп хөөргөж дэвэргэхийг хүсэхгүй байгаа ч түүнийг дэлхий дахин сонирхох нь улам нэмэгдсээр. Трамп “Рэтклифф Оросын ижил ажил алба хашдаг хүнтэйгээ хагас юм уу, бүтэн жилд нэг удаа уулздаг юм. Энэ бол тэдний л нэг. Тэд маш сайн харилцаатай байдаг” гэж мэдэгджээ. Рэтклиффийг ийм айлчлал хийхийг чухам Ерөнхийлөгч нь даалгасан гэж “Wall Street Journal” мэдээлсэн байх юм. Түүний хөлөглөсөн онгоц замдаа Рига хотод буусан, айлчлалын талаар Литвад мэдэж байж. Ерөнхийлөгч Гитанас Наyседа нь “Энэ уулзалт геополитикийн түгшүүртэй байдлыг намжаахад зориулагдана гэдгийг л мэдэж байсан, үүнд би маш талархалтай ханддаг” гэж хэлжээ. “Ижил ажил албатай” хүнийг нь Трамп нэрлэсэнгүй, Кремль ч хэлээгүй ч ТТГ-ын даргатай уулзсанаа Оросын Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин өөрөө зарлаж, Рэтклифф бас Холбооны аюулгүй байдлын албаны тэргүүн Александр Бортниковтой яриа хөөрөө хийснийг NYT олж мэдсэн байна.
Рэтклифф чухам ямар асуудал хөндсөн байж болох талаар хэвлэлүүд янз бүрийн таамаглал гаргаж байна. Тухайлбал, Оросыг Украины эсрэг тактикийн цөмийн цохилт өгөхөөс болиулах, эсвэл Путиний засаглалд дотоодын эрсдэл үүсэхээс сэргийлэхийг Америкийн тагнуулч зорьсон болов уу гэж байх жишээтэй. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрийн эх сурвалжид түшиглэн дэвшүүлж буй хоёр үндсэн чиглэл байна.
Эхнийх нь, Оросыг НАТО руу, тодорхой хэлбэл Балти орчмын орнууд руу довтлох вий хэмээн сэрэмжлэв үү. Тэгвэл НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйлд эвслийн нэг гишүүн рүү нь хэн нэгэн нь довтолсон тохиолдолд хамтран хамгаалахаар заасан байдаг аж. Хэвлэлд бичсэнээс үзвэл еврокомиссарууд Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйенд захидал бичиж, Балтийн орнуудад аюул занал нэмэгдэж буйд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлээд, чухам энэ шалтгаанаар Балтийн аль нэг улс руу Еврокомиссын бүрэн бүрэлдэхүүнийг “яаралтай” илгээхийг санал болгосон байна. Рэтклиффийг Москвад очсоны дараа Трамп мэдэгдэхдээ Путин ийм довтолгоон хийхээр төлөвлөөгүй гэжээ. Юунд түшиглэж ийм таамаглал хийж буйгаа Трамп харин тодруулсангүй.
Хоёрт нь, Украинтай хийж буй дайн нь Оросын хувьд сайнгүй төлөвтэй байгааг Нарышкинд хэлж Москва буйртай хэлэлцээр эхлүүлэх шаардлагатай болсон гэж мэдэгдсэн болов уу. Рэтклифф Москва руу мордохынхоо өмнө Украины тусгай албаны хүмүүстэй ярилцаж, Киевийн нэрээр буулт хийх бодолгүй гэдгээ хэлжээ.
Энэ айлчлалыг “Украины эсрэг Оросын өдөөсөн дайныг зогсоох Трампын засаг захиргааны сүүлчийн оролдлого” гэж NYT нэрлэсэн байх юм. Европын өндөр албаныхан энхийн хэлэлцээр хийх боломж энэ өвөл гарч болзошгүй гэж үзэж байгаа юм.
Рэтклиффийн хөлөглөсөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний Боинг C-17 онгоц наймдугаар сарын 25-ны өглөө Внуковод буугаад 19.00 цаг болоход Америкийн зочид буцаад явчихсан нь тодорхой болсон. Энэ бол 2026 он гараад АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгчийн хийсэн анхны айлчлал байлаа. Айлчлалын зорилгын талаар олон таамаглал байгаагийн дотор ОХУ-д ял эдэлж буй Америкийн иргэн Чарльз Зиммерманыг суллуулах тухай ярилцсан юм биш байгаа гэх яриа ч дуулдаж байв. Хэрэв энэ үнэн бол Зиммерман нь Оросын эрх баригчид нэг сарын дотор өршөөл үзүүлсэн АНУ-ын хоёр дахь иргэн болох юм. Эхнийх нь Роберт Гилман гэгч байжээ.
Өөр нэг таамаглалаар, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кирилл Будановт ойр эх сурвалжийн үзэж буйгаар бэлтгэл ажил нь хэсэг хугацаанд “их нууц байдал”-д хийгдсэн, үр дүн нь цаашдын үйл явцад үлэмж ач холбогдолтой ажиллагааны талаар ярилцсан байж ч болох.
Гурав дахь гэж хэлж болох таамаглалыг “Wall Street Journal” дэвшүүлсэн байна. Түүнд өгүүлснээр Украинтай хийж буй дайнаа үргэлжлүүлэхийн тулд Орос дайчилгаа явуулахад бэлтгэж эхэлсэн, НАТО-гийн гишүүн орнуудынх нь эсрэг өдөөн хатгалга хийж болзошгүй гэх тагнуулын мэдээлэл АНУ олж авсан байна. Рэтклиффийн айлчлал Америк, Ираны хоорондын “хэрэг явдал”-тай холбоотой байж мэднэ гэж тус хэвлэл бас үзэж байв. Орос улс Тегераны холбоотон, гэтэл Ираны эсрэг эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх кампани эхлүүлэхээ Вашингтон зарлачихсан байдаг.
“Economist” сэтгүүлийн сурвалжлагчтай нэгэн эх сурвалж ярилцахдаа Жон Рэтклиффийн айлчлалыг Америк сул дорой байгаагийн илрэл гэж Путин үзсэн хэмээн хэлжээ. ТТГ-ын өмнөх дарга Уильям Бэрнсийн 2021 оны эцсээр хийсэн айлчлалыг ч Путин мөн ингэж үзэж байсан аж.
Улс төрч, Америк судлаач Малек Дудаков “Конгрессын сонгууль болоход 70 орчим хоног үлдээд, Ерөнхийлөгч (Трамп) нь гадаад улс төрдөө аль болох амжилт олох арга зам сүвэгчилж байна. Ирантай бүтэлтэй юм болохгүй, Гаазын зурваст ч олигтой үр дүн алга. Рэтклифф саяхан очсон Кубад ч амжилт олсонгүй. Тэгээд одоо бидэнтэй яриа хөөрөөгөө идэвхжүүлэхийг хичээж байна. Уиткофф, Кушнер нар хэл амаа ололцож чадаагүй болохоор Рэтклиффийг ажил хэрэгтээ татан оруулж байгаа нь энэ” гэж тэмдэглэсэн байх юм. Тэгэхдээ Америкийн тагнуулын байгууллагын хүч түрэх бодлого баримталдаг төлөөлөгчийн энэ айлчлал ажил хэрэгт дипломат ахиц гаргана гэдэгт Дудаков эргэлзэж байгаа аж.
“Wall Street Journal” сонин болохоор Трамп, Байден нарын засаг захиргаанд Үндэсний тагнуулын газрын орлогч захирал байсан Бет Саннер энэ айлчлалыг “Та нар юу хийхээр зэхэж байгааг чинь бид мэдсэн, түүнийгээ хийгээгүй нь дээр” гэж хэлэхээр л Рэтклифф Москвад очсон гэж дүгнэсэн байна. Трампын толгойг одоо Украин биш, Иран зовоож байгаа гэж зарим ажиглагчид үзэж буй юм. Бензиний үнэ өсөж, түүнтэй холбоотойгоор тээвэр, хүнс үнэд орж буй нь арванэгдүгээр сард болох завсрын сонгуульд Трамп олон сонгогчоо алдах эрсдэл бий болгож байна. Тиймээс Ираны эсэргүүцлийг сулруулж, Ормузын хоолойг нээх хэлэлцээр байгуулахын тулд Кремлийг Иранд цэргийн тусламж үзүүлж, тагнуулын мэдээллээ дамжуулахыг зогсоох нь Трампад ихээхэн чухал болоод байгаа. Лондоны Хааны коллежийн Оросын хүрээлэнгийн захирал, профессор Сэмюэл Грин ч “Одоо Трампыг зовоож буй гадаад улс төрийн цорын ганц асуудал нь Иран” гэж үзжээ.
Эцсийн эцэст, хэвлэлүүд, тоймчид, шинжээчдийн тэмдэглэж буйгаар Цагаан ордны хойшлуулшгүй зорилго, Рэтклиффийн Москвад хийсэн айлчлалын гол чиг нь ердөө л Иран байх бүрэн магадлалтай аж. Гэтэл Оростой цэргийн мөргөлдөөн гарч болзошгүй тухай яриа чангарч сонсогдоод байгаа нь Европыг түгшээж буй аж.
Р.Жаргалант