Засгийн газраас Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг өргөн барихдаа орлого, зарлагыг тус бүр даруй 10 орчим их наядаар тэлж оруулж иржээ. Ийнхүү хэт “зоригтой” хандсан нь төрийн өмчит компаниудын болон Оюутолгойн ордоос ирэх онд ногдол ашиг хүртэж эхлэхтэй холбоотой аж. Жилийн дотор төсвийг ингэж огцом данхайлгаж буйгаа далдлахын тулд Ерөнхий сайд Н.Учрал гоё үгс урсгаж, иргэдийн олонход таалагдах зарим шийдвэрээ урдаа барив. “Монголын баялгийг монголчууддаа” гэсэн уриа бүхий есөн шийдвэрийг тэрбээр танилцуулж, гэнэт орж ирэх их мөнгөө хэрхэн зарцуулахыг иргэд биднээс асуулаа. “Таны мөнгө, таны хувь, таны ирээдүй” хэмээн тал засангаа ирэх онд тэтгэврийг 1.3 сая болгож нэмнэ, төрийн албан хаагчдын цалинг өсгөнө, 16 мянган орон сууцыг зургаан хувийн зээл, түрээслээд өмчлөх нөхцөлөөр борлуулна гэв. Ийм төсөв боловсруулснаараа эдийн засгаа сэргээх гэнэ. Тэгвэл ингэж огцом тэлснээр эдийн засгийн даацыг сорьсон том эрсдэл учирч, инфляц улам нэмэгдэн, иргэдийн амьдрал илүү хүндэрнэ хэмээн сөрөг хүчин шүүмжилж буй. Н.Учрал үүнийг мэдэж байгаа. Гэхдээ ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Иргэдэд таалагдах түр зуурын шийдвэрүүд, түүнийг дагаж ирэх санал л эрх баригч намд хэрэгтэй.
ЗАРЛАГА 10 ЖИЛИЙН ДОТОР
2027 оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 41.3, зарлага 43.6, алдагдал 2.3 их наяд төгрөг байхаар тусгаад буй. Гэтэл энэ оны батлагдсан төсөвт орлого 31.6, зарлага 32.9, алдагдал 1.3 их наяд байв. Зарлагыг 10.7 их наядаар өсгөсөн гэсэн үг. Ганцхан жилийн дотор зардлаа 32 хувиар нэмчхэж буй юм.
МАН сүүлийн 10 жилд төрийн эрхийг барихдаа төсвийг жил ирэх бүр тэлсэн. 2016 онд төсвийн зарлага 9.7 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 4.4 дахин өсөв. Эдийн засаг томорч, улс мөнгөтэй болж буйн хэрээр иргэдийнх нь амьдрал дээшлэх ёстой. Харин манайд урвуу хамааралтай байсаар иржээ. Өөрөөр хэлбэл, төсөв тэллээ гээд иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгөөж нь ирсэнгүй. Өнөөдөр бид 1990-ээд оны үе шиг шатахуунд дугаарлаж, автомашинаа ч хүссэнээрээ унах эрхгүй, хязгаарлуулж, татварт дарлуулж, үнийн хөөрөгдөлд дээрэлхүүлж суугаа нь үүний баталгаа.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Энэ бол ердийн тэлэлт биш, харин эдийн засгийн даацыг сорьсон асар том эрсдэл. 2026 онд инфляцыг долоон хувиас хэтрүүлэхгүй гэсэн ч өнөөдөр 13 болоод байна. Монголбанк үүний эсрэг бодлогын хүү гээ 12.5 хувь болгон өсгөж байхад Засгийн газар нь эсрэгээрээ, төсвөө тэлж, гал дээр тос нэмэх нь. Дотоодын нийлүүлэлт эрэлтийг гүйцэхгүй. Тиймээс инфляц, импорт, ханшийн дарамт нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар улам л муудна. Бодлогын хүү өндөр хэвээр үлдэнэ, бизнесийн зээлийн дарамт ч буурахгүй. Үр дүнд нь бизнесийн санхүүжилт хумигдсан, үйл ажиллагаа нь саарсан хэвээр үлдэнэ. Уг нь орлого сайн байвал өр ширээ нимгэлж, хуримтлал үүсгэн, буурах үед хэрэглэхээр бэлтгэх буюу мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэвч манайд тийм заяа алга, үргэлж л эсрэгээрээ байх юм. Төр нэртэй эрх баригчид өнөөдөр үрдгээрээ үрэх нь. Төлөөсийг нь маргааш иргэд өр, татвар, инфляцаар нөхнө” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Гишүүн Б.Жаргалан “Засгийн газрын энэ тэнэглэлийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэжээ.
Мөн төрийн өмчит компаниудаас 3.5 их наядын ногдол ашиг хүртэнэ. Оюутолгойгоос өгөөжөө авна хэмээн “хөөрч” төсвийг түүхэнд байгаагүйгээр томрууллаа. Ингэж өөдрөгөөр төсөөлөөд бүтэлгүйтсэн жишээ олон. Орлого нь бүрдэхгүй, дахин тодотгол хийдэг нь ч бас уламжлал болсон. 2026 оны төсвийн орлого 2.4 их наядаар тасраад буй учраас одоо тодотгох гэж байна. Тиймээс Засгийн газар ирэх оныхыг ч томоор төсөөлөөд, дараа нь засвар хийх магадлал өндөр.
ТӨСВӨӨР “ШОУДАЖ” БАЙНА
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 оны төсвийн төслийг өргөн барихдаа зарлагыг 35.8 их наяд болгож оруулж ирж байсныг эргэн саная. Энэ нь өмнөх оныхоосоо 8.5 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт байсан ч тухайн үед хуруу дарам цөөн гишүүн л судалгаа, тооцоогүй, хэт үрэлгэн төслийг шүүмжилж байв. Парламентад цөөнх гэж байсангүй. АН-ынхан Засгийн газарт хамтарч асан цаг үе. Ерөнхий сайд бусад намаас сонгогдсон гишүүдийн “амыг үдчихсэн”, 4-5 хүнээс бусад нь энэ дэмийрлийг нь хараагүй мэт царайлсаар баталж орхисон. Төсвийг огцом тэлсэн анхны хүн нь тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ гэсэн үг. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүнд бүхэлд нь хориг тавьсан юм. Ингэхдээ үрэлгэн зардлыг бууруулж, алдагдалгүй төсөв батлахыг шаардсан. Өнөөх “багцлагдсан” парламент ч байр сууриа өөрчилж, хоригийг хүлээн авав. Тиймээс Засгийн газар төсвийн төслөө буцаан татаж, дахин боловсруулаад өргөн барьсан. Ингэхдээ орлого, зарлагыг 33 их наядаар тэнцүүлж, алдагдлыг “алга болгосон” түүх хуучраагүй байна. Гэтэл үүнээс хойш 2026, 2027 оны төсөв улам л томорч, алдагдал нь 2.3 их наяд болоотохлоо. Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуугарах уу.
Улс төрийн нөхцөл байдал хоёр жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн учраас одоо тэр хуруугаа ч хөдөлгөхгүй л болов уу. МАН дотроо талцаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаа эрчимжиж байсан үе учраас Төрийн тэргүүн дорвитой алхам хийсэн байж. Харин эдүгээ түүний “өргөмөл хүү” Ерөнхий сайдаар ажиллаж буй. Тэд бол нэг баг. Тиймээс ч улсын төсвөөр “шоу” хийж байна гэхэд болно. “Оюутолгойн ногдол ашгаас орж ирэх мөнгийг юунд зарцуулахыг иргэд мэднэ. Энэ бол таны мөнгө” хэмээн ухуулж буйг өөр юугаар тайлбарлах вэ. Н.Учрал МАН-ын даргаар сонгогдохдоо “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” хэмээсэн. Ирж байгаа нь ийм хэлбэрээр илэрч буй бололтой юм.
Цалин, тэтгэвэр нэмээд, иргэдийн саналыг сонсоод л буй мэт боловч харамсалтай нь, бүгд “өнгөц”. ХАОАТ-ыг хоёр сая хүртэлх төгрөгийн цалинд тэглэе гэсэн сөрөг хүчний санаачилгыг замаас нь баллуурдаж, 792 мянган төгрөг болгосон. Хийгээд буй мэт, гэхдээ дандаа нүд хуурсан, аргалсан байдалтай. “Таны мөнгө, тиймээс юунд зарцуулахаа та шийд” гэдэг нь ч үүнтэй ижил арга барил юм. Гэхдээ ирэх онд 1.3 сая төгрөгийн тэтгэвэртэй болох ахмадууд, цалингаа нэмүүлсэн төрийн албан хаагчдын олонх нь баярлаад үлдэнэ. Үүний араас үүсэх инфляцын хөөрөгдөлд өнөөх нэмэгдэл нь “сорогдоод” хуучнаасаа дор болохоо ойлгохгүй. Сонгуулийн жилд төсвийг данхайлгаж, иргэдэд таалагдах арга хэрэглэдэг нь манайд үнэндээ үзэгдэл болжээ. Нэг ёсондоо Засгийн газар эрх мэдлээ иргэдийн саналыг татах, тэдэнд таалагдах шийдвэр гаргахад ашигладаг гэсэн үг. Н.Учрал ч тэр ёсоор ажиллаж байна.
Н.УЧРАЛ ӨӨРТӨӨ “ДЭГЭЭ” ТАВИВ УУ
Амьдралаас хол, хийсвэрлэл ихтэй, иргэдэд таалагдаж, санал татахад чиглэсэн төсвийн төслийг сөрөг хүчнийхэн түрүүчээсээ шүүмжилж байгаа нь зүй. Тус намынхан Ерөнхий сайдыг огцруулахаар 41 гишүүнийхээ гарын үсгийг хэдийн цуглуулчихсан, намрын чуулган эхлэхэд саналаа өргөн барихаар хүлээж буй. Үүн дээр нь Н.Учрал данхайсан, сонгуульд чиглэсэн төсөв оруулж ирснээрээ өөртөө дэгээ тавьчхав бололтой. Тэгэхээр төсвийг огцом 10 их наядаар нэмж, Ерөнхийлөгчийн сонгуульд санаа тавих гэж байгаад Н.Учрал өөртөө бас нэг “дэгээ” тавьчихсан юм биш биз. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлээс Засгийн газарт таван сайд багтсан ч тэрбээр илүү эрх мэдэл зүүдэлсэн хэвээр яваа. Тиймээс одоогийн танхимыг огцруулахад түүний хүмүүсээс 23 нь санал өгөхийг үгүйсгэхгүй.
Эрх мэдлээ ашиглаж, төсвийг санал татахад чиглүүлэх гэж байгаад зөөлөн суудлаасаа унахгүй гэх баталгаа Ерөнхий сайдад алга. Тэрбээр нам доторх бүлэглэлтэйгээ эхлээд тохиролцож байж л мөрөөдлийн төсвөө батлуулна, бас танхимаа авч үлдэнэ.