ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн корпорац (ХААК)-аас стратегийн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд улаан буудайн үйлдвэрлэлийн өртөгт суурилсан худалдан авах үнийн тооцоолол гаргаснаа Монголын тариаланчдын үндэсний холбоонд танилцуулжээ. Үнэ тогтоохдоо 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг хамруулсан өртгийн судалгаа хийсэн гэнэ. ХААК-ынхны боловсруулсан жишиг үнэ, тариаланч дын холбооны саналыг үндэслэж улаан буудайн ханшийг албан ёсоор дараах байдлаар тогтоосон байна. Үүнд I ангиллын улаан буудайг тонн тутмыг нь 1 450 000, II ангиллынхыг 1 350 000, III ангиллынхыг 1 250 000, IV ангиллынхыг 1 150 000 төгрөгөөр худалдан авахаар болов.
Дотоодын хэрэгцээг хангах, үнэ тогтворжуулах зорилгоор энэ онд 100 мянган тонн хүнсний улаан буудай нөөцлөх бөгөөд ингэхдээ өртөгт суурилсан, тариаланчдад ашигтай үнээр худалдаж авах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, зардлыг улсын төсөвт тусгажээ. Энэ нь нийт хураах улаан буудайн гуравны нэгтэй тэнцэж буй юм. Нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан салбарын сайд гурил үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй мөн уулзаж, үйлдвэрлэл, борлуулалтаа хэвийн явуулах, үнэ нэмэхгүй байхад анхаарахыг хүсэж, улмаар импортын гурилыг хязгаарлаж, гэрчилгээ олгохыг зогсоосноо дуулгажээ.
О.Ундрах