Байгаль хамгааллын чиглэлээр идэвхтэй ажилладаг залуус, төрийн бус байгууллагын болон клубийн төлөөллүүд хамтран Монголын байгаль орчны залуучуудын эвсэл байгуулжээ. Энэхүү байгууллага нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын чиглэлээр залуучуудын байр суурийг шийдвэр гаргах түвшинд хүргэх, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, нийслэл, орон нутагт хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамтарсан санаачилга, бичил төсөл хэрэгжүүлэх үндсэн зорилготой аж.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, цаг уурын аюулт, гамшигт үзэгдэл эрчимжиж буйн хэрээр байгалиа хамгаалахад хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тэр дундаа залуусын манлайлал, дуу хоолойг дэмжих хандлага дэлхий дахинд дэлгэрч буй гэнэ. Үүнээс үүдэн “уур амьсгалын залуу идэвхтэн”, “биологийн олон янз байдлыг хамгаалагч” зэрэг нэршил хүртэл бий болж, залуус бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтран төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх нь олширчээ. Монголын байгаль орчны залуучуудын эвслийг яг ийм зорилгоор байгуулсан бөгөөд ирээдүйд уур амьсгал, байгаль орчин, газар, биологийн олон янз байдал болон тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилладаг залуучуудын байгууллагуудыг холбох хамтын ажиллагааны платформ болгох зорилт тавьжээ.
Эл эвслийг байгуулах санаачилгыг Үндэсний байгаль орчны залуучуудын эвслээс гаргасан бол үйл ажиллагааг нь өргөжүүлэх, олон улсад таниулахад нь ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Монгол дахь Австралийн ЭСЯ дэмжлэг үзүүлж байна. Монголын байгаль орчны залуучуудын эвсэл үйл ажиллагаагаа эхлүүлснээсээ хойш “Агаарын харуул” төрийн бус байгууллага, “Хүнү”, “Марал нахиа” тогтвортой хөгжлийн төв, “Ногоон давлагаа” эко клубтэй хамтран ажиллахаар болжээ.