Энэ удаагийн “Уран зохиол” буландаа яруу найрагч Г.Ганбаганын шинэ бүтээл болох “Сэтгэлийн есдүгээр хуудас”-ыг онцолж байна. МЗЭ-ийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн найрагч С.Начин түүний номын өмнөтгөлд “Орой үгүй, хязгаар хярхаг нь үл харагдах, төсөөлж таамаглахад бэрх зүйл бол уран зохиол. Тэр дундаа уран зохиолын ай сав дотор яруу найраг хэмээгч нь хаалганых нь бариулд хүрсэн хэн болгоныг уриалгахнаар дотогш үл нэвтрүүлнэ. Хүн бүрд өөр өөрт ногдсон буяны хөрөнгө байдаг байх. Эрхэм анд минь үг хэмээх өөрт ногдсон хөрөнгөө алдаж цалгиулаад асгачихалгүй, алдуул морь шиг хошуу дамжуулан гүйлгэчихэлгүй, үгийн хуйваа униндаа хавчуулж, хэрэг нь болохоор алд алд бодлоороо углуургадан, хийсэн уургадаа томоод шилээд уначихаар хол ойрыг ажралгүй туулах дөмөгхөн сайн шүлгэн хүлгүүдтэй болжээ” хэмээн бичсэн. Г.Ганбагана нь “Нүдэн доторх тэнгэр” (2015), “Цэл залуу хавар” (2025) тэргүүтэй шүлгийн түүвэр хэвлүүлжээ.
АЛГАНААС ЧИНЬ НИССЭН ЗАЛБИРАЛ
Хайр гэдэг
Алганаас чинь ниссэн залбирал
Миний сэтгэлийг онож ирсэн өдөр
Нүд рүү чинь ширтэхэд тодорсон
Ичингүйрэл хийгээд нууцхан хүсэл
Миний зүрхийг олж буусан өдөр
Хайр гэдэг
Хамт бороонд норсон өдрүүд
Хөгшин моддын дор дулаацаж зогссон үдшүүд
Уруулыг чинь үнсэж зүрхэлсэн
Миний сэтгэлд цочихдоо чи
Гэнэт нүүрээ дарсан орой
Хайр гэдэг
Харцны чинь гэгээ
Сарных л юм шиг санагдсан шөнө
Надад чи зүүдээ ярьж сэрсэн үүрийн гэгээ
Хайрлуулна гэж би зүүдийг чинь тайлсан өглөө
Хайр гэдэг Хэвлийд чинь товойсон бяцхан хөлийн мөр
Миний баяр, миний гайхширал болсон өдөр
Миний үүрээ бэлдэх зөн гэнэт л сэрсэн намар
Миний эзгүйд чиний нойргүй хоносон шөнүүд
Хайр гэдэг Үрээ үнэрлэж уярсан эр ганц нулимс
Хайр гэдэг үрсээ шулганахад өхөөрдсөн
Өвөл, зун, хавар, намрууд
Хайр гэдэг
Охиддоо үлгэрийн ном уншиж өсгөх
Амьдрал үнэндээ үлгэр биш гэдгийг хэлж үл зүрхлэх
Тэднийхээ ирээдүйд чамтай хамт зовних
Хайр гэдэг Биесээ налж уйлж үзсэн кинонууд
Хамт уншсан шүлгийн мөрүүд
Чиний надад индүүдэж өгсөн цамцнууд
Хайрлаж, бие биеийнхээ нурууг угаасан шөнүүд
Хайр гэдэг Би чамд, чи надад зориулж
Бүхнийг болгоомжтойгоор нэг нэгээр нь өрөх
Өрсөн бүхнээ бусдаас харамлах, нандигнах
Хайр гэдэг
Миний чамд, чиний надад бэлэглэсэн цэцэгс
Нэг л цонхны тавцан дээр ургаж, хагдрахыг үзэх
ЦАГ ХУГАЦАА
Салхи алгадан сүрэг шувуу нисэж явна
Цаг хугацаа өөрөө нисэж яваа нь энэ юм
Уулын бэлээс чулуу нуран шаржигнана
Цаг хугацаа өөрөө өнхөрч яваа нь энэ юм
Цэцгийн мандал дээгүүр эрвээхэй эргэлдэн бүжнэ
Цаг хугацаа ч бас наадан цэнгэж буй нь энэ юм
Түмэн олны гудмаар гоолиг бүсгүй гунхана
Төгс дүрд хувираад алхаж яваа нь энэ юм
Цасны будраа, бороон дусал, элсэн ширхэг
Цангинан инээх, санаа алдах, уйтгарлан гуних
Газар хийгээд тэнгэрийн буй бүхэнд хувилаад тэр
Гарцаагүй бүхнийг шинэчлэхээр яарч яваа нь энэ юм
ИРСЭН ШИГЭЭ Л …
Зун-ирсэн шигээ л явчихлаа
Яаран тэмүүлсээр хүрдэг нутгийн минь гол уснаа
Ялгуун сартай үдшээр гэгээ наадуулж мяралзаад
Саруул талын хээлээс уртын дуу шиг шуранхайлсаар
Сайхан ээжийн минь зовхинд үрчлээ болоод шингэчихлээ
Зун-ирсэн шигээ л явчихлаа
Хангайн сайхан ууланд манан болоод хургачихлаа
Хайрын нэгэн шүлэгт мөр болоод шургачихлаа
Марал бугын эвэрт салаа болоод ургачихлаа
Маргад ногоон хөндийг намируулан салхилчихлаа
Зун-ирсэн шигээ л явчихлаа
Омголон цавьдар хүлгийн минь цомбон дөрвөн туурайг
Оюу эрдэнийн өнгөөр будаж өгөөд л явчихлаа
Цуглаж ургасан цэцгийг жиндүүлээд л хийсчихлээ
Цуваа олон шувуудыг тэргүүлээд л нисчихлээ
Зун-ирсэн шигээ л явчихлаа
ЭЭЖДЭЭ
Эх жаахан шувуухай,ангаахай үрсээ тэжээх шиг
Ийм нэг үлгэр ингэж л эхэлдэг байлаа…
Үхрийн амьсгал цантсан дүн өвлийн хүйтэнд
Үүр цайлгаад л өндийдөг сөн та минь, жиндэж л байсан байх даа
Өрхнийхөө оосрыг татаад л нарыг урьдаг байлаа
Үрсийнхээ төлөө л уужирдаг байсан байх даа
Тогооныхоо халивыг сөхөх таны гар л
Тоонот гэрийн минь илч, дулаан байжээ
Ховорхон найрын хойморт хоолойн цараагаа бахдуулж,
Хотол олны дундаас ч ялгарч явсан ээж минь
Хонхон цэцгийн дэлбээ шиг тунсаг үзэсгэлэн байлаа
Хондлой давсан гэзэг нь таны л чимэг байлаа
Зүү утасны үзүүрт залуу насаа цойлдож
Зүйлийн сайхан орчлонд гуниж л явсан ээж минь
Зүрх сэтгэлийн минь халуун таны л хайраас эхтэй
Сүүмэн цэнхэр орчлонгийн өрх дэвээд байна аа
Сүүн цацлын тань үзүүр л гэгээн харгуй болсоор оо
Өдөлж буй үрсдээ зовниж өглөөд сэрсээр,
Өөрт буй бүхнээ хувааж бүгдэд нь өгсөөр л
Өтөлж дээ, та минь
Өөдөсхөн үрс нь харин өдөлж гүйцсэн болов уу даа
Таны л хайр-насан туршийн чимээгүй зовинол
Таны л залбирал-тэнгэр тогтож үлдсэн гэгээн аялгуу
АМЬДРАЛЫН ГЭРЭЛ
Энгийн л нэг инээмсэглэл чинь
Ирж буй өдрийг
Бүхэлд нь гэрэлтүүлдэг юм.
Үсээ самнах, уруулаа будах
Өндөг шарах, хөнгөн цайлах
Гадуур хувцсаа өмсөх чинь
Анзаарах тусам сайхан санагддаг
Орой чи минь өдрийнхөө сониноос
Хачиргүй оргилуунаар надад л гэж
Сэтгэл хөдлөл дүүрэн ярьдаг нь ч
Заримдаа хайр хүрэм байдаг
Нойрсохдоо би үнсэхээ мартвал
Гомдож, туних нь ч
Үргэлж сайхан санагддаг
Зүгээр л учир утгагүй
Халагдаж солигдох өдөр хоногуудыг
Зүлгэж өнгө оруулдаг тийм хүн
Зүдэргээнт энэ орчлонд хэчнээн ч билээ дээ
Хайрт минь
САЙН САЙХАН
Санаа алдах чинь салхи болж
Сэтгэлээр нэг хийснэ
Сайн сайхан ирнэ дээ гэж
Би чихэнд чинь шивнэнэ.
Инээмсэглэх чинь хөгжим болж
Зүрхэнд аялгуу тоглоно
Сайн сайхан нь энэ л дээ гэж
Би чимээгүй шивнэнэ
ВАЛЕНТИНЫ ӨДӨР
Яруу найргийн номоос чамдаа л зориулж
Яруухан үгс түүж сууна
Ямагт чамайг догдлуулдаг
Илбэх, тэврэх, хайрлахын
Гүн утгыг бясалгаж сууна
Сайхан аялгуут дуунаас чамдаа л зориулж
Санаа алдмаар үгс түүж сууна
Санах, хүлээх, ганцаардахын
Шаналгаа, зовуурийг мэдэрч сууна
Саруул орчлонгийн тэмдэг нэрсийг тунгааж сууна
Намуухан, энхрий, ариухан Намайг соронз мэт татахын
Нандин учрыг ухаарч сууна
Сац бас мартагдашгүй үгсийг ч тунгааж сууна
Ирэх, одох, гуних
Эдгээр үгсийн завсарт л
Чамайгаа би хайрлаж сууна
СОЛОНГЫН ӨНГӨТ
Хайр, гуниг, сэтгэл
Бороо, зүрх, ганцаардал
Дурсамж гэдэг үгсээс уйдаж залхаад
Харанхуйд гадаалж, чимээгүй суунам
Нээлттэй цонхоор гэнэт
Охины минь инээд цангиналаа
Оршихуйн саарал ахуй минь
Солонгын өнгөт болов оо
АНИРГҮЙ НАМАР
Аниргүйхэн намар алсын уулсыг түшээд,
Аяны шувуудын далавч дэвэх нь алсад бүдгэрэн үзэгдээд
Манхайх будан хөндий дүүртэл сүүмэлзэн хөвөөд
Мөчир дээрх навчсыг салхи аяархан шүргээд
Лянхуа адил бадамлах сэтгэлийн гэрэлд гуниг минь цэцэглээд
Лавширсан бодолдоо би хань эрэн ганцаардаад
Өр өвдмөөр саарал тэнгэр улам улам намсаад
Энгүй их гуниг зүрхний минь чимээг дараад
Нойтон өвсний үнэр агаар салхинд шингээд
Норсон дэлээ сэгсэрч адуу намуухан эвшээгээд
Алмайсан сарны доор тал нутаг минь нам гүмд хучигдаад
Өнөө маргаашийн тухай эргэцүүлэхэд чамайгаа би энэрээд
Энэ намар хэчнээн өөр вэ
Чимээгүйхэн надад шингээд
ЭГНЭШГҮЙ
Ангир цагаан уургаараа зүрхэнд хайрын хүч өгсөн
Аялгуу жаахан ижийгээ би эх нутагтайгаа хайрлана
Уйлах нулимс, уярах сэтгэлийг урлаж надад өгсөн
Уйтан хөх өвгөдөө ч тэнгэр зүгтэй нь хайрлана
Хайрын хүч эгнэшгүй
Жаалхан хонгор охины хайрын совинд гэрэлтээд
Жаргалтай дулаан сэтгэлийг нь нартай зүйрлэж бодсон
Сайхан халуун дурлалыг сэтгэлээ дэвсэж хайрлахдаа
Санаж ухаарсан бүхэн минь бүсгүй хүнээс л эхтэй
Хайрын хүч эгнэшгүй
Сансрын хүрдэн эргүүлэгтэй орой, зулай нь ижилхэн
Сайхан үртэй болохдоо сэтгэл удаан хөвсөлзөн
Хүний нэгэн амьдралыг жаргал зовлонтой нь тэврээд
Хүй орчлонгийн жамыг би өөрөөсөө эхэлж таньсан
Хайрын хүч эгнэшгүй
Айзам эгшгийн эрэг дээр анир чагнан суухад
Агаар гэрлийн мандалд нарны тоос хөвнө
Айсуй совин гэдэг эртний бөгөөд торгомсог оо
Алтан сайхан дэлхийгээ би буй бүхэнтэй нь хайрлана
Хайрын хүч эгнэшгүй ээ
БИЧГИЙН ИХ ХҮМҮҮН ВАНЧИНБАЛЫН ИНЖИНАШТ
Бороон дусал дээврийн ирмэгт тог тог дусалж
Бодол бүхний завсраар өдөржин нэвтрэмүй
Нойрны хаяанд үлдсэн тэр чимээг чагнахуйд
Нойтон дэлхийн зүрхний цохилт мэт санагдмуй.
Намрын өвс бороонд дарагдан бөхийж
Нарны үлдээсэн шаргал өнгийг тээмүй
Хөл дор минь өчигдөр хугарсан тэр нарийхан иш
Хэзээний өнгөрсөн зуныг чимээгүйхэн сануулмуй
Тэртээх өдрүүдэд би нэгэн зүйлийг мөрөөдсөөр
Тэнгэрийн цаадах тэнгэрээс л шүлэг олохыг л хүслээ.
Гэвч хүсэл гэдэг холын юм бус аа,
Гэрэлгүй өрөөнд ч асааж болох дэнлүү мөн
Толины өмнө зогсон өөрийгөө удаан ширтэхүйд
Тодорхой нэгэн царай бус, олон жил надаас үзэгдмүй
Инээмсэглэж явсан өдрүүд, уйлж явсан шөнүүд ч
Ижил тэнцүүхнээр нүдний аяганд багтмуй
Сайн сайхны үнэр цэцгийн анхилан мэт эгшин зуур
Салхинд уусаж, муу муухайг хийсгэмүй
Муу муухай ч бас нэгэн өдөр элэгдээд
Мөнөөхөн сэтгэлд минь сайхны зайг үлдээмүй
Гэгээвчийн цаана харанхуй аажмаар зузаарахад
Гэгэлзэх сүүдэр минь өрөөг дүүргэн холхимуй
Гэвч харанхуй гэдэг төгсгөл бус
Гэрэл төрөхийг тэнд би тэвчээртэй хүлээмүй
Тэгээд би борооны дууг дахин чагнамуй
Намрын өвс, толинд үлдсэн царай, нэлэнхүй сүүдрийн завсраар
Нэгэнтээ мөрөөдөж асан холын түүнийг Нэрэлхэж чимээгүйхэн дурсаад санаа алдмуй
Дурсахуй гэдэг заримдаа зурвас бүхнийг авчрах
Дуусаж буй лааны гэрлийг дотроо хадгалах
Бороо намжиж, намрын өвс салхинд хөдөлмүй
Бодол минь орчлонгийн дээврээс тов тов дусалмуй
ЭМХ ЦЭГЦИЙН ТУХАЙ ЭМХ ЦЭГЦГҮЙ БИЧВЭР
Гэр орноо эмхэлж цэгцлэх гэж хэрдээ л ядрахдаа
Гэм зэмгүй бяцхан охиноо жаахан зэмлэчихлээ
Тархи толгой, оюун бодол минь
Амьдрал, байрны төлбөр, сарын цалин, хэрхэн амьдрах
Алс дорнодын дайн, аугаа ихийн хэнээрхэл, хиймэл оюун
Өвчин эмгэг, хоол хүнс, ирээдүй, ирээгүй энэ тэр гээд
Ер юухнаар ч хамаагүй дүүрээд
Хогийн сав шиг эмх цэгцгүй байгааг эргэцүүлж бодохдоо
Орон дээрээ завилж суугаад нүдээ анин
Орж гарах амьсгал дээрээ төвлөрөн хэсэг суув
Будда ингэж л хичээн бясалгасаар гэгээрэлд хүрэхэд
Бусад нь будаа, ногоо, махаа идэнгээ
Хамгийн ихдээ л маргаашийн тухай бодсон байх даа гэж бодоход
Эрхгүй түсхийтэл инээчихлээ
Бясалгаж ч чадахгүй эмх цэгцгүй байгаа минь үнэндээ
Ердөө ахуйд л хэтэрхий хүлэгдсэний хар гай даа
АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН БОРОО
Хот хоорондын унаанд шөнийн турш
Зорчигчдын зүүдэн дунд
Чамайг л бодсоор би үүр цайлгаж байна
Залуу нас, гоо үзэсгэлэн зуурдынх гэдгийг
Мэдсээр атлаа Чинийхээ зовхин дээр үнсэх
Тэмүүлж чи намайг тэврэх Чичигнэсэн амьсгал энгэрийг минь ирвэгнүүлэх
Таатай нандин мэдрэмж бүгд
Зүглээд л өнгөрсөн рүү одчихно гэдгийг бодохоор
Зүрх чичрээд, харуусмаар юм хайрт минь
Гээд яах вэ
Шөнийн нэлэнхүй хар даавуу алгуур хумигдсаар
Арайхийн танил улбар туяа татаад үүр хаяарлаа
Чамаас хол, уйтгартай урт шөнө ингээд дууслаа
Хайр мөнх гэж хэн нэгэн шивнэх шиг болохуйд
Чихэвчээр Guns N’ Roses -ийн
Арван нэгдүгээр сарын бороо