АН-ынхан “4-11” мэдээллийн цагаараа өчигдөр Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Орлогыг нэмсэн бол хуримтлал үүсгэх, эсвэл аль нэг мега төслөө бүрэн дуусгахад анхаарах ёстой ч зарлагаа зэрэгцүүлээд тэр хэмжээгээр өсгөсөн төсөв оруулж ирснийг шүүмжлэв. Тус намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “2026 оны төсвийн орлого 2-3 их наяд төгрөгөөр тасарсан, үүнийг яаж нөхөхөө мэдэхгүй атлаа ирэх онд 30 гаруй хувиар өссөн төсөв оруулж ирлээ. Үүнийг бид сонгуулийн жилд зориулсан төсөв гэж үзэж байна. Ер нь өмнөх сонгуулийн жилүүдэд ч төсвийн орлого, зарлагыг өсгөдөг байсан. Мөн Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа ноцтой зөрчиж, Оюутолгойгоос орж ирээгүй байгаа, мөн иргэдэд хуваарилах ёстой гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг өмнөөс нь зарцуулж, ДЦС-VI барих гэнэ. Уг мөнгө хуримтлалын сангаар дамжаад иргэдийн нэрийн дансанд байрших ёстой. Гэтэл Засгийн газар өмнөөс нь дур мэдэж, Баялгийн сангийн мөнгийг зарцуулах нь. ДЦС-V барих тухай шийдвэр 30 жилийн өмнө гарч, шав тавиад 20 он улирлаа. Үүнийгээ ч барьж чадаагүй байж юун ДЦСVI билээ” гэв. Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир “Есөн шид нь бүрдсэн төсөв гэж бид тодорхойлж байна. 2015 оноос хойш төсвийн зарлага өнөөдрийг хүртэл 10 дахин өссөн, данхайсан. Гэвч иргэдийн худалдан авах болон амьдрах чадвар ийм хэмжээгээр сайжирсангүй. 2024 онд байгуулсан УИХ долоо дахь төсвөө хэлэлцэж байна. Баталдаг, тодотгодог, хоригийн дараа дахин хэлэлцдэг. Мөн жил бүр л төсөвт инфляцыг зургаан хувьд барина гэж оруулдаг ч биелдэггүй. ТӨК-иудын орлогыг төсөвт татаж авах нь зөв. Гэвч өнгөрсөн 10 жилд МАН эрх барьсан, өнөөдрийн сайд нар бүгд л Засгийн газарт ажиллаж байсан атлаа гэнэт сэрж буй мэт хандах хэрэггүй. Ганц ашигтай ажилладаг “Эрдэнэс Тавантолгой” компани нь 8.5 их наяд төгрөгөөр төсөл санхүүжүүлсэн байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 онд зөвхөн захиргааны ерөнхий удирдлагын зардалдаа 500 тэрбум төгрөг зарцуулжээ. Бидэнд мөнгө байгаа ч удирдаж буй хүмүүс нь буруу. Орлогыг 10 их наядаар нэмэхтэй зэрэгцээд зарлагаа тэр хэрээр өсгөх ёсгүй. Үүнийгээ зас” гэлээ.
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа “Төсөв тэлэхэд Монголбанк хяналт тавих ёстой ч энэ байгууллага ажлаа хийж чадахаа больсон. Ажлыг нь хийлгэхээ ч больсон байна. Хуульд нь өөрчлөлт оруулаад Монголбанк төсөвт зөвлөмж өгдөг байсныг зөвхөн санал хэлэх болгосон. Төсвийн тодотгол өргөн барьсныг тэд сүүлд нь мэдсэнээ хэллээ. Засгийн газар төсвийн бодлогоо зөв хийж чадахгүй байгааг энэ бүхэн харууллаа” гэсэн юм.