Усны ослын эрсдэл өндөр, хүн олноор цуглардаг нийслэлийн таван дүүрэг, найман аймгийн 23 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Мөн улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Бүү бас” гол, усны ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул голын дагуух эрсдэл бүхий 20 байршлыг тодорхойлон, сэрэмжлүүлэг самбар байршуулжээ. Иймд уг самбар дээрх анхааруулга, зөвлөмжийг мөрдөх, цүнхээл, гүнзгий болон эрсдэлтэй хэсэгт орохгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг онцгой байдлын байгууллагынхан анхаарууллаа.
Улсын хэмжээнд энэ сарын 2-ны байдлаар усын ослын 118 дуудлага бүртгэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 28.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин эл ослын улмаас 82 хүн нас барсны 25 нь хүүхэд. Амиа алдсан иргэдийн 14.6 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орж живсэн байжээ.
Ч.Туяа