Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй Засгийн газрын гишүүд болон холбогдох албаны төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Ерөнхий сайд Н.Учрал 9 дүгээр сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын зорилтын талаар санал солилцлоо. Мөн Оросын төр, засгийн удирдлага, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ 18.1 ХУВИАР ӨСЖЭЭ
Энэхүү уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа эерэг динамиктай байгааг онцоллоо. Тухайлбал, худалдааны эргэлт өнгөрсөн онд 4.5 хувиар өссөн бол энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар нэмэгдсэн байна. Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр өнгөрсөн долдугаар сард хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг В.Путин тэмдэглэв. Уг хэлэлцээр нь Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг ЕАЭБ-ын зах зээлд нийлүүлэхэд илүү таатай нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтой юм.
БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ШУУД ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛНЭ
Мөн есдүгээр сарын 2-нд Дорнын эдийн засгийн форумын хүрээнд ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Сергей Катырин Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай уулзаж, хоёр орны худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагаа, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг хөгжүүлэх талаар ярилцлаа. Сергей Катырин Оросын бизнес эрхлэгчдийн зүгээс Монгол Улстай хамтран ажиллах сонирхол өндөр байгааг онцлон тэмдэглэлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ-ын бүс нутгийн худалдаа, аж үйлдвэрийн танхимууд Монголын чиглэлд 60 гаруй арга хэмжээ зохион байгуулж, нийт 22 танхим оролцсон байна.
Харин 2026 оны эхний хагаст хоёр орны бизнесийн хамтын ажиллагааны чиглэлээр 15 орчим арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад Оросын талаас Монгол Улстай хамтын ажиллагаагаа хамгийн идэвхтэй сайн хөгжүүлж буй бүс нутгуудад Буриадын Бүгд Найрамдах Улс, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү, Красноярскийн муж болон Тувагийн Бүгд Найрамдах Улс багтаж байгааг бизнесийн салбарынхан онцолж байна. Түүнчлэн олон улсын тавцанд Монголын түншүүдтэй идэвхтэй харилцаж, олон талт арга хэмжээний үеэр уулзалт, зөвлөлдөх уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байгааг онцоллоо. Тухайлбал, НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хүрээнд хамтын ажиллагаа өрнөж, хоёр улсын гадаад бодлогын байгууллагуудын хооронд зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулагдаж байна.
Уулзалтын үеэр удахгүй болох Монгол, Оросын Бүс нутгуудын II форумд онцгой анхаарал хандууллаа. Тус форумыг есдүгээр сарын 14-15-нд зохион байгуулах бол ОХУ, БНХАУ, Монгол Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн форум болон “Улаанбаатар партнершип” олон улсын үзэсгэлэнг есдүгээр сарын 17–20-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн 2026 оны долдугаар сарын 22-нд хүчин төгөлдөр болсон Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улс хоорондын түр худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдэд нээгдэж буй шинэ боломжуудын талаар талууд хэлэлцэв. ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим бизнесийн харилцаа холбоог өргөжүүлэх, хоёр орны компаниудын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хамтын ажлаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо.
ТЭЭВРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ХУДАЛДААГ ӨСГӨХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Мөн есдүгээр сарын 2-нд Дорнын эдийн засгийн форумын хүрээнд “Орос-Монгол” хоёр улсын хамтарсан бизнесийн яриа хэлэлцээ боллоо. Энэ үеэр ЗТЯ-ны Төмөр замын тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт төмөр замын тээвэр, ачаа тээврийн хэмжээ болон хоёр орны худалдааг нэмэгдүүлэх боломжийн талаар танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын төмөр замын ачаа нэвтрүүлэх хүчин чадал жилд 33 мянган тонн байгаа бөгөөд өнгөрсөн онд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин БНХАУ руу 31 мянга орчим тонн ачаа тээвэрлэснийг мэдээллээ. Мөн цаашид ачаа тээврийн хэмжээ жилээс жилд нэмэгдэх төлөвтэй байгааг онцоллоо. Монгол, Оросын тал өдөрт 10 вагон ачаа тээвэрлэхээр тохиролцсон боловч бодит байдал дээр өдөрт дунджаар 8 вагон тээвэрлэж байгаа нь хоёр орны худалдааг нэмэгдүүлэх ашиглагдаагүй боломж байгааг харуулж байна гэдгийг Х.Итгэлт дарга онцолж байна. Өөрөөр хэлбэл, өдөр бүр нэмэлт хоёр вагон ачаа тээвэрлэх боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломж байгааг харуулж байна.
ЕАЭБ 180 САЯ ХҮНИЙ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА
Монголын бизнес эрхлэгчид мөн 2026 оны долдугаар сарын 22-нд хүчин төгөлдөр болсон Евразийн эдийн засгийн холбоо буюу ЕАЭБ нь болон Монгол Улс хоорондын түр худалдааны хэлэлцээр-т өндөр ач холбогдол өгч байна. Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улс уламжлалт экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлж, Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд нийлүүлэх боломжтой болж байна.
Үүнд мах, бяслаг, зөгийн бал, хүнсний ногоо, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, хүдэр, бордоо зэрэг Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнүүд багтаж байна. Евразийн эдийн засгийн холбооны зах зээл нь 180 сая орчим хэрэглэгчтэй бөгөөд Монголын бизнес эрхлэгчдийн хувьд экспортын шинэ боломж, зах зээлийн цар хүрээгээ тэлэх чухал гарц болж байна.
Ийнхүү Дорнын эдийн засгийн форумын хүрээнд Монгол, Оросын төр, засгийн түвшний харилцаанаас гадна бүс нутаг, бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлууд хэлэлцэгдэж, худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ боломж, бодит төслүүдээр баяжуулах чиглэлд талууд санал нэгдэж байна.