Төвбанк өнгөрсөн сард 3058 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 54.4 хувиар өссөн үзүүлэлт болов. Түүнчлэн оны эхнээс өссөн дүнгээр тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, арилжаа эрхлэгч 39 иргэнээс нийт 11.9 тонн үнэт металл худалдан аваад байгаа аж. Үүнийг дэлхийн зах зээлийн үнээр тогтоодог онцлогтой. Өнгөрсөн сард нэг грамм алт худалдан авах дундаж ханш 507 274 төгрөг байжээ. Алтны худалдан авалт болон голлох эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого валютын нөөцийг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлж буй.
Унц нь 4000 ам.доллароор тогтсон алтны үнэ өнгөрсөн наймдугаар сарын эхнээс хойш ойролцоогоор 10 хувиар дээшилсэн. Хамгийн сүүлд үүнтэй дөхүү өсөлт үзүүлсэн нь 1999 оны есдүгээр байсан аж. АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн, хүлээлтээс харьцангуй бага гарсан инфляцын үзүүлэлтүүд нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөх магадлалыг бууруулж, улмаар ам.долларын ханшийг сулруулсан юм. Энэ нь алтны хувьд таатай нөхцөл болсныг шинжээчид тодотгож байв.
Энэ оны II улирлаас Төвбанкнууд алт худалдан авалтаа эрчимжүүлсэн. Дэлхийн алтны зөвлөл (WGC)-ийн мэдээлснээр тэд энэ оны 4-6 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 289 тонн алт цэвэр дүнгээр худалдан авчээ. Энэ нь өмнөх гурван сарын хэмжээнээс тав дахин их дүн бөгөөд тухайн улирлын хувьд түүхэн дээд үзүүлэлт болсон аж. Олон улсын валютын сангийн өнгөрсөн сард нийтэлсэн судалгаанд уг металл нь маш өндөр хэлбэлзэлтэй, эрсдэлийг хамгаалах болон төрөлжүүлэх үр ашиг нь гаднын нөхцөлөөс хамаардаг тул хөрвөх чадварын зорилгоор худалдан авах нь тохиромжгүйг онцолсон.
Д.Хэрлэн