Философич С.Молор-Эрдэнийг уржигдар тагнуулын байгууллагаас шалгаж, мэдүүлэг аваад үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн заалтыг үндэслэн сэжигтнээр тооцон хойшлуулшгүйгээр баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьжээ. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 19.9-1 дэх хэсгийн “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан үйлдлийг зохион байгуулсан” гэх заалтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлж байна. С.Молор-Эрдэнийг хойшлуулшгүйгээр баривчилснаа хүчинтэйд тооцуулах санал мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас өчигдөр өглөө Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн бөгөөд тус шүүхийн шүүгч хүчинтэйд тооцох шийдвэр гаргасан байна. Улмаар С.Молор-Эрдэнийг дээрх зүйл заалтад заасны дагуу яллагдагчаар тооцон цагдан хорих санал тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас хүргүүлснийг өчигдөр үдээс хойш 13.30 цагт хэлэлцсэн юм. Улмаар 14.20 цагийн үед Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод захирамж гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсгийн “оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа” гэх заалтыг үндэслэн нэг сарын хугацаагаар цагдан хорихоор боллоо.
Тэрбээр Монгол Улс, Чингис хаанаа үгүйсгэж, ярилцлага өгч байсан нь шалгах үндэслэл болоод байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Японы иргэн Томоко гэх эмэгтэйтэй шууд ярилцлага хийж, олон нийтийн сүлжээгээр дамжуулахдаа “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв Ази хавиар байсан байж магадгүй” гэх зэргээр ярьсан байдаг. Үүнээс өмнө 2020 онд сонинд ярилцлага өгөхдөө “Хятад дэлхийг эзэлж байна, харьяат нь болох хэрэгтэй” хэмээсэн удаатай. Эдгээрт үндэслэн шалгаж буй юм.
Иргэдийн зарим нь “С.Молор-Эрдэнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-аас нэр дэвшихээ илэрхийлсэнтэй нь холбоотойгоор баривчилж, эрүүгийн хэрэгт шалгалаа. Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлснийх нь төлөө хорьж байна” хэмээж байна. Харин нөгөө хэсэг нь улс үндэстнээ доромжилсон иймэрхүү тохиолдолд дэлхийн аль ч улс оронд хариуцлага тооцдог. Хариуцлага тооцох нь зөв” гэцгээж байгаа юм.