Монгол орны хэмжээнд шинжлэх ухаанд албан ёсоор бүртгүүлсэн дөрвөн зүйлийн зурам одоогоор бий гэнэ. Тэгвэл энэ тоо удахгүй нэгээр нэмэгдэж болзошгүй талаар МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, хөхтөн судлаач Н.Батсайхан мэдээллээ. Биологич, амьтан судлаач Ц.Одбаяр өмнө нь бүртгэгдэж байгаагүй, Монголын бусад зүйлээс давжаа биетэй, ахар сүүлтэй нэгэн “содон” зурмыг энэ оны зургаадугаар сард Зүүн гарын говийн Уушигийн улаан уул орчмоос илрүүлснийг Оросын судлаачид өдгөө лабораторийн орчинд шинжлэн судалж буй гэнэ. Судлаачид үүнийг ахар сүүлт хэмээх бие даасан зүйл байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ нь молекул генетикийн судалгаагаар батлагдсан тохиолдолд манай орны зурамны зүйл нэгээр нэмэгдэх аж.
Монгол, Америкийн хамтарсан судлаачдын баг өмнө нь 2011 онд Байтаг богд уулын Цагаан бургастай голын орчмоос үүнтэй ижил зурам илрүүлсэн ч нарийвчлан судалж, зүйлийн түвшинд ялган таньж чадаагүй. Харин энэ удаа молекул генетикийн түвшинд судлуулахаар хойд хөрш рүү дээж илгээжээ.
Ж.Сувд