Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос 2026 оны төсвийн тодотголтой холбогдуулан өчигдөр хэвлэлийн хурал хийв. Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын олон сарын турш тавьсан шаардлага, зохион байгуулсан тэмцлийн үр дүнд цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, төсөв санхүүжилттэй холбоотой тодорхой асуудлуудыг нэг тийш болгохоор Засгийн газрын түвшинд шийдвэрүүд гарсан. Гэвч шийдвэр гаргаснаар асуудлыг эцэслээгүй бөгөөд санхүүжилтийг төсөвт бодитоор тусгаж, хугацаанд нь хэрэгжүүлэх нь хамгийн чухал болохыг хуралд оролцогчид онцолсон юм. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Э.Тамир “Боловсролын салбарт 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 50, арваннэгдүгээр сарын 1-нээс 26, нийт 76 хувь, эрүүл мэндийн салбарт өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс он дуустал сар бүр есөн хувиар цалин нэмэх хэлэлцээрийг тухайн үеийн салбарын сайд нартай баталгаажуулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүртгэж авсан. Харамсалтай нь, ийм хэмжээний төсвийг тодотголд тусгасангүй. Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Засгийн газраас шаардаж байна” гэв.
2026 оны төсвийн тодотголын хүрээнд боловсролын салбарын дутагдсан цалингийн зардалд 674.5, эрүүл мэндийнхэд 90 тэрбум төгрөг тус тус тусгахаар төлөвлөжээ. МҮЭХ-ны зүгээс эдгээр шийдвэр, төсөвт туссан арга хэмжээний хэрэгжилтийг шаардан, ажиллахаа мэдэгдэв. Хэлэлцээрийн биелэлтийг бүрэн хангахгүй бол дахин ажил хаяхад ч бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Ч.Болор