Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Дорнод аймгийн Баян-Уул сумын Шалз гэх газарт өнгөрсөн сарын 31-нд дөрвөн баавгай орж ирсэн билээ. Иргэд цахим орчинд зургийг нь нийтэлж, сэрэмжтэй байхыг анхааруулж байв. Харин тус цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбо, байгаль хамгаалагчид, тухайн сумын холбогдох албан хаагчид, нутгийн иргэдийн хамт шуурхай арга хэмжээ авч, баавгайнуудыг Эрээний нуруу руу тууж, аюулгүй бүсэд хүргэжээ.
Суурьшлын бүсэд нэвтэрсэн эх баавгай, гурван бамбаруушийг Дорнодын Баян-Уул сумын II багийн нутаг, Өвөр шар хөв гэх газраас Онон, Балжийн цогцолборт газрын Б хэсэг, Эрээний нуруунд ийн хүргэхэд 57 км замыг нийт 18 цагт туулсан гэнэ. Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, зааварчилгааг баримтлан баавгайг зөөлөн тууж, замын явцад дөрвөн удаа 1-2 цаг орчим амрааж, амьдрах орчинд нь аюулгүй хүргэснийг байгаль хамгаалагчид хэлэв. Хадлан тэжээл бэлтгэж буй болон жимс түүж байгаа иргэд ой, хээрийн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан анхааруулсан. Ташрамд, Хэнтий аймгийн Батширээт сумын Бүрхийн төгөл гэх газарт энэ сарын 28-29-нд шилжих шөнө хүрэн баавгай айлын гэр лүү дайрч, эвдсэн тохиолдол гарсан юм.
Ч.Цэлмэг