Нэг хэсэг шуугиан тарьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан төслийг хэлэлцэхийг парламент дэмжсэн. Гэвч түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч буй ч энэ сэдвийг улс төрчид мартсан мэт л байна. Тэгвэл УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр ч төслийг үүнээс өмнө гишүүн Х.Тэмүүжин болон Х.Баасанжаргал нар өргөн барьсан байжээ. Эдгээрийг энэ долоо хоногоос л хэлэлцэж эхэлж буй юм. Үүний цаана УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай Б.Батбаатар, М.НарантуяаНара нарын төсөл ч бий. Гэхдээ эдгээр нь хэлэлцэх асуудлын дараалалд хараахан орж ирээгүй байгаа. Иймд УИХ-ын тухай хуульд олон талаас нь өөрчлөлт оруулах эдгээр төслийг нэгтгэж хэлэлцэх шаардлагатай болжээ. Тэр болтол гишүүнийг эгүүлэн татах асуудлыг түр “мартаад” буй аж. Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан төслийг бараг жил “дарсны” эцэст арай гэж оруулж ирсэн нь энэ.
Ашиг сонирхолд нь нийцсэн төслөө УИХын даргын дэргэдэх зөвлөл чатаар “хуралдаад” маргаашийн дараалалд оруулж чаддаг. Харин таалагдаагүй төслийг жилээр ч дарж чаддагийн нэг жишээ болов.
УИХ-ЫН ГИШҮҮН-ЕРӨНХИЙ САЙД БУСАДТАЙГАА ЗЭРЭГЦЭЖ СУУНА
Яагаад ч юм хууль тогтоох байгууллагын танхимын хойморт гурван сэнтий засдаг хэв маягаар манай улс явж иржээ. УИХын даргаас гадна тэнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад зориулсан тусдаа суудал бий. Төрийн тэргүүн тааллаараа нэгдсэн чуулганд оролцох эрхтэй. Харин Ерөнхий сайд бол УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй гүйцэтгэх албан тушаалтан. Парламентад ажлаа тайлагнадаг, эргээд УИХ түүнд хяналт тавьж, хариуцлага тооцдог тогтолцоотой. Гэтэл гүйцэтгэгчээ УИХ-ын нэгдсэн чуулганы танхимын оройд залчихсан байдаг. Өнөөх нь ч өөрийгөө “бүх юмны дарга” гээд ойлгочихсон, гишүүдийг дээрээс харж, загнаж, доромжлоод суудаг. Үнэндээ эл жишгийг Л.Оюун-Эрдэнийн үед тогтоосон юм. Ерөнхий сайд асуулт тавьсан УИХ-ын гишүүнийг өөр хүний нэрээр дуудан ёжилж суусан нь бий. Тэр үеэс сөрөг хүчнийхэн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт алдагдсан, хил хязгаар нь холилдсон байдлыг засах талаар дуугарч эхэлсэн. Үүний тулд Х.Тэмүүжин гишүүн чуулганы танхим дахь суудлын зохион байгуулалтыг дахин өөрчилж, УИХ-ын гишүүнЕрөнхий сайдыг бусдынхаа адил нэг түвшинд, хамт суудаг болгох агуулга бүхий төслийг 2025 оны зургаадугаар сарын 12-нд өргөн барьсан юм. Гэвч УИХ-ын гишүүн-Ерөнхий сайд нь индрээсээ бууна гэдгийг эрх баригчид огцрохтой адилтган “эмзэглэсэн” бололтой. Түүний төслийг УИХын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулалгүй жил орчим “дарсан”. АН-ынхан ч бүлгээс нь санаачилсан төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдэж өгөхийг шаардсаар эцэст нь энэ долоо хоногт сая нэг дараалалд оруулжээ.
Х.Тэмүүжин гишүүний санаачилсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн 15.4-т “Нэгдсэн хуралдааны танхимын суудал, түүний хуваарь нь УИХ-ын бүрэлдэхүүнд зориулагдсан байх бөгөөд танхимын хойморт зөвхөн хуралдаан даргалагчид зориулсан суудлыг тусгайлан байрлуулна. Үндсэн хуулийн 33.3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор танхимын зохих хэсэгт Ерөнхийлөгчид зориулсан тусгайлсан суудал байрлуулж болно” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг тэргүүн дээрээ залах биш, бусад гишүүнтэйгээ зэрэгцэж суудаг болгох агуулга. Мөн УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайдын суудал ажлын хэсгийнхний хэсэгт байрлана гэжээ. Уг заалтыг УИХ баталбал Г.Занданшатар шиг УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайд нар гишүүдийн суудаг хэсгээс тусдаа, ажлын хэсгийнхэнтэй “хаяа залгана” гэсэн үг. Энэ талаар Х.Тэмүүжин гишүүн “Ерөнхий сайд нь гишүүдтэй нэг түвшинд сууж байж парламентын мэтгэлцээн өрнөж, бодлогын асуудал хөндөнө. Мөн Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гардаг, эрх мэдлийн алдагдлыг цэгцэлнэ” гэсэн байна.
БАЙНГЫН ХОРООНЫ ТООГ ДАХИН ГУРВААР НЭМЭХ НЬ
Гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ сарын 13-нд УИХын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсныг тэр даруйд нь л хэлэлцээд дэмжсэн. Түүний төсөлд байнгын хорооны тоог гурваар нэмж, бүтцийг нь өөрчлөхөөр тусгажээ. Уг нь одоогийн найман байнгын хороотой байх бүтцийг жилийн өмнө баталсан. Гэхдээ бас л өөрчлөхөөр шийджээ. Одоогийн бүтцээс Төрийн байгуулалт, Төсвийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Өргөдлийн байнгын хороог бол “хөндөхгүй” нь. Харин Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамаарах асуудал хэтэрхий олон, түүнийгээ хэлэлцэж барахгүй байгаа учраас тарааж, “хольж солих” өөрчлөлт хийж буй аж. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог хоёр салгажээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн байнгын хороо бий болох гэнэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн асуудлыг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хамаатуулсан байснаа болих нь зөв гэж үзжээ. Тэгэхээр эл байнгынх хороо нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Эрүүл мэнд, нийгмийн бодлогынх хэмээн салж байна. Цахим хөгжил, инновацыг Эдийн засгийн байнгын хороонд нэгтгэсэн байснаа бас буцаахаар шийджээ. Өөрөөр хэлбэл, Цахим хөгжил, хиймэл оюуны бодлогын гэдэг шинэ байнгын хороо бий болгох нь. Мөн Хууль зүй, хүний эрхийн байнгын хороо байгуулахаар тус тус төсөлд тусгаж. Том том салбарыг нэгтгэж үзээд “даахгүй нохой булуу хураахын үлгэр” болсон аж. УИХ-ын бүтцийн байгууллага хоёр жилийн дотор байн байн өөрчлөлт хийх нь төрийн залгамж чанарыг алдагдуулж байна хэмээн Ж.Баярмаа гишүүн шүүмжилсэн. Мөн тэрбээр “Байнгын хороог нэг цөөлж, тэгснээ дахин нэмж буй нь гишүүддээ “бялуу” хуваах улс төрийн зорилготой юм биш үү” хэмээн хардаж буйгаа илэрхийлэхэд УИХ-ын дарга С.Бямбацогт “Ажлаа хурдан зохицуулахын тулд ингэж өөрчилж байгаа” гэсэн тайлбар өгчээ.
Эдүгээ мөрдөж буй УИХ-ын тухай хуулиар сайд нарыг байнгын хороонд тодорхой хязгаартайгаар оролцуулахаар заасан юм. Хуулийн 25.5-д “Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос, бусад байнгын хорооны бүрэлдэхүүнд гурваас илүүгүй байна” гэсэн заалтыг хасахаар Ж.БатЭрдэнэ гишүүний төсөлд мөн тусгасан байна. Тэгэхээр эдгээр байнгын хороонд сайд нар бөөнөөрөө харьяалагдаж болно. Түүнчлэн сайд өөрийн эрхлэх асуудалд хамаарах байнгын хорооны бүрэлдэхүүнд орохыг хориглосон заалтыг хүчингүй болгоно гэсэн байх юм.
Түүний төслөөс авах нэг заалт нь 8.5 дахь “Ээлжит чуулганы хугацаанд гишүүний ирц, саналаа биечлэн өгсөн байдал, чуулганы хуралдаанд асуулт тавьсан, үг хэлсэн тоо, дотоод, гадаад албан томилолт, хууль тогтоомжийн төсөл дангаар болон хамтран санаачилсан, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь багтсан, хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон байдал, хууль тогтоомжийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал, энэ хуульд заасан хариуцлага хүлээсэн, эсэх талаарх мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд ил тод, тогтмол мэдээлнэ” хэмээх зохицуулалт. Шаардлагагүй гэмээр олон гишүүн төрийн айлчлалд дагалддаг, тэр бүрд төсвийн мөнгө урсаж буй. Гэтэл хэн хэдэн удаа томилолтоор явсан тухай ил тод мэдээлэл байдаггүй. Бас дээрх мэдээллийг ил тод зарлаад эхэлбэл худал попрохоос хэтэрдэггүй гишүүд үндсэн ажлаа хэрхэн хийж буй, хуулийн төсөл санаачилсан, үгүйгээрээ ялгараад ирнэ. Мөн бүрэн эрхийн хагас нь өнгөрч байхад хэлд ордоггүй гишүүн М.Сарнайгаас өөр байгаа, эсэхийг мэддэг болно. Хэн ажлаа үнэхээр хийж, хууль санаачлах, иргэдийн ахуй амьдралд нэмэр тус болох бодлого санаачилсныг нь дүгнэх боломж ч бүрдэх аж.
Уг хуулийн төсөл нь зарим талаараа Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төсөлтэй давхцаж байна лээ. Гишүүдийг ёс зүйн дүрмээ чандлан сахиагүй нөхцөлд тооцох хариуцлагыг нэмэхээр тусгажээ. Дэг зөрчсөн гишүүнд хуралдаан даргалагч сануулах, цаашлаад үг хэлэх, асуух эрхийг хасах арга хэмжээ авах нь. Мөн дээрх 8.5 дахь заалтыг үндэслэн Ёс зүйн дэд хороо гишүүдэд хариуцлага тооцдог болно гэжээ. Ингэхдээ 30 хоногоор хуралдаанд суух эрх хасах, цалинг 20 хувиар гурван сар хүртэл хугацаагаар бууруулах, нэг сард ногдох санхүүжилтийг нь өгөхгүй байх хариуцлага тооцохоор оруулж. Ажилдаа ирдэггүй, саналаа өөрийн биеэр өгдөггүй хүмүүсийн хэтэвчтэй “ярих” юм байна.
Харин Х.Баасанжаргал гишүүний санаачилсан төсөл тун товчхон юм билээ. Гишүүний хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын талаарх зарим мэдээллийг УИХ-ын цахим хуудсанд ил тод байршуулах агуулгатай.
САЙД ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭРТЭЙ ТАВ ХОНОГТ ТАНИЛЦАНА
Эдгээрээс гадна УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах дөрвөн ч төслийг хэлэлцэх гэж буй. М.Бадамсүрэн тэргүүтэй 33 гишүүний санаачилсан төсөлд Засгийн газрын тэргүүн танхимынхаа бүрэлдэхүүнийг чөлөөлөх, томилох шийдвэр гаргасан нөхцөлд УИХ танилцуулгыг нь тав хоногт багтаан сонсохоор хугацаа зааж өгчээ. МАН дотроо хоёр талцах үед Ерөнхий сайд Г.Занданшатарын Хууль зүй, дотоод хэргийн сайдаа чөлөөлж, томилсон шийдвэртэй танилцахгүй “гүрийсэн” тохиолдол гарсан. Үндсэн хуулиар Ерөнхий сайд танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрөө шийдэх эрхтэй атал албажуулах үйл явцад нь УИХ “саад” хийдгийг болиулах нь зөв гэж дээрх гишүүд үзсэн байна.
Дав.Цогтбаатар гишүүн санаачилсан төсөлдөө асуух хугацаагаа 10 минут болгон нэмэх талаар тусгасан бол Д.Энхтүвшин гишүүн чуулган, байнгын хороогоор хэлэлцсэн шийдвэрийн товч мэдээллийг тухайн өдөрт нь УИХ-ын цахим хуудсанд байршуулах санал гаргажээ. Ж.БатЭрдэнэ гишүүн УИХ-ын тухай хуулиас гадна УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн бас нэг төсөл өргөн барьсан аж. Үүний 6.12-т “УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлснээс хойш ээлжит чуулганы хугацаанд нэг сарын дотор энэ хуулийн 6.6-д заасан тов, дараалалд тусгана” хэмээн зааж өгчээ. Эл заалтыг УИХ баталбал гишүүдийн санаачилсан төслийг “тоосонд даруулдаг”, таалагдсан, үгүйгээр нь ялгадаг байдлыг халах бололтой. Д.Энхтүвшин гишүүн дээрх төслөө 2025 оны арванхоёрдугаар сард буюу хагас жилийн өмнө өргөн барьсан юм билээ. Тэрбээр ийн хүлээж байж төслөө хэлэлцүүлж буй гэсэн үг.
Энэ мэтээр парламентын үйл ажиллагааг сайжруулах, эсвэл “бялуу” хуваах олон зорилгоор гишүүд УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт, “засвар” хийх төсөл өргөн бариад байна. Мөн хамгийн их өөрчлөгддөг, “гар хүрдэг” хуулийн төслүүдийн нэг нь дээрх хуулиуд гэж хэлж болно. Ижил төслүүдийг нэгтгэн хэлэлцдэг жишиг ёсоор дэмжсэнийх нь дараа “базах” учиртай. Тэр үед л Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төсөл “амилна”.