“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нууц орд харш, амралтын газрууд болон хотын төв дэх барилгууд” гэсэн тайлбар бүхий дүрс бичлэгийг Dens. mn сайт фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн нь олон нийтийн анхааралд өртсөн. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ынхан Dens.mn-ийг хакердан уг бичлэгийг устгасан гэж тус сайтын эрхлэгч Т.Шинэбаяр мэдэгдэж, уг дүрс бичлэгийг дахин нийтэлснээ хэлсэн юм. Харин ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг энэ бүхнийг үгүйсгэж, ор үндэслэлгүй, шантаажлах зорилгоор зориуд тараасан худал мэдээлэл гэв.
Тэрбээр сэтгүүлч Т.Шинэбаярыг Ерөнхийлөгчийн ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй айлчлалын багт багтаагүй, их хэмжээний мөнгөн дэмжлэг гуйсан хүсэлтийг нь хүлээж аваагүй, нэр бүхий хүнд төрийн цол олгоход нь туслаагүй, Төрийн тэргүүнтэй уулзуулж өгөх хүсэлтийг нь биелүүлээгүй зэрэг шалтгаанаас болж Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл санаатайгаар түгээж эхэлсэн хэмээгээд түүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж буйгаа пүрэв гарагт мэдэгдсэн. Харин олон нийтийн дунд эргэлзээ, төөрөгдөл үүсгээд байгаа гэх Ерөнхийлөгчийн өмч хөрөнгийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн хурал хийсэн юм.
Ц.Ганзориг “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг олон тооны үл хөдлөх нууц хөрөнгөтэй, амралтын газартай гэх мэдээллийг өнгөрсөн оноос нийгмийн сүлжээнд зохион байгуулалттайгаар түгээж эхэлсэн. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаад, нэр дурдсан байршил (Бага тэнгэрийн ам) дахь хауснуудыг хувь хүний өмч болохыг нь тогтоосон юм. Ерөнхийлөгчтэй ямар нэгэн холбоогүй хүний эзэмшлийг түүний нууц хөрөнгө мэтээр санаатайгаар мушгин гуйвуулж нийтэд мэдээлж буй нь харамсалтай.
Бас Ерөнхийлөгчтэй нэг фитнест хамт хичээллэдэг, бизнес эрхлэгч залуугийн тансаг зэрэглэлийн машинуудыг Төрийн тэргүүнийх мэтээр хамаатуулсан худал мэдээллийг удаа дараа түгээсэн. Энэ мэдээллийг хэвлэлүүдээр төлбөртэй цацуулсан хүн нь хотын дарга асан Х.Нямбаатарын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан, “Сэлбэ” дэд төвийн ТУЗ-ийн гишүүн байсан Г.Золзаяа. Эл мэдээллийг захиалсан, бэлтгэсэн, оролцсон, зохион байгуулалттайгаар, төлбөртэй түгээсэн хүмүүсийг бүгдийг нь илрүүлсэн. Энэ мэтээр ташаа мэдээлэл түгээж буй нь Ерөнхийлөгчийн нэр хүнд, цаашлаад иргэдийн төрд итгэх итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлж байна” хэмээгээд Ерөнхийлөгчийн сүүлийн жилүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулав.
Харин үүний дараа сэтгүүлч Т.Шинэбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг намайг өөрийг нь шантаажилсан гэж гүтгэлээ. Түүний ярьсан шиг шантаажилсан, мөнгө гуйсан зүйлгүй учраас хуулийн байгууллагад шалгуулахаар өөрийн хүсэлтээр ирээд байна.
Ц.Ганзоригтой нэг удаа хамт хооллож, мөн “Viber”-аар ярьсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар луу Хөдөлмөрийн баатар цолны хүсэлт дөрвөн жилийн өмнө явуулсан нутгийнхаа эмчийг уг шагналыг авчхаасай гэсэндээ өмнөөс нь асууж лавлан, хүсэлтээ илэрхийлсэн төдий. Хоёрдугаарт, намайг их хэмжээний мөнгө шантаажилсан гэжээ. Сайтынхаа үйл ажиллагааг өргөжүүлж, редакцаа томруулах тухай яриа хоолны ширээний ард болоход Ц.Ганзориг дэмжих талаар ярьсан. Би хүлээж аваагүй, энэ яриа тэндээ өндөрлөсөн. Мөн намайг Ерөнхийлөгчтэй уулзуулж өг гэж дарамталсан гэсэн байна. Тусгаар улсын иргэн, парламентын сэтгүүлч яагаад Төрийн тэргүүнтэйгээ уулзах хүсэлт тавьж болохгүй гэж. Гэхдээ би тэгж гуйгаагүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 10 жил дэмжихдээ нэг ч төгрөг авсан удаагүй, багт нь ажиллаагүй. Түүнийг итгэл үнэмшлээрээ дэмжиж ирсэн” хэмээв.

Ийн мэдээлэл хийснээс 10 гаруй цагийн дараа буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө түүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг саатуулсан юм. Хэвлэл мэдээллийн салбарынхны зарим нь үүнийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн эсэргүүцэж буй. Ингэж үзсэн хүмүүсийн төлөөлөл бямба гарагт төв талбайд цуглаж, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэв. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ч сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсон хууль зүйн үндэслэлийг ил тод мэдээлж, танилцуулахыг холбогдох байгууллагынхнаас шаардан, мэдэгдэл гаргасан юм. Үүндээ “Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүйгээр хэрэглэх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах, хорьж цагдах байдлаар айдас, дарамт бий болгохыг зөвшөөрөхгүй” гэжээ.
Тэгвэл Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос гаргасан “Нэр бүхий фэйсбүүк хуудаснаас нийтийн албан тушаалтнуудын эрхэлж буй ажил, албан тушаал, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээ тараасан” гэх гомдолд хэрэг бүртгэлт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-1.3-т “Хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэсэн үндэслэлээр Т.Шинэбаярыг аравдугаар сарын 10-ны 05.10 цагаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын саналыг хүлээн авч хянав. Шүүх хэрэг бүртгэлтийн явцад цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсон, сэжигтэн Т.Шинэбаярын хувийн байдал, холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцов” гэж мэдээллээ.