Шатахуун хомсдож, бараа, үйлчилгээний үнэ өсөн, иргэдийн цалин, орлого хүрэлцэхгүй болсонд бухимдан цөөнгүй хүн өнгөрсөн пүрэв гарагт Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан шатахууны хангамж, нийлүүлэлт, түгээлтийг нэмэгдүүлэхийг шаардсан иргэдийн төлөөлөлтэй баасан гарагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уулзжээ. Уулзалтаар иргэд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавих хяналт, хариуцлагыг чангатгах, шатахууны чанарыг шуурхай шалгах тогтолцоог сайжруулах, дамлан худалдаалах болон гэрээт байгууллагын нэрээр их хэмжээний бензин олгож байгаа, эсэхийг хянах, хангамж, түгээлтийн бодит мэдээллийг тогтмол хүргэх санал, шаардлага тавьсан байна. Харин Г.Дамдинням шатахууны салбарт олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцох, хяналтын тогтолцоог сайжруулахад анхаарч буйгаа илэрхийлэв. Мөн ердийн үед өдөрт ойролцоогоор 1000 тонн АИ-92 бензин борлуулдаг бол одоогоор өдөрт 1700-1800 тонныг нийлүүлсэн ч эрэлт өндөр байгааг дурдлаа. Цаашид шатахууны хангамжийг өсгөх зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй хамтран 150 мянган шоо метр багтаамжтай агуулах барьж, ердийн хэрэглээний 45 хоногийн нөөц бүрдүүлэх аж.
С.Дулам