Ялмар Шахт (зүүн гараас нэгдэх нь) 1923 оны эцсээс Германы Төвбанкийг тэргүүлэх болжээ
Дөнгөж Канцлер (Ерөнхий сайд) болоод байсан Адольф Гитлер 1933 оны хоёрдугаар сарын 20-нд өөрийн өрөөндөө улсынхаа томоохон үйлдвэрийн эздийг хүлээж авав. Энэ уулзалтад оролцогчдыг намдаа хоёрдугаар хүн гэгдэж байсан Герман Геринг сонгон авчээ. Хүчирхэг Густав Крупп, Альберт Феглер, Фридрих Флик, Гюнтер Квандтыг оруулаад бизнес, банкны салбарын 27 хүн ирсэн байлаа. Нацистын удирдагч өөрийн улс төрийн хөтөлбөрийн талаар тэдэнд ярихад толгой дохин хүлээж авч байв. Фюрер болон намд нь санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг сонсогчид ойлгож, эцэст нь тэдний өмнөөс Крупп фюрерт талархаад, дэмжихээ илэрхийлэв. Бүх юм эдийн засагч Ялмар Шахтын тооцоолсноор болж капиталистууд гурван сая марк нацистуудад өгсний нэг сая нь Круппийнх байв. Гитлер томоохон бизнесийн дэмжлэгийг ийнхүү хүлээж, 1933 оны гуравдугаар сарын 5-нд болох Рейхстаг (парламент)-ийн сонгуулийн Национал социалист намын сурталчилгааны хөрөнгөө олж авчээ. Нацистуудын найдаж байснаар Германы ард түмний 44 хувь нь тус намд саналаа өглөө. 1933 оны дөрөвдүгээр сарын 4-нөөс дайны бэлтгэл эхэлж, санхүүтэй холбоотой асуудлыг Густав Крупп хариуцах болсон байна. Германд Гитлер, АНУ-д Франклин Рузвельт эрх барих болсон 1933 онд энэ хоёр улсын эдийн засаг тун тааруухан байв. Ажилгүйдэл Германд 30, АНУ-д 25 хувьтай байлаа. Таван жил өнгөрөхөд Германд ажилгүй хүнгүй болж, эдийн засаг нь хоёр дахин өсжээ. Вадим Глушаков “Германы эмгэнэл, 1914-1945. Нэгэн национализм бүтэлгүйтсэн түүх” номдоо “Германы эдийн засгийн гол нууц нь тун энгийн, Гитлер Засгийн эрхэнд гармагцаа зэвсгийн үйлдвэрлэлийг урьд нь байгаагүй хэмжээгээр өргөжүүлсэн. Гитлерийн засаглалын гурван жилд батлан хамгаалах зардал 10 дахин нэмэгдсэн” гэж бичсэн байдаг. Ялмар Шахтыг Германы эдийн засгийн гайхамшгийн эцэг гэж нэрлэдэг, түүнгүйгээр Гитлер 1936 онд л улс төрийн тавцангаас арчигдах байсан гэж өнөө цагийн шинжээчид үздэг. Германд нацистууд засаглаж байх цагт олсон шиг их мөнгийг капиталистуудын нэг ч бүлэг дэлхий дахинд олоогүй гэж дээр өгүүлсэн Вадим Глушаков бичсэн байх юм.
Германы концернууд улсаас асар их захиалга аваад зогссонгүй Вермахт Европыг эзэлсний дараа нацистуудын тусламжтайгаар гадны бүх өрсөлдөгчөө багалзуурдаж чадсан байна. 1937 он болоход нацистууд эрх мэдэлд бэхжээд авсан төдийгүй хэн нэгнээс тусламж хүсэхээргүй болж Шахтаас салахаар Гитлер шийдэж, Эдийн засгийн сайдын албанаас нь чөлөөлөв. Үнэн хэрэгтээ Германы асар их хөрөнгийг орлох юм Гитлерт байгаагүй ч ихээхэн төвөгтэй эдийн засгийг нь удирдан жолоодож чадах боловсон хүчин ч түүнд байсангүй. Германы аж үйлдвэр эргэлт буцалтгүй гэмт хэргийн шинж чанартай болж, үнэ хөлсгүй албадан хөдөлмөр өргөн ашиглаж эхэлжээ. Янз бүрийн эх сурвалжийн үнэлгээгээр эзлэгдсэн орнуудын иргэдээс 10-12 саяыг хөлсгүй хийгээд бараг цалин өгөлгүйгээр ашиглаж байв. Энэ нь цэргийн олзлогдогчид, бөөнөөр хорих лагерийн хоригдлууд байлаа. Тэдний үлэмж хэсэг нь ЗХУ-аас албадан авчирсан хүмүүс байв.
Национал социализм Германы аж үйлдвэрийн хүчин чадлыг түрэмгийлэх, устгаж цээрлүүлэх зэвсэг болгож, томоохон корпорацууд нь өөрсдийн ашиг орлогын төлөө энэ үйл явцад ухамсартайгаар идэвхтэй оролцогч болсон байна. Вермахтыг техник, зэвсэг, ложистик, дэд бүтцээр хангахад Крупп концерн гол үүрэг гүйцэтгэжээ. Дэглэмийг санхүүгээр бэхжүүлэхэд “Deutsche bank” ч оролцов. Хүнд үйлдвэрийн магнат Фриц Тиссен 1939 он болтол эрх баригчидтай хамтран ажиллаж байснаа Гитлерийн бодлогыг зөвшөөрөхөө байж, намаас нь гарч, улмаар цагаачилсан аж. Францад амьдарч, фюрерийг өөдөлж дэвжихэд өөрийн оруулсан хувь нэмрийн тухай өгүүлсэн “Би Гитлерийг санхүүжүүлсэн” гэдэг ном бичжээ. Францыг германчууд эзлэхэд Тиссен зугтаж амжилгүй баривчлагдаж, Германд бөөнөөр хорих лагерт хоригдов.
Гитлерийн үед үйдвэрлэгчдийн хуучин үеийн зэрэгцээ өөрсдийн бүхий л бүтээл баялагаараа нацизмтай холбогдсон шинэ үеийнхэн гарч иржээ. Үүний хамгийн тод жишээ нь Рейхийн хоёрдугаар хүн, 1930-аад онд ихэд баяжсан Герман Геринг юм. Нацистуудад гадаадын хөрөнгө ч идэвхтэй туслажээ. Голландын нефть олборлон боловсруулагч Генри Детердинг, Америкийн банкны эзэн Жеймс Варбург, “большевизмийн эсрэг бат бэх далан” байгуу лахад Гитлерийн дэмжлэг тусална гэж үзэж байсан Британийн хэвлэлийн магнат Гароль Ротермир нар Национал-социалист намд хөрөнгө харамгүй зориулж байлаа. “Автомашины хаан” Генри Форд ч нацистуудын төслийг ивээн тэтгэж байв. Гитлерт ойр дотно бизнесменүүдээс хамгийн нөлөөтэй нь Фридрих Флик байжээ. Энэ хүн төмөр, гангийн үйлдвэрлэл эрхлэх гэж эртнээс мөрөөдөж байсан ч авьяас, хөрөнгө хоёр нь түүнийг эрчимтэй хөгжиж байсан металлургийн салбар руу “чирэв”. Фликийн толгой эргэм амжилт 1915 онд Зигерланд бүс нутгийн гангийн томоохон концернуудын нэгнийх нь удирдах бүрэлдэхүүнд орсноор эхэлжээ. Бүр дэлхийн I дайны үеэс л хөрөнгөжиж, II дайнаар Францыг эзэлсний дараа Герингийн тусламжтайгаар Лотарингид нүүрс, төмрийн хүдрийн ихээхэн нөөцтэй орд газрыг мэдэлдээ авав. Түүний үйлдвэр хоригдлуудын боолын хөдөлмөрийг бусдаас илүү ашигласан байна. Хөлсний ажилчдаа тохилог байранд амьдруулж, нийгмийн халамж үзүүлдэг байснаас германчуудын дунд Флик сайн нэртэй байв. Тэгэхдээ түүний заводод олон мянгаараа амиа алдаж байсан боолууд ийм анхаарал халамж хүртэж байгаагүй нь мэдээж. Флик үйлдвэрүүддээ боолын хөдөлмөр ашигласны улмаас цэргийн болон хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгтэн болж, Америкийн шоронд хоригдож байсан төдийгүй эзлэгдсэн орнуудыг дээрэмдэж, боолын хөдөлмөр ашиглан нацистуудыг санхүүжүүлж байсан учраас 1947 оны эцсээр долоон жилийн ял авчээ. Гэвч 1951 оны эхээр АНУ-ын дээд комиссар Жон Макклойн шийдвэрээр суллагдав. Тэр даруй идэвхтэй зүтгэж маш богино хугацаанд дахин Германы баячуудын нэг болж орхив. Дайны дараах ХБНГУ-ын Засгийн газрын анхны тэргүүн Конрад Аденауэр түүнд гойд тусалсан аж.
Густав Круппийн хүү, өв залгамжлагч Альфрид Крупп бүр 1931 онд нацистуудын намд элсжээ. Круппийнхэн 1933 оноос нацистуудад 12 саяас доошгүй хөрөнгө зориулсан байна. Ерөөс 1933-1945 онд Германы аж үйлдвэр нацистуудад 700 сая орчим марк зарцуулжээ. Альфрид Круппийн хөрөнгө 1933-1943 онд хоёр дахин нэмэгдэв. Манай оффис “Освенцим хоёр маш нягт харилцан ойлголцож байсан” гэж тэрбээр 1943 онд нэгэн захидалдаа бичиж байв. Хөлсний ажилчдаа өдөрт 12 цаг зүтгүүлж, өчүүхэн хоолоор өл залгуулж, актлагдсан байшинд амьдруулна. Агаараас бөмбөгдөх үед ажилчдыг ажлаасаа хөндийрөхийг автомат буутай харуулууд үл зөвшөөрнө. Хооллохын оронд тэднийг зодож нүднэ.
Хүү Круппийн ойрын туслахуудын нэг Фридрих фон Бюлов гэгч агуулахуудад резинэн бороохой, ташуур хэтэрхий цөөн байна хэмээн 1944 оны намар эзэндээ бичгээр мэдэгдэж байжээ. Үйлдвэрүүдэд нь 160 мянган хүн ажилладгийн 50 мянга нь гадаадынх хэмээн Крупп англичуудад сайрхаж байсан гэж Америкийн түүхч Уильям Манчестер тэмдэглэсэн байх аж.
Эцэг Крупп хүнд өвчтэй байснаас шүүхийн хуралд суусангүй. Нюрнбергийн гол шүүх хуралд түүний оронд хүүг нь суулгахыг Зөвлөлтийн төлөөлөгч шаардсан ч холбоотон орнуудын прокурорууд зөвшөөрсөнгүй. Альфрид Крупп хийгээд “Krupp” концерний 11 удирдагчийг нь шүүх тусгай ажиллагаа 1947 оны наймдугаар сарын дундуур эхлэв. Нацистуудтай хамтарч ажилласан шалтгаанаа Америкийн мөрдөн байцаагчид Альфрид Крупп тайлбарлахдаа эмх замбараагүй байдал, намуудын хоорондын тэмцлээс болоод бидэнд хөгжих боломж олдохгүй байсан. Бидний ажилд саад болдоггүй тогтолцоо хэрэгтэй байсан гэж хэлжээ.
1948 оны долоодугаар сарын 31-нд шүүхийн шийдвэр гарч Альфрид Круппэд 12 жил шоронд хорих ял өгч, хөрөнгийг нь хураав. Боолын хөдөлмөрийн хөтөлбөрийг удирдаж байсан Фридрих фон Бюловт мөн ийм шийтгэл оноож, найман хүн хоёр жил 10 сараас 10 жил хоригдох ял авчээ. Харин Круппийн төлөө ажиллаж байсан Карл Пфиршийг Америкийн шүүх цагаатгасан байна. Бюлов дарга нь байсан хүнээ Ньрнбергийн шүүхийн шийдвэр гарсны дараа оргуулах төлөвлөгөө зохиох гэсэн боловч Крупп “Цаг хугацаа аливаа юмыг байр байранд нь тавьдаг” гэж хэлж болиулсан байна. Альфрид Крупп 1951 оны хоёрдугаар сард суллагдаж хураалгасан хөрөнгөөсөө 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээгээр эргүүлж авчээ. Торны цаана түүний өнгөрөөсөн хоёр жил хагасыг Бюлов “наранд ээсэн амралт” гэж нэрлэсэн байдаг. “Daimler-Benz” компанид эзэн суухын төлөө тэмцэл 1950-иад онд Фридрих Флик, Йозеф Геббельсийн дагавар хүү Харальд Квандт хоёрын хооронд өрнөснөө эцэст нь автомашины энэ аварга үйлдвэрийн хувьцааны хяналтын багцыг хувааж эзэмшихээр болж хэл амаа ололцжээ. Гуравдугаар Рейхийн далд хүчин байсан үйлдвэр, банкны эзэд болон том бизнесийн бусад төлөөлөгчдийг шүүх хөндөлгүй орхисон нь Англи, АНУ-ын нөлөө бүхий хүмүүс, юуны түрүүнд Британийн банкны тэргүүн Монтегю Норман дургүйцсэнтэй холбоотой байв. Тэд Нюрнбергийн шүүхэд хүчтэй шахалт үзүүлсэн нь дайнаас өмнө Америк, Английн аж үйлдвэр, санхүүгийн бүлгүүд нацистын томоохон корпорацуудтай холбоо сүлбээтэй байсан нь илэрчих аюулаас болгоомжилсон байв.