Манай улсын сагсан бөмбөгийн спортод аравдугаар сарын 5 тодоор бичигдэх түүхэн өдөр байв. Эл өдөр Ш.Энхийн-Од (Mike Sharavjamts) “Орландо мэжик” багтай “Exhibit 10” гэрээг үзэглэснээр NBA-ийн багтай албан ёсны гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин боллоо. “Exhibit 10” (10 өдрийн гэрээ ч гэж нэрлэх нь бий) нь NBA-ийн багууд тоглогчтой байгуулдаг олон гэрээний нэг л төрөл.
Тухайн баг гэрээ байгуулж буй тоглогчоо бэлтгэлийн бааздаа урих, өөр багт алдахгүй байх, “G league” буюу Хөгжлийн лигийнхээ багт тоглуулах, ур чадвар, бэлтгэл сургуулилалт нь хэрхэн өөрчлөгдөхийг бүрэн хяналтад байлгах юм.
Хэдийгээр “10 өдөр”-ийн гэрээ нэртэй ч үргэлжлэх хугацаа нь нэг жил аж. Багууд ихэнхдээ улирал эхлэхээс өмнө гэрээ байгуулсан тоглогчоо үндсэн багаасаа чөлөөлж “G league”-ийн багтаа тоглуулахыг зорилгоо болгодог аж. Хэрэв тоглогч “G league”-ийн багт тоглохыг зөвшөөрвөл 60 хоног багийн мэдэлд үлдэх бөгөөд 91 000 ам.долларын урамшуулал хүртэх боломжтой. Мөн үндсэн багийн бүрэлдэхүүнд багтах, эсвэл “Two-way” гэрээ болгон өөрчлөх, үгүй бол багийг бүр орхиж ч болно. Ш.Энхийн-Од “Орландо мэжик”-тэй гэрээг байгуулмагц багаас чөлөөлснөөр ирэх улиралд “Осеола мэжик”-т тоглоно. Тэрбээр өөрийгөө харуулж, сайн тоглож чадвал үндсэн багт дуудагдах боломжтой.
Тус багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Жефф Велтман чөлөөт агент түүнтэй гэрээ байгуулснаа албан ёсоор зарлажээ. Энэ талаар, Ш.Энхийн-Одын аав Гавьяат тамирчин Ц.Шаравжамц цахим хуудсандаа “Энэ өдрийг олон жил хүлээлээ. NBA-тай албан ёсны гэрээ хийсэн анхны монгол тамирчин боллоо. Хүүгийнхээ нэрийг харах сайхан байна. 10 хоногийн гэрээ хийсэн. Одоо тоглох G лигийн багтаа юу чаддагаа үзүүлээрэй. Аав, ээж нь хүүгээрээ бахархаж байна” хэмээжээ.