Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Эс энд пи” (S&P) агентлагаас Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсан тухайгаа мэдээлэв. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Тухайлбал, “Оюутолгой”-н уурхайн зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУруу тогтвортой нүүрс нийлүүлж буй буюу уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвтэйг тооцсон байна. Ингэснээр урсгал дансны орлогод харьцуулсан гадаад цэвэр өрийн харьцаа буурах хандлагатай гэнэ. Уг харьцаа 2020 онд 184 хувьтай байсан бол энэ он дуусахад 58-д хүрнэ гэж үзжээ. Мөн ирэх 2-3 жилд эдийн засгийн бодит өсөлт ижил түвшний орлоготой улс орнуудтай харьцуулахад илүү өндөр байх төлөвтэй аж. Түүнчлэн дээрх агентлагаас Засгийн газрын цэвэр өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох харьцаа 2025 онд 29 хувь байсан ч дунд хугацаанд 25-д хүрэх төлөвтэй гэж дүгнэжээ. Үүнээс гадна Засгийн газрын өр төлөх чадвар харьцангуй сайн, хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хэмжээ нь сүүлийн 10 жилийн хугацаанд мэдэгдэхүйц буурсан зэргийг үнэлсэн байна. Ташрамд дурдахад, “Fitch ratings” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн наймдугаар сард “B+, тогтвортой”, “Moody’s investors service” мөн энэ сард “B1, тогтвортой” хэмээсэн дүгнэлтдээ өөрчлөлт оруулаагүйгээ тэмдэглэсэн билээ.
С.Дулам