БНХАУ-ын дарга Си Зиньпин есдүгээр сард Вашингтонд төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Бээжин уламжлалт ёсоороо найрамдалт харилцааны бэлгэдэл болгон Пин Пин, Фү Шуан нэртэй хос пандаг АНУ-д бэлэглэв. Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуань мужийн Чэнду хотын аварга панда үржүүлгийн судалгааны төвд 2020 онд мэндэлсэн хоёр пандаг Америкийн Жоржиа мужийн Атлантагийн амьтны хүрээлэнд хэдийн хүргэжээ. Ингэснээр тус улс нийт зургаан пандатай боллоо. Олон улсын иргэдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн үзүүштэй амьтдын жагсаалтад аварга панда багтсан байдаг. Тиймээс улс орнууд пандатай болохыг хүсдэг. Гэхдээ хүссэн болгонд тийм боломж олддоггүй. Учир нь дэлхий дээрх бүх панда Хятадын өмч. Тодруулбал, энэ амьтан Хятадын гурван мужаас өөр хаана ч байдаггүй бөгөөд тус улсын үндэсний баялаг, бэлгэдэлд тооцогддог. Тиймээс хааш нь илгээх, хэнд бэлэглэх зэргийг Бээжин л шийднэ. Өнөөгийн байдлаар Хятадаас гадна 15 улсын тодорхой хүрээлэнгүүдэд нийт 45 аварга панда бий. Тэднийг “Панда дипломат ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд түрээсний гэрээний дагуу илгээжээ.
Дундад улс пандагаа хилийн дээс давуулан түрээсэлдэг уламжлал 80 гаруй жилийн түүхтэй. Бусад улс оронтой харилцаагаа эерүүлэх, бэхжүүлэх зорилгоор 1949 оноос “Панда дипломат ажиллагаа”-г эхлүүлжээ. Хятадаар шюнмао, бид хулсны баавгай хэмээдэг эгдүүтэй энэ амьтныг гадаад харилцааны бодлогодоо ашиглан “дипломатч”-аар томилсон нь учиртай. Пандаг хятадууд итгэл, энх тайвны бэлгэдэл гэдэг. Тиймээс улс төрийн давхар агуулгаар ийм “статустай” болгожээ. “Аяны богц”-оо задлахаас өмнө долоон үг дэлгэн дөрвөн хөлт “дипломат ажилтны” талаар цухас дурдсан учрыг одоо өгүүлье.
Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан саяхан Дундад улсад зорчиж, шюнмаогийн уугуул нутагт саатаж, пандад “биечлэн бараалхах” завшаан тохиосон юм. Аян замд гарах болсон шалтгаан, зорилго маань Монгол, Хятадын сэтгүүлчдийн ХVI форумд оролцох. Энэ хүрээнд сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдан, олон салбарт дэлхийд тэргүүлж буй Хятад улсын хөгжлийн түлхүүр чухам юу болохыг, түүх, соёл, байгаль, орчноо хэрхэн хамгаалан, таниулан дэлгэрүүлж, ирээдүйд хөтлөх технологийг ямар түвшинд цэцэглүүлж байгааг мэдрэхийн зэрэгцээ өргөн сувгаар мэдээлэл солилцлоо. Өдөр бүр “бөмбөгдүүлсэн” хөтөлбөр, үйл явдлуудын талаар нурших боломжгүй учраас багцлан тоймлоё. Нөгөөтээгүүр, уншигчдад илүү сонирхолтой талаас нь тунгааж, түүх соёл, танин мэдэхүйн чиглэлээр цуврал нийтлэл бэлтгэлээ. Эхлээд үндсэн хөтөлбөр хийгээд Чэнду хотын аварга панда үржүүлгийн судалгааны баазад зорчсон тэмдэглэл, тэр дундаа өхөөрдөм “дипломатч”-ийн талаар дуулгая. Дан албаны мэдээллээр уншигчдыг “уйдаахгүй”-н тулд ийм холимог сонголт хийснээ учирлая, болгооно уу.
ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЖ, НЭГ ШУГАМААР АЛХАНА
Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн санаачилгаар жил бүр харилцан зохион байгуулдаг форум энэ удаа Хөх хотод болов. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан 16 дахь удаагийн чуулганд 120 гаруй төлөөлөгч, зочин оролцож “Хэвлэл мэдээллийн хариуцлага: Хоёр орны ард түмний харилцан ойлголцол” сэдвийн хүрээнд чууллаа. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгуул лагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөл, түншлэлийг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхийн чухлыг энэ үеэр онцлон тодотгож байв. Энэ агуулга нь зочин-төлөөлөгч, сэтгүүлч, сэтгүүчдийн холбоодын удирдлагын илтгэл, хэлсэн үг, санамж бичиг бүрд тусгагдсан нь хоёр талын санал, зорилго адил, тодорхой байгаагийн илрэл гэдгийг мөн цохон тэмдэглэсэн юм.
ХVI форумаас дэвшүүлсэн концепцуудын өөр нэг өнцөг нь хоёр орны хэвлэл мэдээллийнхний харилцан ойлголцол. Хамтран бүтээл хийх боломжуудыг нээх, харилцан туршлага солилцох, бүтээлээ нийгэмд таниулахад анхаарах, үүнд адил, тэгш эрхтэй оролцох чухлыг хөндөв. Форумаар хэлэлцсэн, хоёр талын 20 илтгэлд тодорхой тусгагдсан дээрх санаануудын талаар төлөөллүүд харилцан санал солилцож, хэвлэл мэдээллийн салбарынхны хариуцлагатай, шударга, найрамдалт хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд, олон талт агуулгаар хөгжүүлэхээр тохиролцлоо. МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Нинжжамц итгэлдээ талуудын тэгш эрхтэй оролцооны чухлыг онцлон дурдав. Тэрбээр “Өнөөдөр манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл зэргээр олон салбарт өргөжин хөгжиж байна. Олон талт хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг, оролцоо чухал. Учир нь хэвлэл мэдээлэл бол зөвхөн үйл явдлыг мэдээлдэг хэрэгсэл биш, хүмүүсийг ойлголцолд хүргэж, харилцан итгэлцлийг бэхжүүлж, хамтран хөгжих боломжийг нээдэг гүүр юм. Бидний эл хамтын ажиллагаанд харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжих, ирээдүйн хөгжлийн алсын харааг хамтдаа бүтээх гэсэн гурван чиглэл чухлыг онцгойлон тэмдэглэе. Энэхүү форумын хүрээнд хэлэлцэж буй асуудлууд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, сэтгүүлчдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн тодотгосны зэрэгцээ хэд хэдэн санал дэвшүүлэв. Хамтын ажиллагааны олон жилийн туршлагатай Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд өнөөгийн түвшинд мэдээлэл солилцох төдийгөөр хязгаарлагдахгүйгээр шинэ чиглэлүүдэд хамтран ажиллах шаардлага бий болж буйг хатагтай Л.Нинжжамц дурдаад, цаашид туршлага, түүхээ улам баяжуулахыг уриалж, хамтарсан сурвалжилга, баримтат бүтээл, соёл, түүхийн агуулгатай контент, залуу сэтгүүлчдийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэх боломжтойг уламжлав. Мөн залуу боловсон хүчнийг сургах, хөгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, баримт шалгах чиглэлээр туршлага солилцох, дата сэтгүүл зүйг хөгжүүлэх, хиймэл оюун ухааны хариуцлагатай, ёс зүйтэй хэрэглээг төлөвшүүлэх чиглэлд хамтран ажиллах санал тавьсан. Түүний тодотгосноор “Энэ бүхэн зөвхөн өнөөдрийн хэрэгцээ биш, харин хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйн хамтын хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт”. Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны удирдлага МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Нинжжамц болон ерөнхий нарийн бичгийн дарга А.Дэлгэрцэцэг нарын саналыг хүлээн авч, ажил хэрэг болгохоо амлаад, монгол төлөөлөгчдийн илтгэлийн агуулга, чансааг сайшаан, дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Тэгвэл Хятадын талын эрх бүхий зочид болон Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны Намын хорооны дарга Цүй Шышинь хэлсэн үгэндээ, тэр дундаа “Синьхуа” агентлагийн Өвөрмонгол дахь салбарын дэд дарга Ү Шянь илтгэлдээ харилцан хүндлэлтэй, найрамдалт харилцаатай хамтын ажиллагааны чухлыг онцлон тэмдэглэв. Аливаа улс орнуудын ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын үйл хэрэгт хэвлэл мэдээллийн салбарынхан мэргэжлийн түвшинд өндөр хариуцлагатай хандах нь ойлголцлын түлхүүр болохыг урд хөршийн мэргэжил нэгт нөхөд маань албаны болон чөлөөт уулзалт, санал солилцох үеэр илэрхийлж байлаа.
Хөрш хоёр орны сэтгүүлчдийн 16 дахь удаагийн форумын үеэр хамтын ажиллагааны түүхээ зузаатгасан хэд хэдэн гэрээ байгуулав. Тодруулбал, МСНЭ-ийн Улаанбаатар дахь салбар зөвлөл, Хөх хотын Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран ажиллах гэрээг үзэглэв. Хоёр талын хэвлэл мэдээллийн эвлэл, холбоодын удирдлага хамтын ажиллагаагаа орон нутгийн салбар хооронд өргөжүүлэх зорилгоор хоёр санамж бичиг байгууллаа. Үүнд, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөл, Хятадын Шаньдун мужийн Яньтай хотын Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, манай Дорнод аймгийн болон Хятадын Хөлөнбуйр хотын Нэгдсэн мэдээллийн төвүүд түншлэлийн түүхээ эхлүүлэх гэрээг баталгаажуулсан.
Түүнчлэн Монголын нэр хүндтэй, түүчээлэгч хэвлэл болох өдөр тутмын “Өнөөдөр” сонин БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Өвөр Монголын өдрийн сонин”-ы хороотой байгуулсан мэргэжлийн түвшний хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр гэрээг сунгаж, албажууллаа. 78 жилийн түүхтэй “Өвөр Монголын өдрийн сонин” 2009 онд кирил үсгийн вэбсайтаа нээж, Монголын өдөр тутмын сонинуудтай мэдээ, мэдээлэл солилцох эхлэлээ тавьж, 2022 онд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XIII форумын үеэр “Өнөөдөр” сонинтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар “Солонго” сониноо 14 хоног тутам дөрвөн нүүрээр тогтмол хэвлүүлэн монгол уншигчдад хүргэж буй.
ХVI форумаар хамтын ажиллагааны олон талт боломжийг хэлэлцэн, санал солилцож, үр өгөөж арвинтай өндөрлөлөө. Харилцан хүндлэл, ойлголцлоор холбогдсон хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой түлхэц болох Монгол, Хятадын сэтгүүлчдийн форумын 17 дахь чуулган ирэх 2027 онд Улаанбаатар хотод болно.
“ХАЛШИРМААР” ХООЛ, ХӨӨРХӨН ПАНДА
Хятадын баруун өмнөд хэсгийн муж Сычуанийн нийслэл Чэнду 20 сая гаруй хүн амтай. Нийгмийн амьдралын хэмнэл нь амар тайван, бизнест ээлтэй, байгаль орчны бохирдолгүй, ногоон байгууламжийн эзлэх хувь өндөр гэхчлэн хүндээ ээлтэй энэ хот 2014 онд анх Хятадын хамгийн аз жаргалтай хотуудын жагсаалтад тэргүүлж, өнөөг хүртэл “цолоо” хамгаалсаар иржээ. Сөнөөгч онгоц, автомашин, галт тэрэгний зүтгүүр, нарны цахилгаан эрчим хүч, хими, биотехнологийн үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, Дундад улсын программ хангамжийн таван том баазын нэг болсон газар аж. Тус хотын өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүсэд “Fortune global 500” (нийт орлогынхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч 500 компанийн эрэмбэ. Үүнд багтсан компаниудын нийт орлого дэлхийн ДНБ-ий гуравны хоёр орчим хувийг бүрдүүлдэг) жагсаалтад багтдаг дэлхийн шилдэг 120 гаруй корпорацийн салбар, үйлдвэр, судалгааны төв бий.
Сычуань муж болон 3000 гаруй жилийн түүхтэй Чэнду дэлхийн аялал жуулчлалын томоохон бүс нутагт тооцогдох болсон нь уламжлалт хоол хүнс, байгалийн өвөрмөц байдал, өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэгтэй нь холбоотой. ЮНЕСКО-гийн “Өвөрмөц уламжлалт хоолны соёлтой хот”-оор Азийн хотуудаас 2010 онд анх өргөмжлөгдсөн Чэндуд очсон хэн бүхэн “галт” чинжүүтэй хоолыг нь амсаад яагаад эл жагсаалтад багтсаныг ойлгоно. Халуун ногоо хэрэглэдэггүй хүмүүс ч “хэрэгт дурлан” амтлахаас буцахааргүй тийм л өвөрмөц амтыг уламжлалт сычуань хоол хүнс дэлхийн аялагчдад мэдрүүлдгийг нүдээр үзэж, биеэр шалгав. Манай багийнхны зарим нь “Ам руугаа дөхүүлэхээс ч халширмаар” гэж товч, тодорхой дүрсэлсэн. Үнэхээр үнэртэх төдийд хамар, хоолой сэрвэгнэдэг гэхээр ямар “галзуу халуун” болохыг нь төсөөлөх буй за.
Энэ хотын өөр нэг нэрийн хуудас нь панда. Хулсны баавгайг судалдаг, хамгаалдаг, үржүүлэн өсгөдөг тусгай бааз дэлхийн хэмжээнд тав бий. Эдгээр нь бүгд Хятадад, тэр дундаа Сычуаньд дөрөв нь төвлөрдөг. Чэндугийн бааз эл амьтны амьдрах орчныг онгон байгальд буй мэтээр тохижуулсан бөгөөд жуулчдын хөл тасардаггүй, панда үржүүлгийн судалгааны төв гэдгээрээ онцлог. Тус хотын дагуул хот болох, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэлтэй Дужиангян дахь “Пандагийн хөндий” нь дархан цаазат газар бөгөөд хулсны баавгайнууд онгон байгальдаа амьдардаг. Энэ нь Чэндугийн баазын харьяа салбар юм. Сычуанийн Волон дархан цаазат үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн пандагийн бааз нь хилийн чанадаас эх нутагтаа буцаж ирсэн “дипломатч нөхдийг” хүлээн авч, тусгаарлан ажиглах, нутагшуулах, асран хамгаалах давхар үүрэгтэй. Бифэншя панда баазын хувьд онгон байгальд өтгөн ой модонд байрладаг, жуулчин хүлээн авах нь харьцангуй бага. 2008 оны газар хөдлөлтийн үед Чэндугийн төвийн пандануудыг Бифэншя руу нүүлгэн шилжүүлсэн түүхтэй. Түүнчлэн Шаньси мужид Цинлин уулсын бүсэд орших аварга панда судалгааны төв нь хулсны баавгайн өвөрмөц дэд зүйл болон Кизай хэмээн нэрлэсэн хүрэн өнгөтэй ховор пандагийн нутаг. Сонирхуулахад, Кизай бол Циньлин уулнаас олдсон, дэлхий дээрх цорын ганц хүрэн-цагаан зүстэй панда гэдгээрээ онцгой анхаарлын төвд байдаг. Гений ховор мутацаас шалтгаалж ийм өнгөтэй болсныг эрдэмтэд тогтоожээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдгээр баазад 800 орчим панда байгаа бол Хятадын Ой, бэлчээрийн газрын сүүлийн үеийн мэдээллээр онгон байгаль дахь тоо толгой нь барагцаагаар 1900.
Аяны богцоо задлахаас өмнө өгүүлсэн, АНУ-д томилогдсон хоёр “дипломатч”-ийн төрсөн газар Чэндугийн үржүүлгийн судалгааны төв 1987 онд үйл ажиллагаагаа зургаан пандатай эхлүүлжээ. Өдгөө 240 гаруй пандатай болж өргөжсөн баазад зорчих тасалбарын үнэ 55 юань. Энэ амьтан тун эмзэг, стресст амархан өртдөгөөс гадна өдрийн ихэнх цагт унтдаг учраас жуулчид бага үдэд очиход хамгийн тохиромжтой гэсэн. Энэ үеэр панданууд идэвхтэй байж хооллодог бөгөөд чанга дуу чимээ гаргахгүй ажиглахыг хөтөч зөвлөв. Амьтны хүрээлэнгээс ялгаатай нь панда “гуай”-г хулсан төгөл дундаас олж харах учиртай. “За даа, зарим нь “тэнгэрлэг” нэгэнд л харагддаг бололтой” гэж бид хошигнож явлаа. Мянга ярихаар нэг үз гэдэг шиг бодитоор нь харахад алаг бөмбөг шиг бөндийсэн үнэхээр өхөөрдөм золиг юм билээ. Саяхныг хүртэл мөхөх аюулын ирмэгт байсан аварга пандагийн тоо толгой тогтвортой өсөж байгаа нь Хятад улсын төрийн бодлогын үр дүн, Үржүүлгийн баазынхны ач гавьяа аж. 2025 онд Абу-Дабид болсон их хурлын үеэр Сычуанийн аварга панда зэрэг зургаан амьтныг мөхлийн ирмэгээс аврагдсанд тооцож, ангиллыг нь “эмзэг” хэмээн өөрчилсөн.
Аварга панда бол баавгайн овогт багтдаг, хөхтөн амьтан. Өмнө нь толбот баавгай (ursus melanoleucus) гэж нэрлэж байсан панда далайн түвшнээс 1800-3200 метр өндөрт амьдардаг. Дунджаар 1.8 метр өндөр, 165 хүртэл кг жинтэй. Хэдийгээр төрөл бүрийн идэштэй гэдэг ч бараг 90 хувь хулсаар хооллодог. Насанд хүрсэн панда өдөрт 30 хүртэл кг хулс иднэ. Ташрамд сонирхуулахад, хулс үгүй бол аварга панда өлсөж үхэх эрсдэлтэй нь 1975, 1983 онд болсон гамшгийн үед батлагджээ. Хятадын баруун өмнөд хэсгийн нутгуудад хэт халж, хуурайшсаны улмаас хулсан ой доройтож, хатаж, цэцэглэх мөчлөг нь өөрчлөгдсөн нь панда олноор өлсөж үхэх шалтгаан болсон. Хулс төрлөөсөө хамааран 60-80 жилийн мөчлөгөөр, хаана ургаснаасаа үл шалтгаалан нэгэн зэрэг цэцэглэж, үрээ гөвөөд, зэрэг хатдаг гойд онцлог той. Ингээд шинэ хулс ургаж, панда идэх хэмжээнд хүртэл багадаа 10 жил шаардагддаг байна.
Панда бусад баавгай шиг ичдэггүй, жилийн турш идэвхтэй байж, 4-9 насандаа үржилд ордог. Онгон байгальд эмэгчин хоёр жилд нэг удаа хээлтэж, 95-160 хоног тээж ихэвчлэн нэг бамбарууш төрүүлдэг. Дөнгөж төрсөн төл нь атгын чинээ, 100 граммаас хэтрэхгүй. Ихэрлэсэн тохиолдолд эхний бамбаруушаа л асарч, дараа нь гарсныг хаях нь түгээмэл учраас онгон байгальд бол үхэх магадлал өндөр. Харин судалгааны баазуудад ихэрлэвэл “хаягдмалыг” эхэд нь ойртуулж, анхаарал хандуулдаг. Аварга панда маш залхуу бөгөөд үржлийн үед нь тод илэрдэг. Энэ нь мөхөх аюулд орох том шалтгаан байв. Мөн нэгэндээ татагдаж хос болохгүй л бол үржилд ордоггүй нь төрөлт холдох, буурах хамгийн том шалтгаан гэдгийг судлаачид тэмдэглэжээ. Хэрэв эмэгчин, эрэгчин хоёр бие биедээ дургүй бол насан туршдаа хамт байсан ч ханилж, үр төлтэй болдоггүйг олон жилийн туршилтуудаар баталсан байдаг. Тодорхой тохиолдлуудад эрэгчнийг нь тусгай сургалтад хамруулан бүсгүйгээ уургалах, “унтах” арга, байрлал зэргийг заагаад ч тусыг эс олжээ. Түүнчлэн үржлийн үеэр хоёр биенээ харахгүй “гэдийж” хэвтэхээр нь хүмүүс хөндлөнгөөс оролцож, эвцэлдүүлэхээр хичээдэг гэсэн. Ямар сайндаа л Сычуанийн хүрээлэнгийнхэн эрэгчин, эмэгчин хоёрыг “нийлүүлэх” ажилд порно бичлэг ашигладаг талаараа мэдээлж байсан. Энэ мэтээр мэргэжилтнүүд, Аварга панда үржүүлэг, судалгааны төвийнхөн олон ажил хийжээ. Биологичид “Онгон байгалиас өөр газарт панда бэлгийн ажлыг бараг “мартаж”, татгалздаг. 60 орчим хувь нь эсрэг хүйсийнхнээ сонирхохоо больдог нь дуу чимээ, стресстэй холбоотой гэж үздэг. Амьтны хүрээлэнгийн пандануудын ердөө 10 хувь нь л амьдралдаа ганц удаа үржилд орсон судалгаа ч бий. Орчин цагт хиймэл хээлтүүлгээр энэ асуудлыг шийдэх нь түгээмэл бөгөөд ингэснээр үржил нь саатахгүй тоо толгой өсөж байна. Сонирхуулахад, 2020 онд нэг гайхалтай амжилтыг панда үржүүлгийн төвийнхэн бүртгэн авч, бөөн баяр болжээ. Чэндугийн баазад Лу Лу, Чен Чен нэртэй хос сайн дураар нийлэн 7.45 минутын турш загас наадуулсан нь энэ амьтны түүхэн дэх дээд амжилт аж.
Онгон байгальдаа ч нэгнээ хайрлахдаа хойрго, нөхөн үржихүйн нарийн төвөгтэй тогтолцоотой учраас амьтны болон судалгааны хүрээлэнгийн панданууд үржилд орохоо бүр болих хандлага ч ажиглагдаж эрдэмтдийг сандаргасан түүхтэй. Хэдийгээр үржилд орсон ч хээл хаях нь бас элбэг. Хоёр жилд ганц удаа хээлтээд 72 цагийн “жирэмслэлт” буюу хээлээ таслах нь цөөнгүй. Судлаачдын тэмдэглэснээр, эрэгчний нуудгай хэт жижиг учраас тодорхой байрлал чухал гэнэ. Ингээд болоогүй хосуудын хэн нэг нь илүүдэл жинтэй бол юун “хурим” манатай, эвцэлдэх ямар ч боломжгүй аж. Энэ мэтээр асуудал ихтэй “аваргуудыг” Хятадын хүрээлэнгийн ажилтнууд маш нарийн горим журмын дор хамгаалж, хайрладаг. Хоолны орц, найрлага, дэглэм, дасгал хөдөлгөөн, орчны дуу чимээ, дулаан гэхчлэн анхаарах асуудал мундахгүй. Ялангуяа хуримын сарын хугацаанд үнэртний эмчилгээнээс эхлээд зориулалтын порно үзүүлэх гээд ажил ундарна. Сонирхуулахад, Чэндугийн панда үржүүлгийн төвд Кэ Линь нэртэй, таван настай эмэгчин зурагтаар бусад панданы эвцэлдэж буй бичлэг (судлаачдын нэрлэснээр пандагийн порно)-ийг алмайран үзэж буй зургийг Америкийн “Time” сэтгүүл 2013 оны хамгийн сонирхолтой, гайхалтай бүтээлээр нэрлэсэн байдаг. Бичлэг үзсэнийхээ дараа Кэ Линь амжилттай эвцэлдсэн гэнэ.
ТӨРХӨМДӨӨ БУЦАХЫН УЧИР
Хилийн дээс давсан шюнмаонуудын гэрээт хугацаа дуусмагц эх оронд нь эргүүлэн авчирдаг. Гэхдээ панда авсан улстай харилцаа нь таагүй болбол Бээжин гэрээг үл харгалзан “гадаад ажилтнаа” шууд татаж авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, панда төрхөмдөө буцах нь харилцаа хүйтэрсний шинж. Үүний хамгийн сүүлийн том жишээ бол өнгөрсөн оны сүүлчээр Хятад улс Японд мэндэлсэн Сяо Сяо, Лэй Лэй нэртэй ихэр пандаг эргүүлэн авсан явдал. Ингэснээр Токио пандатай улсын жагсаалтаас хасагдсан. Үүнээс өмнө 2023 онд Британиас, мөн Вашингтоны амьтны хүрээлэнгээс Мэй Сян, Тиан Тиан болон тэдний бамбарууш Сяог буцаасан зэргээр цөөнгүй жишээ бий. Гадаадад байгаа панданууд болон үр төл нь хаана төрснөөс үл хамааран Хятадад харьялагддаг дүрэмтэй. Үүнийг өмчлөлөө эргүүлэн авах боломжтой, панда түрээслэх үйлчилгээ гэдэг. Түүхэн баримтааас харахад, VII зуунд хатан хаан Ву Зетян Японы Эзэн хаанд анх хос панда бэлэглэсэн бол 1942 он гэхэд Хятадын Засгийн газар гадаад руу 14 панда илгээжээ. Эхэндээ жинхэнэ утгаараа бэлэглэдэг байсан бол 1957 оноос эл амьтныг ихэвчлэн хосоор нь гадаадын амьтны хүрээлэнд тус бүрийг нь 250 000 ам.доллароор өгдөг байснаа 1984 оноос 10 жилийн хугацаатай түрээслүүлэхээр шийджээ. Гэрээний хугацаа дуусахад пандаг эх оронд нь буцаадаг. Харин гадаадад төрсөн пандаг 2-4 насанд нь нөхөн үржихүйн хөтөлбөрт хамруулахаар уугуул нутаг руу нь илгээх учиртай.
Хятадад зөөлөн хүч, энх тайван дүр төрхийг бий болгоход тусалсан элч пандануудаас онцгой алдартай нь эмэгчин Чи Чи. 1957 онд Сычуанийн онгон байгальд төрсөн түүнийг 1958 онд Австрийн бизнесмен Х.Деммер худалдан авч, Москвагийн амьтны хүрээлэнд хүргүүлжээ. Долоо хоногийн дараа түүнийг Берлиний амьтны хүрээлэн рүү илгээв. Тэр жилдээ Америкийн амьтны хүрээлэнд зарагдсан боловч АНУ, Хятадын харилцаа хурцадмал байснаас болж хил нэвтрүүлээгүй учраас Лондоны амьтны хүрээлэн Чи Чийг авах шийдвэр гаргажээ. Ингээд Лондонд байхад нь Дэлхийн зэрлэг амьтдын сан (WWF)-г үүсгэн байгуулагчдын нэг, судлаач, зураач Сэр Питер Скотт 1961 онд хөргийг нь зурснаар Чи Чи олон улсын нэр хүндтэй байгууллагын бэлгэдэл болсон түүхтэй.