Астана хотод энэ сарын эхээр болсон Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Х хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон санал, санаачилгыг бодитой ажил болгох эхлэл тавьсныг Шадар сайд Н.Номтойбаяр мэдээллээ.
Талууд “Монгол, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал”-ын дагуу худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлжээ. Шадар сайд “Хоёр орны худалдааны эргэлт 60 орчим сая ам.доллар байгаа нь маш чамлалттай үзүүлэлт. Үүнийг хэд дахин өсгөх нөөц боломж бидэнд бий. Үүнийг ашиглах зорилтын хүрээнд Монгол орны баруун бүсэд мах, махан бүтээгдэхүүний томоохон үйлдвэр байгуулж, халал зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх, Булган-Такишикен чиглэлийн төмөр замыг Казахстаны Аягоз-Бахтыхтай холбох асуудлаар хөрш улсуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулах, тус орноос дизель түлш, түүхий тос зэрэг бүтээгдэхүүн худалдан авах, уул уурхайн салбарт хайгуул, судалгааг эрчимжүүлэх чиглэлд санал нэгдэж, хамтарсан протокол байгууллаа. Цаашид протоколоо бодит ажил болгоход анхаарч ажиллана” гэсэн юм. Түүнчлэн хоёр улсын эрх бүхий байгууллагуудын хооронд эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах боломжтой чиглэл, механизм, хамтарсан төсөл хэрэгжүүлэх эрэлт хэрэгцээг судалж тодорхойлохоор зөвшилцөлд хүрчээ. Үүнтэй холбогдуулан Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, батлуулахаар ажиллаж буйг Шадар сайд онцлов.
Н.Мишээл