Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын стандартад нийцсэн хөдөлмөрийн хяналтын проактив буюу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргачлал нэвтрүүлэх, хяналтын конвенцод нэгдэж, дэлхийн түвшинд тавигддаг нийтлэг шаардлага хангасан хууль, эрх зүйн орчин бүрдүүлснээ мэдээллээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын конвенцод нэгдэн орсноор хөдөлмөрийн хяналтын тогтолцоог олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн бэхжүүлэх, хяналтын байцаагчдын чадавхыг сайжруулах, хараат бус, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын шинэлэг арга хэлбэр нэвтрүүлэх, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэлийн шинж чанар болон ажлын байрны онцлогт нийцүүлэн үр нөлөөг нэмэгдүүлэх, салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх эрсдэлээс сэргийлэх юм. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлмөрийн хяналтыг боловсронгуй болгох, торгууль, шийтгэл хүлээлгэхээс илүүтэй ажил олгогч, ажилтанд хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх, зөвлөн туслах зэрэг ач холбогдолтой.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн хяналтын тухай 81, 129 дүгээр конвенцыг соёрхон батлах тухай хуулийг УИХ-аар баталсан бөгөөд эл хоёр нь хүний хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ажил хөдөлмөр эрхлэгчдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй засаглал бэхжүүлэхэд чиглэдэг байна.
О.Оргилох