Цаг агаар эрс хүйтэрч, цас, мөсний улирал хараахан ирээгүй байгаа ч Улаанбаатар хот утаан хөшгөө хэдийн татжээ. Өглөө, оройн сэрүүний ид галлагааны үеэр нийслэлийн агаарын чанар илт муудаж, утаа угаар үнэртэж эхэллээ. Уржигдар 22.00 цагийн үед гэхэд Улаанбаатар дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын долоодугаарт жагсав. Швейцар улсын технологийн “IQAir” омпанийн эзэмшдэг, дэлхий даяарх агаарын чанарыг хянадаг аппликэйшн ийн мэдээлсэн. 21.00-22.00 цагийн хоорондох агаарын чанарын индексийн дундаж оноогоор улсуудын нийслэл болон томоохон хотуудыг эрэмбэлэхэд Сингапур тэргүүлж, араас нь Куала Лумпур, Колката, Дели, Мумбай, Лахор, Улаанбаатар “нэхжээ”. Дэлхийн хамгийн олон хүн амтай, агаарын болон орчны бохирдлын үзүүлэлтээр тэргүүлдэг Энэтхэгийн гурван хот эхний 10-т багтсаны нэг нь Монголын нийслэлтэй ижил үзүүлэлттэй байсан юм. Тодруулбал, Энэтхэгийн Мумбай болон Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 152 байв. Манай нийслэлийн ард 21.4 сая хүн амтай, Хятадын дөрөв дэх том хот гэгддэг Чэнду нэг онооны зөрүүтэй бичигджээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын agaar.mn сайтын мэдээллээс харахад ч Улаанбаатарын хамгийн их бохирдолтой “хар цэгүүд” дэх агаарын чанарын индекс гурван оронтой тоо (цэвэр, хэвийн түвшний үзүүлэлт хоёр оронтой байдаг)-нд хэдийн шилжжээ. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь “Ургах наран” хороолол орчимд уржигдар орой агаарын чанарын индекс 273 буюу маш их бохирдолтой байсан юм. Үүний хойноос Таван буудал (271), Хайлааст (185), III, IV хорооллын эцэс (183), Нисэх (162), Толгойт (152), Зуун айл (143) жагсаж байв.
Эдгээр үзүүлэлт нь Улаанбаатар хотын агаарын бохирдол анхаарал хандуулах хэмжээнд, аюултай түвшинд хэвээр буйг батална. Нийслэлчүүд дан ганц өвөлд ч биш, хавар, намрын улиралд хэвийн түвшнээс давсан бохир агаараар амьсгалж, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа. Утаа угаар туйлдаа хүрдэг өвлийн саруудад агаарын чанарын одоогийн үзүүлэлт илүү дордох нь тодорхой. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, утаатай тэмцэх чиг үүрэгтэй байгууллагынхан өвөл хаяанд ирсэн энэ үед чухам юу хийж байна вэ. Тэд ямар төлөвлөгөө, зорилт тавин ажиллаж буй бол?
ХҮЙТЭНТЭЙ ӨРССӨН УХААРАЛ
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Агаарын бохирдлыг бууруулж, чанарыг сайжруулах нь хотын удирдлагуудын нэн тэргүүнд цаг алдалгүй хийх ажил, гол бодлого. Энэ өвөл угаарын хийн хордлогын улмаас хүний эрдэнэт амь эрсдэхгүй байх аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө онцгой анхаарч ажиллана. Агаарын бохирдол ихтэй, утааны гол бүс дэх Чингэлтэй дүүргийн 3815, Баянголын 1185 өрхийг хийн халаалтад бүрэн шилжүүлсэн. Үр дүнг нь 2026-2027 оны өвөл үзнэ” хэмээн 10-аадхан хоногийн өмнө мэдэгдсэн. Гэтэл уржигдар “Энэ өвөл 6-10 мянган айлд цахилгаан эх үүсвэрээр ажилладаг, дулаан хураагуур туршина. 5000 орчим өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлсэн ч өртөг зардал ихтэй учраас үр дүн гарахгүй нь. Удаан хэрэгжүүлэх төсөл ч биш юм байна. Тиймээс илүү хямд өртгөөр хэрэгжүүлэх үр ашигтай шийдэл хайна” гэхчлэн ярив. Түүний энэ гоомой, хариуцлагагүй мэдэгдлээс хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй нь, тэднээс их зүйл хүсэж хүлээгээд нэмэргүй нь харагдаж байна.
Агаарын чанарыг сайжруулах бүс дэх 5000 өрхийг нийслэлийнхэн өнгөрсөн долоодугаар сард хийн түлшний халаалтад шилжүүлсэн. Ингэхдээ бөөн ажил, зардал чирэгдэл болсон юм. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газарт бүх төрлийн хийн найрлагыг нарийвчлан тодорхойлох лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлж, энэ төрлийн түлш борлуулах цэгүүдийг шинээр байгуулан, айл өрхүүдэд “Haier” болон “Hisense” компаниудад үйлдвэрлэсэн зуух суурилуулсан. Хотын дарга тухайн үед “Эхний ээлжийн айлуудын хэрэглээ жигдэрснийх нь дараа төслийн хоёрдугаар шатны ажлыг эхлүүлнэ” хэмээн ярьсан. Гэтэл уг ажлынхаа үр дүнг ч үзэлгүй, өвлөөс урьтан зогсоохоор болж байна. Өдөр алдаж шөнө гэгчээр хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэн үед “Хямд өртгөөр хэрэгжүүлэх үр ашигтай шийдэл хайна”, “6-10 мянган айлд цахилгаан халаагуур туршина” гээд зогсож байгаа нь хариуцлагагүй, хуумгай байдлаа ил цагаан зарласан доромжлол, тавлал гэлтэй.
ХАГАС КОКС, УГААСАН НҮҮРСНИЙ “ТҮНШЛЭЛ”
Нийслэлчүүд өнгөрсөн өвлөөс хагас кокс хэрэглэж эхэлсэн. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаачдын зөвлөмж, туршилтын үр дүнд үндэслэн Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм. Өнгөрсөн жилүүдэд “Тавантолгой түлш”-ээс нийлүүлж байсан сайжруулсан гэх шахмал түлшний найрлага дахь зарим түүхий эд (мидлинг) илүү хоруу чанартай бодис ялгаруулж, угаарын эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж эрдэмтэд үзсэн. Харин хагас коксыг гол хэрэглээ болгож, шахмал түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг үе шаттай бууруулснаар агаарын бохирдлыг 30-50 хувиар багасгах боломжтой гэж тооцсон билээ. Улмаар 2025-2026 оны өвөл нийслэлийн гэр хорооллынхны түлшний хэрэглээний 90 орчим хувийг хагас коксоор, үлдсэнийг нь шахмал түлшээр шийдсэн. Гэхдээ түлшний сонголтыг ингэж өөрчлөөд дорвитой үр дүн гараагүй. Хотын утаа мэдэгдэхүйц хэмжээнд лав буураагүй. Албаны хүмүүс аль утаа угаар багатай, салхитай, цэлмэг өдрийн агаарын чанарын үзүүлэлтийг түүвэрлэн танилцуулж, “Хагас кокс хэрэглэж эхэлснээр нийслэлийн агаарын чанар эрс сайжирсан” хэмээн мэдээлж байсан ч бодит байдалд түүнийгээ тоо баримт, тооцоо, судалгаагаар баталсан нь үгүй.
Өдгөө гэхэд “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн “Өнгөрсөн жил нийслэлийн утааг 30 орчим хувиар бууруулсан. Энэ жил түлшнээс үүдэлтэй агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулна” хэмээн ярьж байна. 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглээнд 427 мянган тонн түлш нийлүүлэхээр төлөвлөсний 307 мянган тонн нь хагас кокс, 120 мянган тонн нь угааж баяжуулсан шахмал түлш гэнэ. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон өнөөх мидлинг хэмээх бодисыг энэ жилээс бүрмөсөн халж, оронд нь “Эрдэнэс Тавантолгой”-н угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр түлш үйлдвэрлэх болжээ. Тус компанийнхан жинг нь нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан гэх шинэ түлшээ нийслэл дэх борлуулалтын цэгүүдээр дамжуулан гэр хорооллынхонд нийлүүлээд эхэлж.
Түлш үйлдвэрлэгч компанийнхан “Зөвхөн нийслэлчүүдэд зориулан шинэ түүхий эдээр илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ” хэмээн пиар сурталчилгаа хийж буй энэ цаг дор Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт хүний эрүүл мэндэд аюул эрсдэл учруулах хэмжээнд хэдийн хүрчихлээ. Уг нь утаатай “тэмцэгчид”-ийн хэлж ярьж буй нь үнэн бол өдийд Улаанбаатар шиг цэвэр цэлмэг агаартай хот байхгүй мэт. Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлт ч хоёр оронтой тооноос давах учиргүй. Гэтэл нидэр дээрээ эсрэг дүр зурагтай байна. Энэ нь албаны хүмүүсийн ам, ажил, нэмээд албан ёсны баримт, судалгаа үргэлж зөрж ирснийг нотлон харуулсаар.
Хотын удирдлагуудын “мэдэлд” үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой түлш”- ийнхэн сайжруулсан гэх шахмал түлшээ хамгийн чанартай, хорт бодисын найрлага багатай хэмээн өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийслэлийн гэр хорооллынхонд ямар ч сонголтгүйгээр нийлүүлсэн. Харин одоо Хятадаас нийлүүлж буй хагас кокс, “Эрдэнэс Тавантолгой”-н угааж баяжуулсан нүүрсээр үйлдвэрлэж буй шахмал түлшээ хамгийн чанартай нь хэмээн өөд уруугүй магтаж байна. Тэд хэзээ хагас кокс, угаасан нүүрсний “түншлэл”-ээсээ урваж, дахин шинэ түлш санал болгохыг таашгүй.
Н.Мишээл