Хахир өвөл хаяанд ирж, нийслэлчүүд өнөөх л утаа, түгжрэл, ханиад, томуу, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдалтай нүүр тулах нь. Үүн дээр нэмээд эрчим хүч, түлш, шатахууны хомсдол ч биднийг отож байна. Өвлийн өвөлд л нийслэлийн иргэд эдгээр зовлон зүдгүүрийг туулж, арайхийн онд орж байхад хотын дарга Б.Пүрэвдагва хаана юу хийж явна вэ. Залуу хүнийх нь хувьд, шинэ үеийн төлөөлөл гэдгээр нь түүнд олон нийт итгэл хүлээлгээд хэдийн 138 хоног өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр ажлаа авсан өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд асуудлуудаа эрэмбэлж, зохих шийдвэр гарган, шийдэл нэвтрүүлэн, үр дүнгээ зах зухаас нь үзчих боломжтой байлаа. Гэвч тэгсэнгүй, уулзалт, хэлэлцүүлэг “хэсэж”, энд тэндхийн бүтээн байгуулалттай танилцаж, гадаад, дотоодын байгууллагын төлөөллийг хүлээн авч санал солилцсон шигээ анир чимээгүйхэн суух болов.
Улаанбаатарт олон арван жилээр ужгирсан асуудлуудыг яг одоо шийд гэж иргэд хотын дарга Б.Пүрэвдагваас хүсээгүй. Ердөө л автобус унаандаа түүртэлгүй суугаад, ажлаа хийгээд, автомашины банкаа хүссэн цагтаа дүүргээд, түгжрэл, стрессгүй амар тайван амьдрахыг л хүсэж буй. Гэвч хотын дарга иргэдийнхээ энэ мэт энгийн хэрэгцээ, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангаж, хамгаалах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, төрийн байгууллагуудын ажлыг нэг шугамд зангидах зэрэг үүргээ төдийлөн биелүүлэхгүй өнөөдөртэй золголоо. Үүнд Улаанбаатарын оршин суугчид бухимдалтай байгаа юм. Түүний ажлын үр дүн нийслэлчүүдэд өглөө гэрээсээ гараад ажилдаа очиход, хүүхдээ сургуульд хүргэхэд, өвдөхөд, орой гэртээ харихад мэдрэгддэг байх ёстой. Гэтэл энэ бүхэн эсрэгээрээ, бөөн бухимдал, стресс дунд их хотын амьдрал “буцалсаар” уджээ.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн тавдугаар сарын 26-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилсон билээ. Ажлаа авсан даруйдаа тэрбээр өмнөх удирдлагын эхлүүлсэн томоохон төслүүдийг үргэлжлүүлж, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Зургаадугаар сарын эхээр багаа бүрдүүлж, цөөнгүй томилгоо хийн, харьяа байгууллагуудын үйл ажиллагаа, төсөв санхүү, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдтэй танилцаж, уламжлалт арга барилаар ажлаа эхлүүлсэн байдаг.
Гэвч өнгөрсөн хугацаанд нийслэлийн толгойн өвчин болсон авто замын түгжрэлийг шийдэх оновчтой ганц ч шийдэл нэвтрүүлсэнгүй. Автомашинуудыг өнөөх л улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж, энэ зохицуулалтаа бүр хэдэн арван өдрөөр сунгаж, иргэдийг бухимдуулсан удаатай. Тодруулбал, манай улсад наймдугаар сарын сүүлчээр болсон COP17 бага хурал өндөрлөчхөөд байхад ямар ч шалтгаангүйгээр буюу есдүгээр сарын 12 хүртэл тээврийн хэрэгслийн тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлсэн. Улмаар “Автомашингүй өдөр”-тэй хамтатган “Шөнийн марафон” гээчийг зохион байгуулж, нийслэлийн 1.7 сая иргэнийг шийтгэсэн билээ. Өдөржин зорчих эрхээ хасуулсан иргэд шөнө оройн цагаар ажлаа амжуулах гэтэл уг арга хэмжээг давхардуулан зохион байгуулснаас болж хүмүүс 3-6 цаг зам дээр таг гацаж, ажил, цаг зав, шатахуун, мөнгө, стрессээ барсан. Түүнийг ийм мэдрэмжгүй ажилласных нь төлөө огцруулах ч багадна хэмээн олон нийт тухайн үед үзсэн. Харин хотын дарга үүндээ огтхон ч эмзэглээгүй бөгөөд 9000 хүн оролцсон “Шөнийн марафон”-ы үеэр их мөнгө олсон, иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжсэн гээд хээвнэг ярьж суусан юм.
Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 1100 гаруй нийтийн тээвэр иргэдэд үйлчилж буй гэх ч хүрэлцээгүй хэвээр, тэр дундаа өглөө, оройд унаа хүлээсэн хүмүүс автобусны буудлаар дүүрч, хаалганд нь арайхийн хавчуулагдан барин ажил, гэрийн бараа харж байна. Гэтэл зарим чиглэлийн автобуснууд нь ар араасаа хов хоосон ирж, явсаар л байдаг. Чиглэлийн зохион байгуулалт, зорчигчдын судалгаа, богино эргэлтийн маршрут бараг байхгүйтэй энэ бүхэн холбоотой. Түүнчлэн Улаанбаатар утаан хөшгөө хэдийн татчихаад байхад шахмал, хагас коксон түлшээ ямар ч хоргүй, угаар униаргүй гэж сурталчилсаар буй. Гадаа харьцангуй дулаахан, түлшээ хязгаартай олгож байгаа энэ үед утаа хотыг ингэж нөмөрч буй юм чинь галлагааны улиралд хэрхэх нь ойлгомжтой. Гэтэл хотын дарга “Өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай хангагдсан, санаа зоволтгүй. Энэ өвлийг бүгдээрээ утаагүй давцгаана” хэмээн итгэлтэй хэлж байх юм.
Түүний сошиал хаяг, нийслэлийн албан ёсны цахим хуудсанд ихэвчлэн ажлын хэсгийн хурал, төслийн явцтай танилцсан тухай мэдээллүүд өнгөрсөн хугацаанд хөврөв. Улаанбаатарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй гэх албан мэдээлэлд дулааны гол 18.7 километр шугам сүлжээний ажил хийгдсэн, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан хангамжийг нийлүүлсэн, аж ахуйн нэгжүүдийг халаалтад холбосон гэжээ. Тэгвэл цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл 80.5, халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисын нөөц 81 хувийн бүрдүүлэлттэй байна.
Асуудлын гол нь эдгээр ажлын хувь хэмжээгээр өвлийг өнтэй давна гэсэн үг биш л дээ. Цахилгаан хангамжийн үлдсэн бэлтгэл ажил хэзээ хангагдах, хугацаандаа амжихгүй бол хэчнээн өрх, сургууль, эмнэлэг эрчим хүчээр хомсдох, эсэх нь ч тодорхойгүй. Дүн өвлөөр дулааны шугамуудад гэмтэл гарч, доголдвол хариу арга хэмжээ авах баг, сэлбэг, нөөц төлөвлөгөө, эх үүсвэр, эрсдэлийн үнэлгээ бий юү, түлш, шатахууны нийлүүлэлт тасалдвал хэрхэх вэ гэх мэт шийдэл нь ч ил тод бус, бүрхэг. Уг нь энэ бүхнийг нийслэлчүүд урьдчилан мэдэж, ахуй амьдралын бэлэн байдлаа хангах ёстой сон.
Утаанд живж, түгжрэлд туйлдсан Улаанбаатарыг өмнөх хотын дарга нар шиг ингэж удирдвал хол явахгүй, хөгжил ирэхгүй. Уламжлалт арга барил үеэ өнгөрөөснийг, ямар ч үр дүнгүйг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Өвлийг утаагүй давна гэхээсээ илүүтэй агаарын чанар муудах магадлалтай өдрүүдийг урьдчилан мэдээлж, хүүхэд болон эмзэг бүлгийнхнийг хамгаалах арга хэмжээ авах, түлшний тасалдал гарсан тохиолдолд хэрэгжүүлэх төлөвлөгөө, агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй менежмент л нийслэлчүүдэд хэрэгтэй. Түгжрэлийг автомашины улсын дугаараар биш, бодлогоор шийддэг болмоор байна. Тиймдээ ч иргэд хотын даргаас нийтийн тээврийн паркийг нэмэгдүүлэхэд ямар ажил хийв, автобусны давтамж, чиглэл, оргил цагийн үйлчилгээг хэрхэн сайжруулав, явган болон дугуйн замыг аюулгүй болгосон уу, зогсоолын хүртээмж, түгжрэлийг шийдэх оновчтой арга, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн үү гэдгийг асуугаад буй хэрэг. Даанч хотын даргад дорвитой хариулт алга шив.
Ханиад, томуу ч дэгдээд эхэллээ. Гэтэл хүүхэд багачууд угаас өвдөх ёстой мэт хүлээн авч, эмнэлгийн ор зэхсэнээс биш, сургууль, цэцэрлэгийн агааржуулалт, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм, тандалт, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулахгүй байсаар өнөөдөртэй золгов.
Хүүхдүүдээ заавал эмнэлэгт хэвтүүлж, эм, тариагаар “бөмбөгдөх”-өө урьтал болгож, үүнийгээ амьсгалын замын өвчлөлтэй тэмцэж байна гэж эндүүрэхээ хэзээ болих вэ, эрх баригчид аа.
Хийж хэрэгжүүлэх ажил нь энэ мэт уул овоо шиг их байхад Б.Пүрэвдагва өмнөх хотын дарга Х.Нямбаатартай “Сэлбэ 20 минутын хот”-д нэг ч тоосго өрөөгүй гэхчлэн сошиалаар хэрэлдэж суух завтай байгаа нь гайхмаар. Санхүү хөрөнгө нь нэгэнт шийдэгдсэн, эхлүүлээд явж буй томоохон төслүүдийг хуучин, шинэ даргын хувийн харилцаа, хэрүүл маргаанаас хамааралгүйгээр үргэлжлүүлэх ёстой баймаар.
Олон улсын жишгээс харахад хотын удирдлагын гол ажил нь хөгжлийн бодлого, төсөв, тээвэр, орчны чанар, орон сууц, эрүүл мэндийн эрсдэл зэргийг уялдуулан гол зорилгоо хэмжигдэхүйц үзүүлэлтээр тодорхойлж, хэрэгжилтээ олон нийтэд тайлагнаад явдаг. Агаарын бохирдлыг бууруулах стратегид нь хорт утаа ихээр ялгаруулдаг автомашины хэрэглээг хязгаарлах, нийтийн тээврийн үйлчилгээг эко технологид шилжүүлэх, явган болон дугуйн замын хөдөлгөөнийг дэмжиж, агаарын чанарын мэдээллийг иргэдэд ил тод, үнэн зөвөөр хүргэдэг. Улаанбаатар ч ийм зарчмаар ажиллах боломжтой. Түгжрэлийг бууруулах зорилт тавьсан л бол гол замуудын оргил цагийн дундаж хурд, автобусны хүлээлгийн хугацаа, нийтийн тээврийн хүртээмжийг тогтмол мэдээлж болно. Улмаар агаарын чанарын хэмжилт, түлшний нийлүүлэлт, гэр хорооллын дулаан хангамжийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бодитоор тайлагнах хэрэгтэй. Энэ бол том хотуудын дарга нарын олон нийтийн итгэлийг олж авдаг арга юм.
Үүний адилаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнгөрсөн хугацаанд өмнөө тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэснээ, ямар ажлууд хийснээ олон нийтэд тайлагнах цаг болжээ. Учир нь түүний ажлаа хүлээн авснаас хойш гаргасан тушаал, захирамж, шийдвэрийг шүүж үзэхэд нэгдсэн тоо баримт байхгүй, нийтэд ил тод бус. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхайг найман удаа хуралдуулж, холбогдох албан даалгаврууд өгсөн ч хэрэгжилт, тайлангаа одоо болтол тавиагүй байна. Иймд иргэд түүнийг ядаж ажлын 100 хоногийн тайлангаа тавихыг шаардаж буй юм.