Туухай (гийр) бол манай улсад эрчимтэй хөгжиж буй хүчний спортын нэг төрөл юм. Үүгээр залуус тууштай хичээллэж, олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцож амжилт гаргах болсон. Энэтхэгийн Шинэ Дели хотод эхэлсэн туухай өргөлтийн ДАШТ-д Монголын баг 13 орны 275 тамирчинтай өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, Монголын туухайт спортын холбооны тамирчин, Азийн хошой аварга, олон улсын хэмжээний мастер Н.Мадигайм 78 кг-ын жинд хос 24 кг туухайг цээжнээс 10 минутын хугацаанд 120 удаа өргөж дэлхийн аваргаар тодорлоо. Улмаар насанд хүрэгчдийн мэргэжлийн тамирчдын ангилалд мөн хос 32 кг туухайг цээжнээс 40 удаа өргөж, хүрэл медалийн эзэн болов. 15 жил туухайтай нөхөрлөсөн тэрбээр ийнхүү мэргэжлийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Түүнээс өмнө дээрх хотод 2022 онд зохион байгуулсан ДАШТ-д Э.Буджав 68 кг-д түлхэлттэй болон огцом өргөлтийн төрөлд хос алтан медаль хүртсэн бол БНХАУ-ын Хайнинг хотод 2025 онд болоход гурван төрөлд тус бүр түрүүлж, амжилтаа ахиулснаар дэлхийн 10 удаагийн аварга болсон юм.