“Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадам өндөрлөсний дараа манай улсын жүдочид Азербайжан Улсыг зорьсон. Баку хотод зохион байгуулж буй насанд хүрэгчдийн ДАШТ-д эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүч сорьж, дээрх наадмаас хүртсэн хүрэл медалиа ихэрлүүллээ. Тив, дэлхийн хоёр том тэмцээнд долоо хоногийн зайтай оролцож, гаргасан амжилтаараа Монголын жүдогийн спортод түүх бүтээв. Тэрбээр чансаагаараа С хэсгийг тэргүүлж, эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёр дахь тойрогт Испанийн тамирчин Санчес Бенитес Арьелаг юүко үнэлгээгээр хожиж, тэмцээнээ үргэлжлүүлэв. Шөвгийн 16-д Косово улсын хүчтэй өрсөлдөгч, олимпын хүрэл медальт Лаура Фазлиуг цаг дуусахаас 23 секундийн өмнө хөмрөх мэхээр цэвэр ялсан юм. Улмаар шигшээ наймд Израилийн Керем Примод ялагдсан ч дагах барилдаанд Францын алдарт жүдоч, дэлхийн зургаан удаагийн аварга Кларисс Агбегненноуг мөн юүко үнэлгээгээр буулган авч, үзэгчдийг алмайруулан медалийн төлөө барилдах эрхтэй болов. Хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Нидерландын тамирчин, дэлхийн аварга Жоанне Ван Лешоутыг илүүрхэн дэлхийн дэвжээнд гурав дахь медалиа гардлаа.