Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж буй “Нэг сум, нэг нуур-333 нуур” болон “Цэнхэр алт” санаачилгын хүрээнд “Хэлтгийн цагаан нуурыг сэргээх төсөл” хэрэгжүүлж буй юм байна. Үүний хүрээнд нуурын усны эко системийг нөхөн сэргээх, хамгаалах, байгальд ээлтэй дэд бүтэц бий болгох цөөрөм байгуулах, гадаргын усыг хуримтлуулах үе шаттай ажил хийж байгаа аж. Энэ бүхний үр дүнд Хэлтгийн цагаан нуур 21 жилийн дараа эргэн сэргэжээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын хойд талд орших тус нуурийг сэргээх явцад 1956 онд барьж, ашиглалтаас гарсан усалгааны 17 км суваг, шуудууг бүрэн цэвэрлэж, Хөгшин Орхон голоос 5.4 км шороон суваг татжээ. Ингэснээр 80 га талбайд сэргэсэн нуурын ус энэхүү сувгаар дамжин Хөгшин Орхон голд цутгах юм. Орхон нь Өгий нуурыг тэжээн, буцаад Орхондоо цутгана гэдгийг албаныхан онцолсон.
Усны газрын дарга З.Батбаяр “Нуур сэргэсэн нь НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилтод манай улс хувь нэмрээ оруулж буйн нэг илрэл. Мал, амьтан, нүүдлийн шувуу олноор цуглах зэргээр экосистем нь ч дахин сэргэж байна. Цаашид гол, нуурын байгалийн урсцыг сайжруулж, орчныг нь иж бүрэн тохижуулна” гэлээ.
О.Ундрах