Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) өр төлбөргүй болсон хэмээн салбарын сайдаас нь эхлээд алга ташиж байтал энэ нь улсын томоохон эмнэлгүүдэд шилжиж, эцэстээ иргэдийн халаасыг тэмтрэхэд ойрхон болжээ. Тодруулбал, ЭМДЕГ-ын үлдэгдэл өр болох 198 тэрбум төгрөгийг өнгөрсөн зургаадугаар сард төлж барагдуулсан хэмээн Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлж байв. Тэгвэл өр, авлагагүй байхын тулд ЭМДЕГ-ынхан тусламж, үйлчилгээний нэр, төрлийг цөөрүүлж, эмнэлэгт олгох санхүүжилтээ багасгасан. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг бидний өмнөөс хаана, хэрхэн хуваарилж, ямар тусламж, үйлчилгээ үзүүлэхийг ЭМДЕГ-ынхан шийдэж буй. Эмнэлгүүдээс шаардлагатай тусламж, үйлчилгээг худалдан авсны хариуд тэдэнд санхүүжилт олгодог гэсэн үг. Улсын эмнэлгүүд бүхэлдээ Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас санхүүжиж, үүнийгээ эмч, ажилтнуудын цалин, эм тариа, мэс засал, үзлэг, оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээ болон урсгал зардалдаа хуваарилж буй.
Гэтэл эмч нарын цалинг энэ оны нэгдүгээр сараас 30 хувь нэмсэн. Цаашид үе шаттайгаар нэмж, 75 хувьд хүргэх гурван талт хэлэлцээр байгуулсан билээ. Энэ нь 2026 ондоо багтааж эмчийн цалинг гурав, ирэх жил 3.5 сая төгрөгт хүргэх тухай юм. Гэтэл бага санхүүжилтээр ийм хэмжээний цалин олгох нь эмнэлгүүдийн төсөвт хүндрэл учруулахаар байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
2024 ОНООС АВЛАГААС ДАВСАН ӨР ҮҮСЭЖ ЭХЭЛЖЭЭ
Эрүүл мэндийн байгууллагууд 2023 онд өр, авлагын харьцаа ойролцоо байсан бол 2024 оноос авлагаас давсан өглөг үүсэж эхэлжээ. Энэ нь төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмсэнтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, үндсэн цалингийн найман хувийн өсөлтийг даатгалын сангийн төсөвт бүрэн тусгаж өгөөгүйтэй холбоотой өр төлбөр үүсэж эхэлж. Гэсэн ч баталсан төсвийн хүрээнд гал алдахгүйн тулд 2025 оноос байгаа төсөвтөө багтааж, зарим тусламж, үйлчилгээг хумьсан байна. Энэ нь гүйцэтгэлээр буюу хийснээрээ санхүүждэг эмнэлгүүдэд дарамт учруулж, орлого нь тодорхой түвшинд буурч, өр төлбөр нь өсөхөд нөлөөлжээ. Нэрэн дээрээ ЭМДС өр төлбөрөөс чөлөөлөгдөж буй ч нэдэр дээрээ энэ нь эмнэлгүүд рүү “шилжиж”, өр төлбөр нь нэмэгдэх эрсдэл нүүрлээд байна. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгддөггүй гэдэг дээ.
2025 онд эрүүл мэндийн байгууллагуудын ЭМДС-гаас санхүүжих төсвийг мөн бууруулж гэрээ байгуулан ажилласан юм. Төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэх хүрээнд богино хугацаанд эрүүл мэндийн байгууллагууд орон тооны цомхотгол хийх сонголттой нүүр тулсан. Хэдийгээр Засгийн газраас эмч, сувилагчаас бусад орон тоог цөөрүүлэх чиглэл өгсөн ч ихэнх нь ажилтнуудаа тийм ч амар явуулахыг хүсээгүй. Үүнээс үүдэн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр нэмэгдэх болсныг зарим эмнэлгийн удирдлага нуугаагүй. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Хүрэлсүх “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шинэчилсэн тогтоолоор амбулаторийн үзлэг, мэс засал зэрэг нэгж тусламж, үйлчилгээний өртгийг найман хувь нэмсэн. Үзүүлж буй тусламж, үйлчилгээний санхүүжилтийг найман хувиар өсгөсөн бол ЭМДС-гаас орж ирэх санхүүжилт мөн ийм хэмжээгээр нэмэгдэх ёстой. Үүгээр бид цалингийн нэмэгдэл, эм, эмнэлгийн хэрэгслийн зардлаа нөхөх юм. Гэтэл одоогоор өссөн дүнгээр санхүүжилт ороогүй байна. Бид тусламж, үйлчилгээндээ ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Гэхдээ ийм байдалтай үргэлжилбэл цаашид санхүүгийн асуудалд орохгүй гэх баталгаа алга” хэмээсэн. Тус эмнэлэг нь улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлдэг ганц төв. Эл эмнэлгийн амбулаториор ажлын өдрүүдэд нийт 3500-4000 хүн үйлчлүүлдэг аж. Өдөрт 700 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. ЭМДС-гаас хорт хавдрын зарим тусламж, үйлчилгээний өртгийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн нь тэдэнд ихээхэн дэм болж буй гэнэ.
Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс нөхцөл байдлыг тодруулсан юм. Тус төвийнхөн 18 нэр, төрлийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж буй. Өөрөөр хэлбэл, архаг, цочмог, төлөвлөгөөт гэсэн ангиллаар 63 оношийн дагуу тусламж, үйлчилгээ үзүүлж, ЭМДЕГ-аас санхүүждэг байна. Тухайн эмнэлгийн амбулаториор долоо хоногт 1500 гаруй хүн үйлчлүүлдэг аж. Өнгөрсөн оны жилийн эцэст 50.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Үүний 21.8 тэрбум төгрөгийг ЭМДС-гаас, 1.4 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагааны орлогоос бүрдүүлжээ. Харин 27.7 тэрбум төгрөг нь Эрүүл мэндийн яамнаас олгодог нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний татаас.
Асуудал нь тухайн эмнэлэг олсон орлогын 31.6 тэрбумыг ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулжээ. Тухайлбал, ЭМДС болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нийлээд 37.4 тэрбум төгрөг байхад зардал нь 43 тэрбумыг давжээ. Эдгээр нь зөвхөн цалин, ниймгийн даатгалын шимтгэл, эм, урвалжийн өртөг гэнэ. Иймд санхүүжилт хүрэлцэхгүй, бүсээ чангалж буйгаа тус эмнэлгийнхэн хэлсэн. Өнгөрсөн онд гэхэд 11.5 тэрбум төгрөгийн өр үүсжээ. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 12.5 тэрбум төгрөгийн өртэй гарсан байна. Үүний 64.1 хувь нь эм, урвалж, оношлуурын өр бол 33.9 хувь нь ХАОАТ болон НДШ-ийн өглөг гэнэ. Үүнийг шийдвэрлэх арга замын талаар ХӨСҮТ-ийнхнөөс тодруулахад “Сар бүр хүрэлцээгүй санхүүжилт орж ирдэг тул эм, урвалжийн хэрэглээ, зарцуулалтыг тогтмол хянадаг. Өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй, цаашид бууруулах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна” гэв. Нэг ёсондоо, эм, урвалжийн тоо, ширхгийг бууруулснаар иргэдийн халаасанд гар дүрэхээс өөр аргагүй болох юм.
УЛСЫН ЭМНЭЛГҮҮД НИЙТ 239 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ
Гар хөдөлбөл ам тосодно гэдэг шиг хэр хэмжээний тусламж, үйлчилгээ үзүүлж байна тэр хэрээр санхүүжилт олгодог зарчим манай эрүүл мэндийн салбарт үйлчилж буй. Гэхдээ тэрхүү тусламж, үйлчилгээ нь чанартай байх ёстой. Харин зарим эмч үүнийг мөнгө олох арга хэрэгсэл мэтээр харж, шаардлагагүй тусламжийг ч үзүүлсэн нэр орж, ЭМДС-гаас санхүүжилт авдаг нь нууц биш. Энэ хэрээр санхүүжилт нэмэгдэж, ЭМДС-аас хэдэн арван тэрбумын авлагатай эмнэлгүүд цөөнгүй болсон. Эл авлагаараа өнөөдрийн зардлаа нөхөж буй нь бий. Гэтэл ЭМДС-гаас авлагагүй эмнэлгүүд өрөнд баригдаж, өтөнд идэгдэх нь холгүй байгаа гэнэ. Тухайлбал, улсын эмнэлгүүдээс 10 гаруйд нь өр төлбөрийн дийлэнх хэсэг ногдож буй аж. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, мөн 21 аймаг, болон нийслэлийн есөн дүүргийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд нийт 141.1 тэрбум төгрөгийн авлага, 217.7 тэрбум төгрөгийн өртэй гарсан байна. Үүний 61.9 тэрбум төгрөг нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн, 130.2 тэрбум төгрөг нь эм, бэлдмэлийн зардлын өр. Мөн 2026 оны эхний таван сарын байдлаар 239.9 тэрбум төгрөгийн өртэй гарсан бөгөөд үүний 124.1 тэрбум нь эм, бэлдмэлийн зардлынх байна. Үүнээс үзэхэд энэ оны эхний хагас жилийн өр өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийнх нь 24.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ онд эмч, ажилтнуудын үндсэн цалинг нэмсэнтэй холбоотой санхүүгийн хүнд байдал үүсээд буй. Хэдий болтол урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөх вэ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН “НАР ҮЗЭХ ҮҮ”
Манай улсын эрүүл мэндийн салбарын өнгөрсөн оны төсөв дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий гурав орчим хувийг эзэлж байв. Харин таван хувиас их буюу тэнцүү байхыг ДЭМБ зөвлөдөг. 2027 онд эрүүл мэндийн салбарын нэгдсэн зарцуулалт 3.74 их наяд төгрөг буюу ДНБ-ий ойролцоогоор 3.2-3.3 хувь байхаар төлөвлөжээ. Үүнээс Эрүүл мэндийн сайдын багц 2.6 тэрбум төгрөг байна. Мөн хөрөнгө оруулалт нь улсын нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 3.7 хувийг эзэлж, томоохон салбаруудаас хамгийн бага түвшинд байгааг мэргэжилтнүүд хэллээ. Хэдийгээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрийг нэмж, хувиараа шимтгэл төлөгчдийг 45-аас 65 хувьд хүргэх зорилт тавьсан ч энэ нь сангийн нийт орлогын багахан хувь болохыг судлаачид тодотгосон юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар, хэсэгтээ “өндийхгүй” байх дүр зураглал харагдаж буй.
Улсын эмнэлгүүд тусламж, үйлчилгээний тоогоо бууруулахгүйн тулд чардайж байгаа ч өмнөх онуудтай харьцуулахад гүйцэтгэл буурчээ. Төсөвтөө багтааж эм, эмнэлгийн хэрэгслээ авах, үүндээ тааруулж эмчилгээгээ хийх тул санхүүжилт “тасарсан” л бол тусламжийг цуцлахаас өөр аргагүй. Энэ нь иргэдийн амьдралд дарамт учруулж, өндөр өртөгтэй хувийн эмнэлэг бараадахад хүргэдэг. Зарим эмнэлэг Эрүүл мэндийн яам, ЭМДЕГ-тай ярилцан тохиролцож, дараа сарын санхүүжилтээ татаж, эмчилгээгээ таслахгүй явуулж буй гэнэ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мөн чанар эцэстээ иргэдийнхээ дундаж наслалтыг нэмэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл, урт наслах нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг тодорхойлдог билээ. Харамсалтай нь, манай улсад эрүүл мэнддээ мөнгө зарцуулах уу, эсвэл нэн шаардлагатай хоол хүнсээ авах уу гэсэн сонголтой өдөр бүр нүүр тулдаг иргэд цөөнгүй. Өндөр орлоготой улсын иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа халааснаасаа бага төлбөр төлдөг. Иймд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэх, тусламж, үйлчилгээг зорилтот бүлэгтээ хүргэдэг байхад анхаарахгүй бол улсын томоохон эмнэлгүүд байдгаа шавхаад, тартагтаа тулж мэдэх нь.