Хүүхдүүдийн санаачилгаар бүтсэн “Явдаг номын сан” нийтийн тээврийн Ч:73 чиглэлд аялалдаа гарчээ. Тодруулбал, “Хассуурь” сангийн дэргэдэх сайн дурын клубийн хүүхдүүдийн тохижуулсан уг автобус Ч:73 буюу “Зунжин худалдааны төв-ТЭЦ-4” чиглэлд иргэдэд үйлчилж байгаа аж. Нийтийн тээврийн суудал бүрд, бариул, хананд өлгөсөн олон нэр, төрлийн ном иргэдийн автобусаар зорчих хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх, сонирхолтой зохиол унших, шинэ мэдлэг олж авах боломжоор хангах зорилготойг санаачлагчид онцолсон.
Бид нийтийн тээврээр зорчихдоо ихэвчлэн утсаа “ухаж”, түгжрэлд цагийг хий дэмий бардаг шүү дээ. Харин номын сантай автобус нь зорчигчдод мэдлэг нэмэхээс гадна төвлөрөл, төсөөлөл, үгийн баялаг зэргийг хөгжүүлэх, өөрийгөө таньж мэдэхэд ч туслах юм. Дээрх чиглэлийн автобусыг хүүхдүүд гаднаасаа танигдахуйц лого, зургаар чимж, доторх заал, хөшиг, сандлын бүрээсийг хүртэл шинэчилж, дулаан, тайван мэдрэмж төрүүлэхүйц өнгө, тохижилттой болгосонд зорчигчид ихэд сэтгэл хангалуун үйлчлүүлж буйгаа илэрхийлжээ. Цаашид алслагдсан чиглэлийн болон зуслан, холын аяллын автобуснуудад “явдаг номын сан” байгуулахаар төлөвлөж буйгаа хүүхдүүд хэлсэн.
М.Гэгээ