Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны холбогдох салбарын сайд нар нэгэн чухал гэрээнд гарын үсэг зурсан нь “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажилд олгох хөнгөлөлттэй зээлийнх байв. Японы Засгийн газар үүнд зориулж 995 сая ам.доллар буюу 158 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийг 1.1 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нисэх буудлын одоогийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэн өргөтгөж, 2033 онд ашиглалтад оруулахаар төлөвлөснөө мэдээлсэн юм. Ингээд манай улс “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг байгуулахад зориулж тус орноос анх авсан хөнгөлөлттэй зээл (65 тэрбум иен)-ээсээ бараг гурав дахин их санхүүжилтээр өргөтгөлийн барилга бариулахаар болов. Хөшигийн хөндийн нисэх буудлыг өргөтгөх хөнгөлөлттэй зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан мэдээтэй зэрэгцээд өөр нэгэн асуудал олны анхааралд орсон нь “Буянт-Ухаа” байв. Тодруулбал, хоёр орны холбогдох албаны хүмүүс зээлийн гэрээг үзэглэх үеэрээ Улаанбаатар дахь хуучин нисэх буудлыг зориулалтаар нь ашиглах, орон нутгийн нислэг хүлээж авах талаар санал солилцжээ. Манай талаас ийм хүсэлт гаргасны дагуу албан ёсны түвшинд яриа хөөрөө өрнөсөн ч япончууд тодорхой хариу өгч, шийдвэр гаргаагүй аж. Үүнээс үүдээд “Япончууд яахаараа Монголын нисэх буудлыг мэддэг юм. Яагаад бид өөрсдийн нутаг дэвсгэр дээрх эзэмшлээ ашиглахын тулд гадаадынхнаас зөвшөөрөл авах ёстой гэж…” гэсэн асуултууд урган гарч, элдэв таамаг, эзэнтэй, эзэнгүй яриа гарав. Учрыг нь доор тодруулъя.
“Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлыг олон улсын жишигт нийцүүлж өргөтгөх, байршил буюу хэт төвлөрлөөс шалтгаалсан нислэгийн үеийн эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор Хөшигийн хөндийд “Чингис хаан”-ыг байгуулсан. Ингэхдээ Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус улсын компани, мэргэжилтнүүдийн голлох оролцоотойгоор бариулсан юм. Өдгөө нисэх буудлын менежментийг Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК хариуцаж, япончууд ерөнхийд нь удирдан чиглүүлж буй. Тэгвэл шинэ нисэх онгоцны буудал байгуулах хөнгөлөлттэй зээл олгох, хөрөнгө оруулагч талд менежментийг нь хариуцуулах гэрээ байгуулахдаа “Чингис хаан”-аас 150 км-ийн радиус дотор арилжааны өөр ямар нэгэн нисэх онгоцны буудал ажиллуулахгүй” гэсэн заалт тусгажээ. Энэ нь нисэх буудлын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтаа нөхөх, өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор Японы талаас оруулж ирсэн заалт юм байна.
“Чингис хаан”, “Буянт-Ухаа” хоорондоо 50 гаруйхан км-ийн зайтай, зарим талаараа хуучин нисэх буудал байршлын хувьд давуу талтай учраас ийм заалтаар арилжааны нислэг үйлдэх, хүлээж авах боломжийг нь хязгаарлажээ. Тиймээс “Буянт-Ухаа”-г одоо олон улс, орон нутгийн нислэгийн нөөц буудал гэсэн статустайгаар байлгаж, сургалт, дадлага, тусгай үүргийн нислэг болон техникийн үйлчилгээний чиглэлээр л ашиглаж буй. Үндсэндээ үйл ажиллагааг нь хязгаарлаж, царцаасан гэсэн үг. Хуучин нисэх буудалд дотоодын, ялангуяа захиалгат, эсвэл уул уурхайн компаниудын хуваарьт нислэгүүдийг хүлээж авах саналыг манай талаас хэд хэдэн удаа тавьсан боловч дээрх гэрээний заалтын улмаас Японы түншүүд зөвшөөрөөгүй юм билээ. Эл “хэлэлцээ” яван явсаар Ерөнхий сайдын айлчлалын үеэр дахин хөндөгдсөн нь тэр ажээ.
Санаснаар болдог бол “Чингис хаан” нисэх онгоцны буудал ачааллаа дийлэхгүй зүдэрч байгаа энэ үед “Буянт-Ухаа”-д нэг ч гэсэн нислэг хүлээн авч, нэмэр тус үзүүлэх нь менежмент, зохион байгуулалтын хувьд илүү онох юм шиг. Гэвч энэ нь бидний бодсон шиг амар хялбар шийдчих зүйл биш аж. Төр, хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр хэрэгжүүлсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төсөлд олон улсын жишиг заалт, стандарт зохицуулалт гэж байдгийг мартаж болохгүй.
Иргэний нисэхийн ерөнхий газрынхнаас үүний талаар тодруулахад “Буянт-Ухаад арилжааны нислэг үйлдэхийг хориглосон нь гэрээний хүрээний буюу хууль ёсны шийдвэр. Энэ нь нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын баталгааг хангаж, эрсдэлийг бууруулах зорилготой. Шинэ нисэх буудал барьж, тохижуулахад Японы талаас багагүй хэмжээний хөрөнгө оруулсан. Тэд үүнийг нислэгийн хураамж, орлогоос нөхөн төвлөрүүлэх ёстой. Хэрэв хажууд нь өөр нэг нисэх буудал ажиллуулаад, зорчигчдыг нь булаагаад эхэлбэл хувийн хэвшил алдагдал хүлээнэ. Тиймээс олон улсад хөрөнгө оруулагчийг хамгаалах үүднээс өрсөлдөөнийг хязгаарлах ийм заалт оруулдаг. Хоёрдугаарт, зах зээлийн багтаамжаа бодсон. Монгол шиг хүн ам цөөнтэй, нислэгийн урсгал багатай зах зээлд бие биенээсээ холгүй зайд, арилжааны хоёр том нисэх буудал зэрэг ажиллуулах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж үзсэн юм. Олон улсын иргэний нисэхийн салбарт аливаа зах зээлийг хамгаалах зорилгоор ийм радиус тогтоодог нь нийтлэг жишиг. Гуравдугаарт, гаднын эх үүсвэрээс санхүүжилттэй ямар ч төсөл, хөтөлбөрийн өмнө төр тодорхой түвшинд үүрэг хүлээж, хөрөнгө оруулагч тал давуу эрх эдэлдэг нь түгээмэл зарчим. Энэ тохиолдолд манай төр засаг “Бид танай бизнесийг тодорхой хугацаанд хамгаалж, зах зээлд ижил чиглэлийн үйл ажиллаатай өрсөлдөгч гаргаж ирэхгүй” гэх амлалтыг япончуудад өгч, үүрэг хүлээсэн гэж харах ёстой” хэмээсэн юм.
Үндсэндээ манай улс нисэх онгоцны хуучин буудлаа япончуудын мэдэлд бүрэн шилжүүлээд өгчихсөн юм биш, харин иргэний нисэхийн зах зээлийг хамгаалах зорилгоор түр хугацаанд ашиглахгүй байх үүрэг, амлалтыг концессын гэрээгээр хүлээжээ. Харин Ерөнхий сайдын тус улсад хийсэн сүүлийн айлчлалын дараа “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлыг орон нутгийн нислэгийн зориулалтаар ашиглах талаар нийгмийн сүлжээнд, хэвлэлүүдэд ч хөндөж эхэлсэн нь хөрөнгө оруулагч талаас шалтгаалан ийм таатай нөхцөл бүрдэж болзошгүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөн шинэчлэх ажилтай холбогдуулан Японы тал гэрээндээ өөрчлөлт оруулж, уян хатан шийдвэр гаргаж магадгүй бололтой. Гэхдээ одоогоор хөрөнгө оруулагч талаас энэ чиглэлээр албан ёсны ямар нэгэн шийдвэр гаргаагүйг Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрынхан хэлсэн юм.
Н.Мишээл