Нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд суурилуулсан талаар онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Эдгээр камерыг гал түймрийн эрсдэл өндөртэй байршил болон Багахангай, Багануур, Налайх дүүрэгт суурилуулсан байна. Хиймэл оюуны тусламжтайгаар галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлэн, 10 км хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдэрч, мэдээлэл дамжуулах аж. Ингэснээр иргэний дуудлага, мэдээллийг хүлээлгүйгээр гал түймрийг эрт илрүүлж, холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх нөхцөл бүрджээ.
Түүнчлэн нийслэлийн хүрээний аврах, гал унтраах анги, салбаруудыг камержуулахын зэрэгцээ гал сөнөөгч бүрийг энгэрийн камертай болгож, дүрс бичлэгийн мэдээллийг Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй холбох технологийн шийдэл нэвтрүүлэхээр ажиллаж буй аж. Камерын хяналт, мэдээллийн нэгдсэн системийг ашигласнаар аврах, гал унтраах ажиллагааг дүрсээр баримтжуулах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг ийн орчин үеийн технологид тулгуурлан иж бүрэн тоноглож, гамшиг, ослын дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авах, нөхцөл байдлыг нэгтгэн боловсруулах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулсан байна. Цаашид гал түймрийн эрсдэл өндөртэй байршилд өндрийн камер суурилуулах гэнэ.
Ч.Болор