АН-ынхан пүрэв гаргийн ээлжит мэдээллийн цагаараа төсвийн тодотголтой холбоотой зөрчил, үрэлгэн хуваарилалт, хууль бус зарцуулалтын талаар байр сууриа илэрхийлэв. Эрх баригчид байгуулаагүй буюу зөвхөн цаасан дээр төлөвлөсөн Шинэ Хархорум хэмээх хотод 7.4 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгасан байгааг АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж мэдээлээд “Монгол Улсын эдийн засаг мөнгө санхүүгээр дутагдаж гачигдсандаа хямраагүй. Гагцхүү энэ мэт бодлогогүй, үрэлгэн зарцуулалт, дарга нарын тансаглалаас болж хямарч байна” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Манай улсад өнөөдөр санхүүгийн гүн хямрал нүүрлэчихсэн, үнийн өсөлт дээд цэгтээ тулаад, иргэдийн амьдрал урьд байгаагүйгээр уруудан доройтчихсон байгаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар төсөвт тодотгол хийж, цалин, тэтгэвэр нэмэх амлалт өгсөн. Ерөнхий сайд Н.Учрал “Урсгал зардал нэмэхгүйгээр төсөвт тодотгол хийнэ, баталж өгөөч ээ” гэдэг хүсэлтийг ээлжит бус чуулганы үеэр тавьсан. Гэтэл ингэж оруулж ирсэн төсвийн тодотголд гуя дагаж хүзүү гэдэгчлэн шаардлагагүй маш олон үргэлгэн зардал тусгасан байна. Юунд зарцуулах нь тодорхойгүй татаасууд, гадаад томилолт, бичиг хэргийн зардал их хэмжээгээр нэмж төсөвлөсөн. Эзэнгүй талд төлөвлөсөн, нэг ч оршин суугчгүй хотын ажлын албаныханд гэхэд 1.5 тэрбум төгрөг нэмж хуваарилсан байх жишээтэй. 2026 оны төсвийн төсөлд нэр нь байгаад, шаардлагатай санхүүжилтээ авсан төслийн нэгжүүдийг хүртэл тэг хувийн гүйцэтгэлтэйгээр дахин оруулж ирж, зардал шинээр хуваарилсан тохиолдлууд гарлаа. Бид энэ зардлуудыг хасуулах санал гаргасны үр дүнд нэг их наяд төгрөгийн үр ашиггүй зарцуулалтаас 23 тэрбум хэмнэх боломж бүрдүүлсэн юм. Гэтэл ингэж хасуулсан гэх 23 тэрбумыг холбогдох салбарын сайд нар хэдийн хуваарилаад, зарцуулаад эхэлчихсэн байна. “Энэ ажлыг эхлүүлчихсэн учраас төсвийн тодотголд тусгасан мөнгөн дүнг байгаагаар нь баталж өг” гэж парламентын гишүүдэд шахалт үзүүлэх боллоо. Энэ бол маш ноцтой хэрэг. Жилийн жилд төсөвтэй холбоотой ийм асуудлууд үүсдэг. Энэ нь манай улс төсөл, арга хэмжээнүүдийн зардлыг бүхэлчилж тусгадагтай холбоотой. Нарийн задаргаа, ойлгомжтой мэдээлэл, ил тод хуваарилалт байдаггүй. Цаашид улсын төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгоход анхаарах хэрэгтэй. Бүх задаргааг нэгбүрчлэн тусгаж, 50 төгрөгийн зарцуулалтыг ч тайлагнах ёстой. Мөн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө үр дүн, ач холбогдлыг иргэдэд таниулан мэдээлэх шаардлагатай. Татвар төлөгчдийн мөнгийг чухам юунд зарцуулах гэж буйг иргэд хаанаас ч харж чаддаг байх ёстой” гэсэн юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “Засгийн газрын гишүүд УИХ-аас батлаагүй чиглэлд төсөв зарцуулснаа өөрсдөө илчлэн ярьсаар байна. Төсөв батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Харин парламентын батлаагүй чиглэлд төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах нь эрүүгийн гэмт хэрэг. Хуулиас давсан эрх мэдэлтэй албан тушаалтнууд намынхаа, олонхыннэрээр гэмт хэрэг үйлдэж байна” гэсэн юм.
Ж.Сувд