Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхтэй холбогдуулан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх анхан шатны сургалт өчигдөр эхэллээ. 14 хоног үргэлжлэх уг сургалт нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг мэргэжлийн түвшинд судалж, шүүгчийн шийдвэр гаргах үйл явцыг дэмжих шинэ тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна.
Эл мэргэжилтэн нь гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судалж, шаардлагатай тохиолдолд хүүхэдтэй ганцаарчилсан болон хамтарсан ярилцлага, нөхцөл байдлын шинжилгээ хийж, тайлан боловсруулах чиг үүрэгтэй. Түүнчлэн өсвөр насныхан холбогдсон эрүүгийн хэрэгт тухайн хүүхдийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг судалж, шүүхийг шаардлагатай мэргэжлийн мэдээлэл, дүгнэлтээр хангана. Ингэснээр шүүх гэр бүл, хүүхэдтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн хууль зүйн хүрээнд хязгаарлагдахгүй, хүүхдийн бодит хэрэгцээ, эрх, ашиг сонирхлыг бүрэн харгалзан үзэх боломж бүрдэх юм. Энэ нь гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэргэшүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг илүү үр дүнтэй хамгаалах чухал шинэчлэл болох аж.
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт “Энэ үйл ажиллагаа нь шинэ шүүхийн хүний нөөцийг бэлтгэхээс гадна хүүхэд, гэр бүлийн эрхийг хамгаалах мэргэжлийн соёлыг төлөвшүүлэх эхлэл юм. Бидний зорилго бол тус шүүхэд хандсан гэр бүл, өсвөр насны хүүхдийн амьдралыг илүү зөв чиглэлд оруулах явдал” хэмээв.
Сургалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ба түүний эрх зүйн орчин”, О.Жанчивнямбуу “Эрүүгийн хууль дахь өсвөр насны хүнд холбоотой онцлог зохицуулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн аж. Мөн Японы Хууль зүйн яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Ваказоно Рэй “Японы гэр бүлийн шүүхийн ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдвээр илтгэл тавьжээ.
У.Цэцэг