МАН дахь Л.Оюун-Эрдэнийн талын гишүүдийн санаачилгаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос олон жилийн өмнө нас барсан гадаадын иргэнтэй холбоотой хэргийг шүүж байх зуурт Баянзүрх дүүрэгт баавгай нэгэн иргэнийг барьжээ. Суурин газарт ойн хүрэн орж ирчхээд айл гэр сүйтгээд байна, мал барилаа, иргэдийн амь насанд аюул учирлаа гэж сэрэмжлүүлэхэд тоож хэлэлцээгүй. Үүнээс өөр олон тулгамдсан асуудал ард түмэнд байхад шийдэх гэж оролдсонгүй. Ядаж төсвийн тодотголоо ч УИХ баталж чадаагүй яваа. Тэгсэн атлаа хаа байсан АНУ-ын тэрбумтан агсны интернэтэд ил тод байгаа мэдээллийг төсөв мөнгө, цаг зав зарцуулан байж цуглуулаад, хууль тогтоох байгууллагаар хэлэлцэх нь, түүнтэй нэр холбогдсон нэг л хүнийг буруутгах замаар нийгмийг талцуулах нь тэдэнд илүү чухал, ач холбогдолтой байв. Тэр ч ёсоор боллоо. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өргөж авсан 20 гаруй хүүхдээ Жеффри Эпштэйнд худалдсан гэсэн төсөөлөлдөө олон нийтийг итгүүлэх нь уг сонсголын зорилго мэт л харагдлаа. Хууль, цагдаагийн холбогдох байгууллагаас “Тэдгээр хүүхдийн хоёр нь хилийн чанадад, бусад нь эх орондоо ажиллаж, амьдарч байгаа” гэсэн албан ёсны тайлбар өгсөн ч “Үгүй, үхсэн байх ёстой. Үгүй юм бол бүгдийг нь авчирч харуул” хэмээн гэдийв. Тэд монголчуудаа талцан хагаралдуулахад бараг мэргэшиж байна. Мөн Монгол Улсын парламентыг дэлхий дахинд шившиглэж орхилоо.
Жишээ 1. Энэ сарын 1-нд иргэд машинтайгаа жагссан. Шатахууны хомсдол нүүрлэсэн хэвээр, үнийн хөөрөгдөлд туйлдсан олон хүн сайн дураараа үүнд нэгдсэн юм. Гэвч энэ тухай мэдээлэл зарим сайтаар өмнөх өдрөөс нь тарсан, жагсаалд “Тамгагүй төр” жүжгийн лого бүхий малгай өмссөн залуу оролцсон нь үүнийг “15 давхар”-аас зохион байгуулсан гэж хардахад хүргэсэн. МАН доторх “30-ийн бүлэг” жагсаалыг үймээн рүү турхирах, иргэд, цагдаа нарыг талцуулах оролдлого хийсэн гэж хардах эрх бидэнд бий. Төв зам хаахыг хэн нь ч юм уриалж, улмаар олон хүний ажил, амьдралыг чирэгдүүлж, иргэд хоорондоо зөв, буруу хэмээн талцав. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэ талаар “Шатахуунд шөнөжин, өдөржин дугаарлаж буйд бухимдан үгээ хэлсэн иргэдээ тэрний, энэний хүн гэж буруутгамааргүй байна. Гэхдээ эл жагсаалд улс төрийн өнгө аяс, нөлөөлөл харагдсан. Цагдаа, иргэдийн хооронд зориуд мөргөлдөөн үүсгэж, үймээн дэгдээх гэсэн оролдлого гарч байна лээ. Үүний ард өмнөх Ерөнхий сайд байгаа гэж би хардаж буй. Энэ хүн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо “Би 21 аймаг тойроод, үндэсний хэмжээний тэмцэлд уриалж, иргэний дайн хийж чадна шүү” гэж ярьсан. Үүнийгээ хийх гэж үзээд байх шиг байна. Ардчилсан улсын түүхэнд хамгийн удаан буюу таван жил Ерөнхий сайд хийхдээ энэ хүн хамгийн өндөр төсөв, эрх мэдэлтэй байсан. Тэгсэн атлаа шатахууны ганц ч сав бэлдсэнгүй. Өнөөдрийн хомсдолыг тэр бий болгосон. Тэгчхээд одоо эрх мэдлээсээ буусан өс хонзонгоо авахын тулд монголчуудыг хооронд нь мөргөлдүүлж, байлдуулна гэж бодсон бол андуурч” гэсэн юм.
Жишээ 2. Эхлэл хэсэгт дурдсан “галзуучуудын цуглаан” гэж болохуйц ерөнхий хяналтын сонсголыг хийх санаачилгыг “30-ийн бүлэг”-ийн Б.Баярбаатар, Х.Булгантуяа нар гаргахад Хууль зүйн байнгын хороо уриалгахан хүлээн авч, зохион байгууллаа. Тус байнгын хороог дээрх бүлгийн Л.Мөнхбаатар удирддаг юм. Эл бүлэглэлийнхэн парламентын бүтцүүдэд хүмүүсээ томилуулаад, тэднээрээ дамжуулан “хор найруулга” хийдэг тактиктай. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас унагах оролдлого хийх үед УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, парламентын дэд дарга нараа хэрхэн ашигласныг иргэд мартаагүй.
Сонсголд урьдчилан бүртгүүлсэн хэн ч оролцох эрхтэй. Ингээд “уламжлал ёсоор” эрүүл, эсэх нь эргэлзээтэй, захиалгат жагсаалуудад голдуу оролцдог хэдэн эмэгтэй “иргэний хувиар” иржээ. Энэ үеэр Н.Хишигжаргал гэдэг эмэгтэй Ц.Элбэгдоржийг хувиараа мөрддөгөө Төрийн ордноос мэдэгдэв. Уг нь манай улсад хувь хүн, хуулийн этгээд дур мэдэн бусдыг мөрдөж, тандах хориотой. Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн дагуу зөвхөн хуулиар тусгайлан эрх олгосон төрийн байгууллага л ийм эрх эдэлдэг юм. Дээрх эмэгтэйчүүд Төрийн тэргүүн асныг Ж.Эпштэйнтэй уулзахад хажууд нь лаа бариад зогсож байсан бололтой. Гишүүн М.Нарантуяа-Нара Төрийн ордон дотроос тэдэнтэй хүч хавсарсан юм. Хувь хүний нууц, нэр хүндийг хуулиар хамгаалдгийг гишүүн болоод хоёр жил гаруй болсон эл эмэгтэй “мэдэхгүй”. “Түүний оронд байсан бол тэр хүүхдүүдээ энд авчраад яаж сайхан өсгөснөө батлах байсан” гэжээ. Гэтэл Ерөнхийлөгч асны эхнэр хүүхдүүдээ цуглуулаад Б.Баярбаатартай хамт уулзъя гэж гурвантаа урьсан аж. Харин тэднийг эсэн мэнд байгааг харахаас эл гишүүн “айжээ”. Тухайн хүүхдүүд насанд хүрсэн, хувийн амьдрал, гэр бүлтэй, нэр төртэй. Ийм байхад яагаад хэсэг “галзуу”-гийн төсөөллийг батлахын тулд олны нүдэнд ил гарна гэж.
Ингээд нийгмийн сүлжээгээр ээлжит талцал өрнөсөн. Яг яагаад, ямар үндэслэлээр буруутгаж буйгаа мэдэхгүй ч зүгээр л үзэн ядсан хүн олон байв. МАН-ын дээрх бүлэглэлийн талд 500 гаруй мянган тролл ажилладаг тухай Ерөнхий сайд асан Г.Занданшатар ярьсан байна лээ. Арай юм уншдаг, мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг хэсэг нь УИХ-ын индрийг хэсэг улс төрч “солиорлын тайз” болгоод буйг гадарлана. Сүүлийн 10 хүрэхгүй хоногт өрнөсөн иргэдийг талцуулах хоёрхон жишээ л ийм байна.
ХАРИЛЦАН ХАРДСАН НЬ
МАН-ынхны талцал намын жагсаалтыг дарга нь эрэмбэлснээс эхтэй. Намынхаа шат шатны гишүүний саналыг сонсож, шалгаруулахгүйгээр дарга нь мэдэж шийдсэн учраас өнөөдрийн “30-ийн бүлэг” үүссэн. Улмаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулснаар 38:30-ийн зөрчил, талцал эрчимжсэн юм. Энэ нь тус намын даргын сонгуулиар ил гарч, Үндсэн хуулийн цэц хүртэл асуудал нь өндрөө авч байв. Хоёр сар үргэлжилсэн тэмцэл нь Н.Учралын Засгийн газарт аль аль талаас сайд нар томилсноор хэсэгтээ намжсан. Гэхдээ намрын чуулганаар дахин сэдрээд байна.
Энэ оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганаар өнөөдөр хийхээр төлөв лөжээ. Наймдугаар сарын 30-нд өргөн барьсан эл төслийг ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэж эхэлсэн ч сар гаруй үргэлжилж буй нь энэ. Учир нь “30-ийн бүлэг” хоёр долоо хоног чуулганыг ирцээр бойкотолсон. Улмаар хоёр талынхан ширээний ард сууж, тохиролцох гэж үзэв. Гэхдээ бүрэн ойлголцсонгүй. Энэ нь төрийн ажил ийнхүү удаашрахад нөлөөлж буй.
Мөн энэ сарын 1-нд болсон жолооч нарын жагсаалыг зохион байгуулсан хэмээн дээрх хоёр бүлэглэлийнхэн биенээ хардав. Засгийн газрыг унагах, муухай харагдуулахын тулд “30-ийн бүлэг” жагсаалыг зохион байгуулсан, санхүүжүүлсэн гэлээ. Харин жагсагчдад цагдаагийн хүч хэрэглэсэн, иргэдийг саатуулсанд 38-ын тал буруутай гэж нөгөөдүүл нь үзсэн байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан бухимдлаа илэрхийлэхээр сайн дураар цугласан иргэдийн жагсаалыг “булаацалддаг” болж. Ийнхүү тэдний талцал гудамжинд гарчээ.
ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ҮҮ
Ерөнхий сайд асан өөрийг нь шүүмжилсэн иргэдийн эсрэг хамгаалах жагсаал хийдэг, хүчийг нь сулруулах арга хэмжээ авдаг байлаа. Мөн УИХ-ын гишүүн атлаа өргөн нэвтрүүлгээр дамжуулан “Иргэний дайнд уриалж чадна шүү” хэмээн сүрдүүлэх, хотын дарга нь “Туулын хурдны зам” төслийг эсэргүүцэж, голоо аврах хөдөлгөөн өрнүүлсэн иргэдийнхээ эсрэг жагсах нь хуулийн дагуу зүйл мөн үү гэсэн асуулт бий. Үеэлүүдийн эдгээр үйлдэл Эрүүгийн хуулийн 19.9 дэх үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн хэсгийг зөрчиж буй юм. Тодруулбал, 19.9.1-д “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Эл үндэслэлээр МАН-ын гишүүн Ц.Оюунбаатар Л.Оюун-Эрдэнийг шалгуулахаар ТЕГ-т хандсан. Улмаар түүнийг шалгаж эхэлсэн гэж буй.
МАН доторх талцал ийнхүү иргэдээ хувааж, тусгаар тогтнолоо ганхуулахад хүргэв. Эрх баригч нам дахь олонхын бүлэг нь цөөнхөө дийлэхгүй, бас ойлголцож ч чадахгүй нь. Эл нам эрх барьсан он жилүүдэд бид талцал, эсвэл томилгооноос өөр тоймтой, иргэдийн бодит амьдралд хэрэгтэй шийдэл бараг харсангүй.