Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2027 оны хуанлийн гэрэл зургийн уралдааныг олон улс даяар зарлаж, шилдэг бүтээлүүдийг тодруулан, олон нийтэд танилцууллаа. Өнөө жилийн уралдааныг “Таны цаг агаар, таны дэлхий” сэдвийн хүрээнд зохион байгуулж, цаг агаар, уур амьсгал, ус бидний амьдрал, байгаль орчин, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг гэрэл зургаар илэрхийлэхийг зорьжээ.
Кени болон АНУ-ын цөлийг дайран өнгөрөх шороон шуурга, хотын тэнгэрийг гэрэлтүүлэх мэт аянга цахилгаан, Мадагаскарын эртний баобаб модод, мөн Антарктид, Мьянмар, Норвегид ажиглагдсан хэт халалт болон цаг агаарын бусад үзэгдэл хүн ам, амьжиргаанд хэрхэн нөлөө үзүүлж буйг харуулсан гэрэл зургууд шилдгээр шалгарсан байна.
ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло “Гэрэл зураг нь цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол нь хүн төрөлхтний амьдралд хэрхэн үр дагавар үзүүлдгийг нэг агшинд хүчтэйгээр илэрхийлж, хүмүүс байгаль, дэлхийтэйгээ ямар холбоотойг үргэлж сануулдгаараа онцлогтой” гэдгийг тодотгов.
О.Ундрах