Монголд мартагдаад байсан малын гоц халдварт годрон өвчин гэнэт дэгдэж,олон айл амьжиргааны эх үүсвэрээ алдахад хүрээд буй. Мартагдсан халдварт өвчин гэнэт тархсан нь вакцины наймаачин, ченжүүдийн балаг, мөнгө олох гэсэн санаархал байж мэднэ хэмээн хүмүүс олон нийтийн сүлжээнд бичих болсон. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоох биз. Харин нэгэнт тодорхой болсон, мялзангийн вакцин нэрээр их хэмжээний мөнгө угааж, завшсан хэргийг Баянзүрх ,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийнхэн шийдэхгүй завааруулсаар өдий хүрч буй нь харамсалтай. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)ын дарга асан, дараа нь ХХААХҮЯны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллах болсон Д.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газар (НПГ)аас яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн зургаадугаар сард шилжүүлсэнч үл ялих зүйлийг тодруулах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш нэлээд хугацаа өнгөрөв. Бидний авсан мэдээллээр АТГ- ын мөрдөгчид шүүхээс даалгасан ажиллагааг шуурхай хийгээд прокурорт шилжүүлсэн гэх.
Д.Түмэндэмбэрэлийг ХААИС-ийн Мал эм нэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ç.Батсүхийн хамтаар “Яаралтай дархлаажуулалт” нэрийн доор тендер зарлалгүйгээр Энэтхэгийн “Heister biosciences limited” компанитай мялзангийн вакцин худалдан авах гэрээ шууд байгуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм.Тодруулбал, 2018-2020 оны хооронд 16сая тун мялзангийн вакциныг нэг тунг нь 0.093 центээр гэрээ байгуулан авсан байдаг. Ингэснээрээ 778000 орчимам.доллар буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар тооцсоноор хоёр тэрбум 78 сая гаруй төгрөг завшсан гэдэг. Үүнээс гадна Д.Түмэндэмбэрэл нь охиныхоо нэр дээр бэлэн 291 сая төгрөгөөр орон сууц худалдан аваад түүнийхээ хөрөнгийн эх үүсвэрийг 2018-2020 онд гаргасан ХАСХОМ-тээ тусгалгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэгт холбогдсон.
НПГ-аас Д.Түмэндэмбэрэл, З.Батсүх нарт албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаах гэмт хэргийг тогтвортой үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн 22.12,22.13,22.101,18.62.2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар тооцон нэг бус удаа шүүхэд шилжүүлж байсан ч шийдэлгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасаар ирсэн юм.