Гашуун хийгээд хөндүүр мэдрэмж, амьдралын эгэл жирийн хормуудад орших эгэл бусыг үгээр урладаг яруу найрагч Б.Ууганбаярын хоёр дахь шүлгийн түүвэр “Давс хийгээд усны шүлгүүд” номын нээлт энэ ням гарагт “Хөх нар” контемпорари арт галерейд болно. Эл бүтээлд ус, давс, нулимс зэрэг дүрслэлээр дамжуулан хүний дотоод сэтгэлийн нарийн мэдрэмж, амьдралын гашуун хийгээд эмзэг мөчүүдийг өгүүлжээ.
Номын нээлтийн үеэр утга зохиол, дүрслэх урлаг хослуулсан өвөрмөц хөтөлбөрүүдийг үзэгчдэд толилуулах юм. Тухайлбал, “Далай, ус, давс” хэмээх хоёр хүний шүлгэн жүжиг, аудиовизуал инсталляци, дуу, дүрс, хөдөлгөөнийг нэгтгэсэн яруу найргийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулах аж.
Ташрамд сонирхуулахад, Б.Ууганбаяр 2016 онд “Хүн оддын бясалгал” нэртэй анхны шүлгийн түүврээ уншигчдын хүртээл болгож байжээ.
ИХРҮҮДИЙН “ТУСГАЛ”
Ихэр уран бүтээлч М.Нямцэлмэг, М.Нямцэнгэл нар “Хоёр бие. Хоёр харах өнцөг. Нэгэн ижил тусгал” агуулгын хүрээнд “Тусгал” хамтарсан үзэсгэлэнгээ энэ ням гарагт толилуулах нь. Тэд Британийн алдарт “Слейд” дүрслэх урлагийн сургуульд суралцсан анхны монгол оюутнууд бөгөөд эл хугацаандаа дүрслэх урлагийн төрөл бүрийн урсгалыг орчин үеийн контемпорари урсгалд өөрсдийн хэв маягаар хэрхэн илэрхийлэхийг судалсаар иржээ.
Үзэсгэлэнд уран бүтээлчдийн өвөрмөц онцлог, хийсвэр төсөөлөл болон бодит дүрслэл хоорондын ялгааг харуулсан бүтээлүүдийг дэлгэх юм. Ихрүүдийн дотоод ертөнц, сэтгэлгээний ялгаа, нэгдлийг уран сайхны өвөрмөц шийдлээр гаргасан энэхүү үзэсгэлэн нь үзэгчдэд урлагийн гоо зүйн таашаал өгөхөөс гадна хүний оршихуй, харах өнцгийн олон талт байдлын тухай гүн гүнзгий бодол төрүүлэх нь дамжиггүй.
“ОВГОР” КИНО ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛЛОО
“Хан хуур” пикчерсийн уран бүтээлчид 1980-аад оны Монголын нийгэм, ахуй амьдрал, эрчүүдийн нөхөрлөл, хүн чанар, хүч чадал, хариуцлагын тухай өгүүлэх “Овгор” уран сайхны киногоо уржигдар үзэгчдийн хүртээл болголоо. Тус киноны үйл явдал 1980-аад оны Сэлэнгэ аймгийн модны үйлдвэрт өрнөх бөгөөд гол дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаяр нар тоглосон байна.
Нээлтийн ёслолд БНСУ-ын нэрт жүжигчин Сон Дон Иль, Чхве Шивон нар оролцов. Энэ үеэр Сон Дон Иль киноны нээлтэд уран бүтээлчдээс гадна арын албаны ажилтнуудыг тайзнаа урьж, баяр хүргэж буйг Монголд анх удаа харснаа онцолсон юм. Тэгвэл Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ “Хүмүүс овгор гэхээр атамантай холбон ойлгож магадгүй. Гэхдээ жинхэнэ овгор гэдэг бусдыг ойлгож, өршөөж чаддаг, хүн чанар, нинжин сэтгэлтэй хүн юм. Харин хүн чанартай байна гэдэг сэтгэл дотроо нэр төртэй амьдрахыг хэлнэ” хэмээжээ
“МОНГОЛ” ТЕАТРЫНХАН “LOVE LETTERS” ЖҮЖГЭЭ ТОЛИЛУУЛНА
“Монгол” театрын уран бүтээлчид Америкийн нэрт зохиолч А.Р.Гурнейгийн “Love letters” романтик драмын жүжгийг ирэх сард үзэгчдийн хүртээл болгоно. Тэд эл жүжгийг Монголын тайзнаа амилуулах онцгой эрх авахын тулд жил гаруйн хугацаа зарцуулсны эцэст зохиогчийн эрх эзэмшигч компанитай гэрээ байгуулжээ. “Love letters” жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаа нар тоглох аж.
У.Цэцэг