Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор нийслэлийн Түргэн тусламжийн төвийг улсын хэмжээнд нэгдсэн дуудлагын системд оруулж, Үндэсний түргэн тусламжийн төв болгон өөрчлөн байгуулж буй аж. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон төвийн өргөтгөлийн барилгын үйл явцтай Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд очиж танилцсан байна. Манай улсад нийт нас баралтын 68 хувь нь эмнэлгийн бус нөхцөлд тохиолдож буй учраас түргэн тусламжийн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг бий болгох нь нэн чухлыг мэргэжилтнүүд хэлдэг.
Тодруулбал, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөр нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 7.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий өргөтгөлийн гурван давхар барилга барьж байгаа бөгөөд харилцаа холбоо, сургалтын тоноглол болон түргэн тусламжийн автомашины тоног төхөөрөмжид нийт 3.3 сая ам.долларын санхүүжилт шийдвэрлэжээ. Цаашид түргэн тусламжийн дуудлагын байршил, өвчтөний биеийн байдал, эмнэл зүйн эрэмбэ, ойр байгаа түргэн тусламжийн багийн чадамж, хүлээн авах эмнэлгийн ачааллыг нэг системээс харж, хамгийн зөв шийдвэрийг богино хугацаанд гаргах боломж бүхий нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх гэнэ.
Ч.Туяа