Хаягдлын менежментийн дэлхийн аж үйлдвэрийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлах ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаалаар байгуулжээ.
Манай улсад уурхайн хаягдлын сан, далангийн аюулгүй байдлыг зохицуулсан үндэсний дүрэм журам, барилга, инженерингийн норм ба дүрэм, байгаль орчны стандарт байдаг ч тэдгээрийн техникийн ерөнхий нөхцөл, шаардлага, хяналтын тогтолцоо нь олон улсын жишигт нийцдэггүй гэнэ. Энэ нь эргээд хүний амь, эрүүл мэндийг эрсдэлд оруулж, хүрээлэн буй орчны бохирдол гаарах шалтгаан болдог байна. Иймд хаягдлын менежментийг сайжруулах олон улсын стандартыг дотоодын хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.
GISTM буюу Хаягдлын менежментийн дэлхийн аж үйлдвэрийн стандартыг Монголд нутагшуулснаар уурхайн ажилчдын амь, эрүүл мэндийг хамгаалах, экосистемийн аюулгүй байдлыг хангах, эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг бууруулах, компанийн засаглалыг сайжруулах, техник, инженерийн чадавхыг дээшлүүлэх ач холбогдолтой гэнэ. Тус ажлын хэсгийнхэн стандарт нэвтрүүлэх үнэлгээ, хяналтын хүрээнд салбарын яам болон уул уурхайн томоохон компаниудад ажиллаж буй аж.
Ж.Сувд