Говь-Алтай аймгийн Алтай сумын малчин Г.Б-ынх 600 гаруй малтайгаас 300 орчим нь ямаа. Хязгаар нутагт малтай айлын тоо цөөрч, малчид ч ховордож байгаа энэ үед боломжийн олон малтайдаа ордог гэсэн. Г.Б-ын дөрвөн ам бүл малынхаа ашиг шимээр амьдардаг бөгөөд нэг хүү нь аймгийн төвд төрийн алба хашдаг. Сумын төвдөө хашаатай, хөдөө өвөлжөөтэй, “УАЗ-496” машинтай айл. Ноолуурын үнэ өндөр болсон энэ үед амьжиргаа нь хэр зэрэг дээшилж, орлого нь сайжирч буй, эсэхийг түүнээс асуулаа. Г.Б “Манайх бог голдуу малтай, хэдэн үхэр, адуутай айл. Идэшний үеэр ганц хоёр үхэр, хонь борлуулдаг. Бас хавар ноолуураа тушаана. 300 гаруй ямаанаас өнгөрсөн хавар гэхэд 120-130 кг ноолуур самнасан. Баруун аймгуудад ноолуур оройтож гардаг учраас ч тэр үү, ханш нь зүүн бүсийнхээс бага байдаг. Уг нь манайх улаан голдуу ямаатай, цагаан ноолууртай айл, кг-ыг нь 140 000-150 000 төгрөгт борлуулсан. 17 орчим сая төгрөг олсон. Ямаатай айлуудын үндсэн орлого нь ноолуур. Мэдээж олсон мөнгөө малын өвс, тэжээл, ахуй амьжиргаа бүх зүйлдээ зарцуулна. Энэ жилийн хувьд хавраас эхлүүлэн хөдөө шатахуунгүй шахам байлаа. Бензин литр нь 5000 төгрөгөөс давсан ч олдохоо байж. Малчдын худалдан авдаг махыг оролцуулан, бүх бүтээгдэхүүний үнэ улам л нэмэгдсэн.
Г урил, элсэн чихэр, будаа, хувцас хунар зэргийн үнэ өдөр бүр өсөж байгаагаас бидний олсон орлого хаанаа ч хүрэхгүй юм. Сумын төвийн, хөдөөний гээд бүх айл зээлтэй. Төрийн албан хаагчид цалингийн зээл авдаг бол малчид, мал бүхий иргэд түүнийгээ барьцаалах, хаврын ноолуурын орлогоо урьдчилж зээлэх нь олон. Малчдын амьжиргаа сайжирч байна гэж би лав хэлж чадахгүй, манай эргэн тойронд баяжиж хөлжчихсөн хүн алга” гэлээ. Харин түүний эхнэр Ч.Э-гээс ноолууран хувцас өмсдөг үү гэж асуухад “Үгүй. Уржнан намар Улаанбаатарт “Улсын их дэлгүүр”-ээр ороход ноолууран хувцас тун үнэтэй санагдсан. Нэг оймс л 30-40 мянга, ноолууран дээл нь хоёр сая төгрөгөөс давчихсан. Уг нь их дулаан, хөнгөн л гэх юм билээ. Харин БНХАУ-ын ноолууран цамц, ороолт, малгай, майкыг манай гэр бүлийнхэн аймгийн төвд байхдаа цахимаар захиалж авсан. Монголынхоос хямд санагдсан” гэсэн юм.
Дээрх малчнаас ахуй амьжиргаа, орлого, ноолууран хувцастай, эсэхийг нь нь асуусны учир манай улс дэлхийн түүхий ноолуурын 40 гаруй хувийг бэлтгэдэг орон.
9000-9500 ТОНН НООЛУУР БЭЛТГЭДЭГ
Монголд жилд 9000-9500 тонн ноолуур самнадаг бөгөөд үүний 20-30 хувиар нь дотоодын үйлдвэрүүд бүтээгдэхүүн хийж, үлдсэнийг нь самнаж (угаасны дараах боловсруулалт) экспортолдог. Мал тооллогын дүнгээр манай улс 23.9 сая ямаа тоолуулсан бөгөөд малчин өрхийн тоо 190 000 орчим бий. Тэгэхээр олон улсад тансаг зэрэглэлийнхэд тооцогддог ноолууран хувцас, бүтээгдэхүүний зах зээлд оролцогч талуудын дунд манай малчид зохих байр суурьтай гэсэн үг. Тиймээс ч бид ноолуурыг илүү үнэд хүргэх, их хэмжээний түүхий эд боловсруулах, нэмүү өртөг шингээх, бэлэн бүтээгдэхүүн болгох зорилгоор улсаас үлэмж их хөрөнгө зарцуулж ирсэн. Компаниудыг малчдаас ноолуур худалдан авах, түүхий эдээ боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, техник, технологио шинэчлэх зэрэг алхам бүрийг төрөөс дэмжиж байжээ. Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 2018-2020 онд Хөгжлийн банкнаас 274 тэрбум төгрөгийн зээл олгож. Тэгвэл 2021 онд 94.8, 2022 онд 150, 2023 онд 168 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэсэн мэдээлэл бий. 2024 оноос хэрэгжүүлж эхлүүлсэн “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд одоогоор 520.7 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ноос, ноолуур, арьс, шир бэлтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт өгчээ. Эндээс харахад сүүлийн 5-6 жилд нэг их наяд төгрөгөөс давсан хөрөнгийг зөвхөн ноос, ноолуурын салбарт өгсөн хэрэг. Гэтэл “Цагаан алт” хөтөлбөрөөс олгосон 520.7 тэрбум төгрөгийн зээлийн 61 хувийг буюу 319 тэрбум төгрөгийг ердөө 34 зээлдэгч авсныг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдлын хэрэгжилт” сонсголын үеэр өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс бага хүүтэй зээл олгож, хүүгийн татаас өгч дэмжээд байдаг ч эл дэмжлэг нь малчдад, нийлүүлэлт, хангамжийн сүлжээнд оролцогч талуудад, жижиг үйлдвэрлэгчдэд хүрдэггүй асуудал их байгааг шүүмжлэв. Харин цөөн, томоохон үйлдвэр хөнгөлөлттэй зээлийг нь авч, өөрсдийн хөрөнгийг арвижуулах, аж ахуйгаа томруулах, ашиг олох хэрэгсэл болгодог гэсэн хардлага хөврөв. Тодруулбал, “Ханбогд кашмер” компани “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-өөс 68.8, “Ноолуур” хөтөлбөрөөс 47, “Цагаан алт”-аас 67 тэрбум төгрөг (5-7 удаагийн хүсэлтээр) нийт 182.8 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан аж. Тэгвэл “Говь” компани нийт 11 удаа 155.5 тэрбум төгрөгийн зээлийг “Цагаан алт”, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаас сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр”-өөс авчээ. Нэмээд “Сор кашмер”, “Кашмер холдингс”, “Гоёл кашмер”, “Үлэмж кашмер” зэрэг нь нийт 60 орчимтэрбумтөгрөгийнзээлийнүлдэгдэлтэй байгаа аж. Том компаниуд малчдын бий болгож буй түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ нэмээд төсвийн хөрөнгөөс татварлаж буйн бодит жишээ энэ.
Эдийн засгийг үл үзэгдэх гар зохицуулдаг, үнэ зах зээлийн зарчмаар тогтдог гэдэг. Үйлдвэрлэл ч эрэлт, нийлүүлэлтийн харьцаа, бүтээмж, ашиг, алдагдлын балансад тулгуурлаж явагддаг. Ноолууран бүтээгдэхүүний хувьд хүн бүр өдөр тутамдаа өмсөж эдлээд байх боломжгүй, тансаг зэрэглэлийнхдээ ордог. Кг ноолуурыг 150-200мянган төгрөгөөр борлууллаа гэхэд түүгээр хийсэн 200-300 грамм жинтэй нэг цамц 300 000-500 000, хүрэм 2-4 сая төгрөг байж болно. Дэлхийн шилдэг брэндүүдийн хийсэн ноолууран хувцас үүнээс ч өндөр үнэд хүрдэг. Энэ нь түүхий ноолуурыг хэрхэн боловсруулж, яаж нэмүү өртөг шингээж, юу үйлдвэрлэн, хаана борлуулж буйгаас хамааралтай. Энэ талаар Монголын ноос ноолуурын холбооны төлөөлөл “Манай улс 40 шахаморон руу самнасан ноолуур болон өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн экспортолж малчдын орлого, эмэгтэйчүүд, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг. Үүгээр валютын орлого олж, үндэсний брэндийг бий болгон, орон нутгийн эдийн засгийг сайжруулж байгаа юм. Төрөөс ноолуурын салбарт зээл, хөнгөлөлт, урамшуулал олгосны үр дүн, малчид, үйлдвэрлэгчдийн олон жилийн хамтын ажиллагаа, хөдөлмөр, хичээл зүтгэлээр бид “Дэлхийн брэнд” бүтээгдэхүүнүүдтэй болж чадсан. Энэ жилийн хувьд малчдаас түүхий эд худалдан авахад 1.6 их наяд төгрөг хэрэгтэй байв. Тиймээс эргэлтийн хөрөнгийн зээлд том, жижиг компаниуд хамрагдан 440 тэрбум төгрөг авсан нь шаардлагатай санхүүжилтийн 25 орчим л хувь. Үндэсний үйлдвэрүүд түүхий ноолуурын 20-30 хувийг л худалдан авч чаддаг байсан бол “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр түү хий эдийнхээ 60-70 хувийг “бөөгнүүлдэг” болсон нь том амжилт. Ингэснээр нэг кг түүхий ноолуур 3-4 жилийн хугацаанд 50 000 төгрөгөөс 200 000 болж өссөн. Энэ нь малчдын орлогыг өсгөсөн бодит үзүүлэлт. Хөнгөлөлттэй зээлийг үр дүнгүй, монопол үйлдвэрлэгчдэд л ашигтай гэх нь өрөөсгөл. Энэ бол салбарын хөгжлийг бүхэлд нь дэмжсэн томоохон дэмжлэг болдог” гэлээ. Тэгвэл ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн “Хөнгөн үйлдвэрийн салбарт ялангуяа ноолуур боловсруулах чиглэлд олон ажлын байр бий болж, таван жилийн өмнө 80 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж байсан бол 2025 онд 371 сая.долларт хүрсэн. Төрөөс үндэсний үйлдвэрүүдэд олгож байгаа эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкаар дамжуулж, шаардлага хангасан компаниудад олгодог. Ингэснээр эрсдэлийг бууруулж, зээлийн эргэн төлөлтийг сайжруулдаг. Түүнчлэн яамнаас зээл олгодоггүйг ойлгох хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаар дамжуулж зарим зээлийг өгдөг. Тус сан 2009 оноос хойш нийт 9272 зээлдэгчид 1.1 их наяд төгрөгийн зээл өгсөн юм билээ. Үүнээс 7978 буюу 86 хувь нь зээлээ бүрэн барагдуулсан. Энэ жилийн эхний хагасын байдлаар тус санд 1290 гаруй зээлдэгч бүртгэлтэй байгаагаас дийлэнх нь зээлээ хугацаандаа хэвийн төлж байна. Харин 274 зээлдэгчийн зээл “муу” ангилалд багтсан нь нийт зээлдэгчийн ердөө 2.9 хувь. Өөрөөр хэлбэл, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон зээлийн 50 орчим хувь нь найдваргүй, зээл зорилтот бүлэгтээ хүрдэггүй, монопол компаниудад л ашигтай гэсэн ойлголт ташаа шүү” гэв.
МАЛЧДАД НООЛУУРАН ХУВЦАС ХУДАЛДАН АВАХ БЭЛ АЛГА
Ноолуур үнэ цэнтэй бүтээгдэхүүн. Малчдын орлогын цөм болж, үйлдвэрлэгчдийг “өөд нь татаж”, манай улсын нэрийг дэлхийд танилцуулж байгаа брэнд мөн үү гэвэл мөн. Гэхдээ дээр дурдсанчлан кг нь 50 000 байсан ноолуур 200 000 төгрөгт хүрч, малчдын амьжиргаа дээшилсэн гэдгийг ямар шалгуур, үзүүлэлтээр дүгнэж байна вэ. Баруун аймгуудад өнгөрсөн хавар ноолуур 200 000 хүрээгүй, 130-150 мянган төгрөгт л хэлбэлзсэн. Нөгөө талаас түүхий эдийнх нь үнэ өссөн ч амьжиргааны суурь зардал нэмэгдсэн, инфляц өссөн, шатахууны хомсдол зэргээс шалтгаалан тогтмол бус орлоготой малчдын амьдралд дэвшил бараг алга. Хэдийгээр нэг л айлын жишээг дээр дурдсан ч, манай улсын хүн амын 30 орчим хувь нь ядуу, цалин орлого багатай гэдэг статистик өөрчлөгдөөгүй. Мөн ноолуурын томоохон үйлдвэрүүд Улаанбаатарт байрладаг, орон нутаг, аймгийн төвд үйлдвэр байхгүй. Сумуудад түүхий эд бэлтгэх, анхан шатны тордлогоо хийх нэгж байгуулна гэсэн нь биелээгүй. Малчид ноолуураа компаниудад, ченжүүдэд шууд тушаасан хэвээр. Орон нутагт ажлын байр байхгүй, үйлдвэрлэл хөгжөөгүйгээс ажилгүйдэл их, амьжиргаа бүхэлдээ сайнгүй. Ноолуурын үйлдвэрийн эзэн Хөдөлмөрийн баатар болж, хэдэн арван тэрбумын зээл авч, хөрөнгө бүтээж байхад малчдын олонх нь ноолууран цамц авах ч бэлгүй, хэрэглээний ойлголтгүй байгаа нь үнэн. Энэ янзаараа байвал монгол малчид тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тогтолцооны хамгийн доор байрлаж, бэлтгэн нийлүүлэгч төдийгөөр л амьдрах нь. Тогтолцоог илүү сайжруулж, орон нутагт үйлдвэр байгуулахад анхаарч, ноолууран бүтээгдэхүүн гаргахад шаардлагатай жижиг эдлэл, будагч бодис зэргийг дотооддоо үйлдвэрлэдэг болбол эл салбарт томоохон ахиц гарна. Одоо бол хөлждөггүй малчид, импортын хамаарал бүхий хөгжиж гавьдаггүй үйлдвэрүүдтэй л байна.
С.Дулам