Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулан ажиллуулж буй. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа “Дулаанбаатар” аяны явцтай парламентын дарга өнгөрсөн бямба гарагт танилцлаа.
Тэрбээр Чингэлтэй дүүрэгт ажиллахдаа “Гэр хорооллын иргэд өдөрт дунджаар 4-6 цагийг гал түлэх, мод хагалах, ус зөөх зэрэг хүнд хөдөлмөрт зарцуулж байна. Үүнийг хөнгөвчилснөөр сурч боловсрох, ажиллахад, гэр бүлдээ илүү их цаг зарцуулах боломж нээгдэнэ. Гэр хорооллынхонд заавал орон сууц амлахгүйгээр хашаандаа тав тухтай, сайхан амьдрах боломжийг төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор бүрдүүлэх нь бидний үндсэн зорилго” гэв.
Дулаалга хийгээгүй гэр, амины сууцыг хэчнээн өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологиор халаалаа ч энэ нь цоорхой хувинг усаар дүүргэхтэй ижил бөгөөд хамаг дулаанаа гадагш нь алдаж, эдийн засгийн маш их хохирол дагуулдгийг “Дулаанбаатар”-ынхан хэлэв. Тиймээс утаагүй, эко өрх болох хамгийн эхний алхам нь гэр, байшингаа дулаалах гэнэ.
Хувийн хэвшлүүд гэр болон амины орон сууцыг дулаалах технологийн маш сайн шийдлүүдийг сүүлийн үед санал болгож эхэлжээ. Гэр, сууцыг стандартын дагуу дулаалснаар халаалтын зардлыг 60-70 хувиар хэмнэх боломжтой. Үүнийг шөнийн тарифын хөнгөлөлттэй хослуулснаар нүүрс худалдан авдгаас ч бага өртгийг цахилгаан болон халаалтад зарцуулах боломжтойг мэргэжилтнүүд тооцсон байна.
“Дулаан шийдэл II” болон “Чип” төслийн хүрээнд өрхийн дулаалгын зардлын 50-60 хувийн санхүүжилтийг буцалтгүй хэлбэрээр иргэдэд олгож эхэлсэн нь маш том давуу тал, бодит дэмжлэг болж байгааг чингэлтэйчүүд онцолжээ. Одоогоор эдгээр төслийн хүрээнд нийслэл болон орон нутагт 7000 гаруй өрх дулаалгын хялбар шийдлийг амжилттай нэвтрүүлж, нүүрсний хэрэглээгээ бууруулан, дотоод орчны агаарын чанараа сайжруулжээ.
Н.Сувд