Шатахууны нийлүүлэлт, нөөц хангамж хэвийн байгаа ч аж ахуйн нэгжүүд хязгаарлалттай олгож, иргэдэд төвөг чирэгдэл учруулж буйг өнгөрсөн баасан гарагт болсон шуурхай штабын хурлын үеэр Ерөнхий сайд шүүмжиллээ. Тэрбээр газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахуун түгээх станцаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг анхааруулсан. Харин шатахууны хангамж, нийлүүлэлт хариуцсан төрийн байгууллагынхныг үүний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
Тэрчлэн гааль, төмөр зам, нефтийн компаниуд, шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт тогтмол хийж, шаардлага тавьж буй иргэдтэй уулзан, хилээр оруулж ирсэн шатахууныг ямар компаниудад, хэрхэн хуваарилж байгаа талаарх мэдээллийг үнэн зөв тайлагнахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд даалгаад, төрийн байгууллагынхныг чиг үүргийн ажлаа оновчтой, шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон юм. Мөн шатахуун түгээх станцуудаас олгодог талоны асуудлыг цэгцлэхийг Монополын эсрэг газрынханд даалгасан. Мөн газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагынхантай бүрэн ойлголцолд хүрвэл Засгийн газраас хуулийн төсөл батлуулж, шатахуун нийлүүлэгчдэд тодорхой хугацаанд татаас олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр илэрхийлэв.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж тасалдаж, ямар нэгэн байдлаар доголдсон тохиолдолд АИ-92 бензиний нэг сарын хэрэглээ 75 000-80 000 тоннд хүрч өсдөг гэнэ. Харин өнгөрсөн сард улсын хэмжээнд энгийн үеийн хэрэглээний түвшинд буюу 64 573 тонн шатахуун импортолсон гэж салбарын яамныхан танилцуулав. Энэ сард ОХУ-ын “Роснефть” компаниас 57 000 тонн АИ-92 бензин, 94 300 тонн дизель түлш, 5000 тонн онгоцны түлш, “Нефтехимисервис”-ээс 30 000 тонн энгийн дизель түлш, “Газпромнефть”-иэс 1000 тонн Евро-5 ангиллын АИ-92, 5000 тонн дизель түлш авахаар тохиролцжээ. Түүнчлэн БНХАУ-аас 8000 тонн Евро-5 ангиллын АИ-92, 1000 тонн АИ-95 бензин, 10 000 тонн Евро-5 ангиллын дизель, 1000 тонн онгоцны түлш, БНСУ-аас 12 000 тонн Евро-5 ангиллын АИ-92 худалдан авах урьдчилсан захиалга хийсэн байна.
Ж.Сувд