Цаг уур, орчны шинжилгээний газрынхан Дэлхийн болон БНСУ-ын Цаг уурын байгууллагынхантай хамтран Монгол Улсын нислэгийн цаг уурын үйлчилгээг сайжруулах, орчин үеийн түвшинд хүргэх техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлж дууссанаа өчигдөр мэдээллээ. Төслийг энэ оны наймдугаар сараас эхлүүлж, богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүний хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хөөрч, буух зурваст 250 мянган ам.долларын өртөг бүхий цаг уурын автомат ажиглалтын нөөц систем суурилуулсан аж.
Дэлхийн цаг уурын байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтад олон улсын “Campbell scientific limited” компани шалгарч, нисэх буудлын хөөрч, буух зурвасын R11, R29 талбайг цаг уурын иж бүрэн системээр тоноглосон гэнэ. Тухайлбал, салхины зүг, хурдны ультрасоник мэдрэгч, алсын барааны харагдац, RVR, гэрлийн болон агаарын температур, цаг агаарын бусад аюулт үзэгдэл тодорхойлогч, GPS цаг тохируулагч зэргийг суурилуулсан нь манай улсын цаг уурын сүлжээнд шинээр нутагшиж буй дэвшилтэт технологи юм байна.
О.Оргилох