Архангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байранд уржигдар гал гарчээ. Тодруулбал, тус сургуулийн Мэдээлэл зүйн танхимд гал гарсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, унтраасан байна. Ажлын бус цаг таарсан тул сурагчид, багш, ажилтнууд эрсдэлд өртөөгүй, бэртэж гэмтсэн хүн байхгүй аж. Галын шалтгаан, нөхцөл болон хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Орхон аймагт дөнгөж ашиглалтад оруулсан “Consul complex”-т гал гарсан тухай дуудлага өчигдөр 08.26 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын харьяа 56, 81 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан гэнэ.
Хүйтний улирал эхэлж, галлагаа болон цахилгааны ачаалал нэмэгдэж буйтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, боловсролын байгууллагууд цахилгааны шугам сүлжээний бүрэн бүтэн байдлаа шалгаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
Э.Сүйлэн